Азарганы явдал
Дуг нойрон дундаа байхад минь хэн нэгэн нь хучлага хуулаад,
Үд болтол унтаад
Үхрийн дуунаар сэрээд
Үер болтол шээгээд… гээд л ичиглэн шоолоход нь үсрэн босвол хэн ч алга. Гэртээ ганцаараа л унтаж байж. Зүүдэлсэн юм байх даа… гэж бодуут нэгэнт сэрснийх босон харайж гадаа гарвал, өглөөний нар өлмий дороос цухуйх мэт улааран шаргалтсаар мандаж байлаа. Нар өөд харж чадахгүй нүдээ анивчин зогсоод шээж байвал “Хөөе чи нараад шээгээд яаж байгаа юм бэ” гэх чимээ гэрийн ард гарсанд нойрмоглохдоо, хэн хэлж байгааг ч танилгүй, сандран шээсээ таслаад гэр рүүгээ гүйж үүдэндээ иртэл бадиатайгаа халз тулгарав. Ах гадуур яваад ирж байсан юмсанж. Арайтай л мөргөлдсөнгүй зогтустал ах “Миний хүү одоо л босож байгаа юм уу” гэхэд нь би,
-Тийм… сая сэрээд гэсэнд ах,
-Өө миний хүү, нараад харж, битгий шээж бай. Өдрийн ажил бүтдэггүй гэдэг юм гэж сануулснаа, би бага Лаглай дээр гарч адуугаа харчихаад, хонь эргүүлчихээд ирлээ. Манай хонгор азаргатай адуу Сумтын зүүн хажууд харагдана. Мөд ус руугаа наашаа явахдаа, Шорвогийн хонхроор дайрч шаварт орчих вий, нуур нь бараг ширгээд лай, шавар нь ёстой нэг малын хавх болж билээ. Миний хүү ундаа уучихаад шалавхан морд. Адуугаа зөөлхөн туугаад Шорвогийн хонхороод оруулалгүй туугаад ир. Бадиа нь хонь усандаа ирвэл услаад байж байя гэв.
Манай Бадиа энэ хавраас л, хонь хурганаас хэтэрдэггүй, гэр хороонд ойр байдаг намайг “Миний хүү, хонио эргүүлчихээд адуундаа яваад ир. Хаа холдоож, Гурван тойром руу л ороо биз” гэх юм уу заримдаа “Манай тэмээ шар талд байснаа харагдахгүй боллоо. Ихбаянгаад орсон байх. Миний хүү яваад тэмээгээ туугаад ир” гэдэг боллоо. Бодвол намайг том болж байна гэсэн үг байх даа гэж бодоход урам сэргэнэ. Миний үеийнхэн, Агааны магааны энэ тэр уурга суналзуулаад адуунд давхиж байхад би хоёр бургас залгасан урт шилбүүрээ хонины уурга гэж нэрлэдэг мөртөө түүгээрээ эр хонь уургалан газар гуядуулж алдаад урвайчихсан зогсож байдаг. “Ийм эр хүн гэж байх уу ер” гэхчилэн бодоод олмоо гайгүй чангалж уурган шилбүүрээ тулаад, хээр үрээндээ алавхийн мордох зуурт Бадиа маань “Миний хүү дөмөгхөн давхиад яваарай” гэж захив. Хэрдээн л яарсаар яваад адуун дээрээ очвол, манай адууны цаахна хүрэн зээрд голдуу хэсэг адуу байна. Намжил гуай л адуу шиг байна. Агааны найз маань давхиад ирдэггүй л байх даа. Ирвэл намайг хонины бэлчээрээс холдоод адуунд мордохтой болж сүрхий байна гэх байлгүй гэсэн шиг бодоод адуугаа хунивал, манай нэг хонгор байдас тэдний адууны наад талд зогсож байснаа ижлээ хөдлөхтэй зэрэг гэнэтхэн наашаа ухасхийсэн чинь их дэлтэй том хүрэн азарга хүзүү сунган давхиж ирээд хөөгөөд явчихав. Тэгсэн ч би өөрийнхөө юмыг авахгүй яахав. Ганцаарангий нь салгаж ер болдоггүй. Байдас маань ч аймхай, хүний азарга ч хэрцгий юм. Би дундуур нь орвол азарга чихээ хулмайлган давхиж ирээд л элдээд явчих юм. Миний мод гозгонуулан хашгирахыг хараад хүний урманд хяламхийж дальдрахгүй шүү. Чихээ хулмайлган давхиад бүр дайрах янзтай болсноо жаахан холдоод агаарт хий тангаран бүр ч сүрийг үзүүлэх болов. Би цөхрөөд өөрийнхөө адууг туугаад ирвэл манай азарга байдсаа булаагаад авах байх. Би ч элбэе гэж бодов. Тэгээд гэр рүүгээ чиглэн цаашилж байгаа адуугаа эргүүлэхээр очвол манай хонгор азарга ердөө тоосон янзгүй, айлын адуу руу хаа нэг хяламхийж харчихаад ногоо зулгаан ажиг ч үгүй зогсож байх юм. Өөрийнхөө үр төлийг хүний азарганд хоригдоод ижилдээ ирж чадахгүй байхад нь давхиж очоод хэд сайн өшиглөчихөөд аваад ирдэггүй хаашаа ч амьтан бэ дээ энэ чинь гэж би халаглаад, адуугаа эргүүлээд туух гэсэн чинь, юу вэ манай азарга гэнэтхэн шал өөр болж адууныхаа өмнө давхиж гараад, дэлээ босгон хөндөлдөж, урагшлах гэсэн болгоныг хазаж хайран ганц ч алхуулдаггүй шүү. Намайг уурга гозгонуулж сүр үзүүлэхэд үл тооно. Гайхшран зогсоод энэ тэрийг харж байвал манай адуунд бас нэг хүрэн байдас нийлчихсэн бүдүүн гүүнүүдэд хажиглуулаад өрөвдөлтэйеэ зогсож байна. Би адууныхаа энд тэнд гарч хашгичаад тийш нь дөхүүлэх гэж оролдлоо. Тэгтэл айлын азарга адууныхаа наана хөндөлдөн, газар үнэрлэн цавчлаад л их адгаж байх янзтай. Байдал нь яаж ч уралцсан бэлэн гэсэн янзтай харагдана. Нэг их зодоон болохнуу гэж бодохоос бас айдас хүрэх шиг. Гэтэл манай хөгшин хулагч гүү, нэгийг мэдсэн янзтай эргээд явсанд бусад даага шүдлэн, үрээ байдас дагаад л цувчихлаа. Би гэдэг бүтэлгүй амьтан адууныхаа хойноос гэлдрэн энэ тэрийг бодож явахад, бид л хүн малгүй, дорой номойдоо бусдад дарлуулж байх шиг санагдан цухалдаж байгаад нэг харахнаа, Шорвогийн хонхор руу орж явна. Сандраад “Хайя, хүйе” гээд л байдгаараа чанга хашгирсанд адуу толгойлдог хулагч гүү огцом зогстол бусад нь дуурайгаад яг л газар шаасан гадас шиг зогсоцгоов. Намайг адууны хажуугаар шогшоод иртэл хулагч гүү хяламхийж харснаа нуурын зүүн талаар даялаад худаг руугаа чиглэн хөдлөв. Энэ хулагч гүү бол манай өвгөдийн адууны удам, олон унагалсан буянт мал учраас дураар явах эрхтэй амьтан гэж ах маань их хайрлана. Ахаас бусад нь бол “Адуу дагуулдаг хөгшин гүү, айл толгойлдог хөгшин авгай хоёр шиг дураараа амьтан алга” гэж ад үзэх янзтай ярина. Тэгэхдээ, манай хулагч гүү бол хэлбээс хэлэв, хонгор азарганаас ч илүү эрх мэдэлтэй шиг санагдана.
Хулагч гүү их амгалан. Ухаа нь, усандаа ирээд адуутай дарвин онгоц руу дайрлахгүй, тэрээхэнд тэднийг хараад, биенээ хазаж хайрч бачимдаж байхаар цуварч очоод тайван шиг уудаг болоосой гэж төвөгшөөсөн янзтай эвшээгээд зогсож байна. Адууны олонхи нэг хэсэг дайрлаж байж ууж ханаад гэдэргэлэхээр л онгоцонд дөхөж, том адуунаас айгаад худагт ойртож чадахгүй байсан унага даага мэтийг дагуулан ирж их цангасан янзтай ус хэд сүрхий залгилснаа, хамраараа ус год хийхээр жаахан амсхийгээд тайван ууж ханахаараа шууд бэлчээр рүүгээ явна. Түүнийг хүлээж байсан бусад нь дагаад хөдөлнө. Хэрэв энэ үед ус ууж ханасан хэсэг адуутайгаа хонгор азарга баруун тийш бэлчих санаатай захдаж байх агшинд зөрүүд, зоргоороо хулагч гүү маань тэрээд чинь явахгүй гэсэн шиг хойт зүг рүү хөдлөх юм бол сүргийн манлай нэг харчихаад л адуугаа эргүүлээд араас нь дагана. Харин адууны эзэн, адуугаа зүүн тийшээ явуулна аа гээд хашгирвал хулагч гүү тэр зүг рүү нь эргээд л явна. Тэрхүү сурсан зангаараа энэ удаа ч намайг бачимдан хашгирахаар шууд ус руугаа эргэсэн хэрэг байх. Даанч зоримог явсан юм. Ер нь ингээд адуу эзнийхээ үгийг дагаж байх нь аятайхан боловч хүний үг, хэл мэдэхгүй энэ адгуус яагаад санаагий минь ойлгож байгааг гайхан гайхсаар Шорвогийн нуурыг харав. Ус нь энэ хаврын халуун салхинд хатаж ширгэсэн бололтой хужир ургасан цагаан тойром харагдана. Тэр тойрмоор л нэг малын яс хэрзийн цайрах агшинд өөрийн эрхгүй харамсал төрнө. Хайран мал маань балга давстай ус залгих гэж энээд ирж амиа алдаж дээ гэж бодоход бүр ч их хар бууна. Намайг мэдээ ороход л настайчуул “Шорвогийн хонхор малд халгаатай. Хужирссан, цангасан мал нэг хөлөө л хүргэвэл татаад авчихна. Манай нэг хөгшин ат ганцхан хөлөө гишгээд, түүнээ авч чадахгүй оролдсоор байгаад ядарч үхсэн, хөөрхий минь. Мал байтугай нохой зовлого идэх гэж очоод шаварт соруулж үхсэн байсан” гэхчилэн ярина. Бас нуурын хөвөөн дээр үдэш оройн цагаар үнсэн саарал нүцгэн хөх өвгөн шавраар нүүрээ угааж суудаг гэж айлгана. Харин манай Бадиа тоохгүй “Хүн тэгж ярьдаг л юм. Би түүгээр өглөө үдэш, эрүүл, согтуу зөндөө л явсан, юу ч харагдаагүй. Шавар, намаг нь л сүрхий болохоос түүний давс шорвог нь малд сайн шүү. Хэн мэдлээ дээ, нэг их алт эрдэнэс агуулсан газар болохоор нь урьдын улс түүнээ, харийн хүнээс нуугаад буг чөтгөр зохиогоод амьтныг айлгаж байсан байж ч мэднэ. За юу ч гэсэн, миний хүү хонь малаа л хол байлга” гэж захьдагсан. Тийм аймаар юм сонссоноос хойш би нуурыг үзээгүй байхдаа л айдаг байлаа. Яваандаа хонь, хурга хариулж, адуу, үхэр эргүүлэхтэй болоод тэр хавиар явахдаа нуурын барааг хармагцаа л цочин хэрдхийж, хаа хамаагүй газраас хонийг маань сорчих юм шиг бодогдон эргүүлээд хөөж холдуулдагсан. Өнөөдрийн хувьд ч хүн айх юм алга л байна. Нуурын хойт хөвөөний нэг муу алдарсан бууцны дэрс нь хатаж гандаад хөх хожуул болоод энэ рүү ч мал очих байтугай нохой шиншихгүй болж дээ гэсэн шиг бодсоор нэг сүрхий эрийн дүр үзүүлэн уурга гозгонуулсаар адуугаа хөөгөөд Урсагынхаа усан дээр хүрээд очив. Бадиа маань, худгийн онгоцыг усаар мэлтийтэл дүүргэчихсэн, намайг хүлээгээд уйдсан янзтай цахилдгаар янз бүрийн уяа зангилаа хийж тоглосон шигээ сууж байлаа. Би ч уурган шилбүүрээ газар хаясан шиг мориноосоо хэвлүүхэн л буулаа. Ахыг “Ээ хүү минь, яасан удаан явдаг юм бэ дээ” гэж цөхөрсөн янзтай дуугарахаар нь, намайг хүлээн залхаж, би ч удаж гэж бодоод, өөрийн хүний адуугаа ялгах гэж оролдоод чадалгүй ирлээ гэж гэмшин хэлтэл Бадиа “Өө эцс, тэгээд удаа юу. Нэгэнт нийлсэн юмыг тэр зөнд нь орхихгүй дээ. Өдийний азарга яалаа гэж байдсаа явуулах вэ” гээд тоосонгүй. Миний урам хугарсхийсэн боловч “Хайран байдсаа тэгээд айлд зүгээр өгчих юм уу” гэсэнд Бадиа “Азарга мэдсэн хэрэг ээ” гэснээ, гүй ээ, энэ чинь манай азарга золбоотой болохоороо хоосон хоцроогүй байгаа биз дээ гээд инээв. Би ч санаснаа хэлье гэж бодоод, сая наашаа явж байгаад эргээд харсан чинь, манай хонгор байдас, олон бараан адуун дунд байгаа нь баахан хар ямаан дотор ганц цагаан хонь байх шиг тод харагдаж байна лээ, хүний азарганы эрхэнд орж, ижлээсээ салж байгаагий нь хараад хачин их өрөвдлөө гэсэнд ах инээвхийлээд “Одоо яахав даа, адууны ёс тийм юм чинь” гэв. Би энэ үгийн учрыг олох гэж жаахан бодоод, чадахгүй болохоороо, том хүнийг дуураймаглаж, хн гээд толгой сэгсэрсэнд Бадиа маань над руу хяламхийсэнээ, энэ чинь харин ганцхан адуунд л байдаг ёс юм шүү. Миний хүү аяндаа мэднэ дээ. Адуу ер нь бусад адгууснаасаа илүү ухаантай, хүнээс нэг их дутахгүй гэж миний хэлдгийн учир ердөө л энэ. Адуу даанч юм хэлж чадахгүй юм даа гэж цаанаа л нэг харамссан өнгөөр хэлэв. Энэ явдлаас, хойш хэд хоногийн дараа хонио хариулаад явж байтал, азарга шиг хул дэлтэй шарга морьтой хүн давхиад ирж байх нь Амгаасэд байв.
Надаас хэд гуравхан ах боловч эртээдхэн уулзсанаас хойш улам хүдэр, бадир болсон шиг харагдана. Сүм хөх бүрдний орчинг бүрхсэн хэдэн зуун шарга голдуу адуутай, зун гүүгээ барихдаа долоон эгнээ урт суран зэл татдаг Цэдэн-Иш баяны хүү. Гүүгээ бариад сааж эхлэхэд нь анхны унага татаад цаашлан явсаар сүүлийн зэлний унага тайлахад хамгийн түрүүчийн гүү саах болчихсон байдаг гэж ах нар ярьдагсан. Хаа нэг Бадиагаа дагаад тэднийд очиход тос нэвчсэн том том ширэн хөхүүртэй айраг сагаад л, адууны харцуул, айраг найрынхан дуулж, хуруудаж, дэмбээдэж, дуу шуу ихтэй байхыг хараад эдэнтэй суудал зэрэгцэн суух юмсан гэж энэ ойрд бүтэхгүй юм мөрөөддөгсөн. Амгаасэд том цагаан шүдээ яралзуулан инээсээр хүрч ирээд “За аятай юу” гэж мэндлээд “Хонь тогтож байна уу” гэж асуун буув. Би ч бас ихийн шийр зааж хариу мэнд мэдээд “Адуу бүрэн үү, Аятай тавтай юу. Хаана зорьж явна вэ” гэсэнд мань хүн “Хэдэн сувай адуу тасраад алга. Азарга ялгачихсан хэдэн байдас яваа юмсан. Хүний азарга хөөгөөд явчихав уу, яав. Танай энүүгээр усанд ирээгүй биз” гэж сураглав. Би дэл сул адуу хараагүйгээ хэлэнгүүтээ “Азарга байдас ялгасан” гэхтэй зэрэг сэрдхийж “Манай нэг байдсыг Намжил, Бавгатаны азарга тасдаж авсан байхаар нь салгаж авчрах гэж би бүр ядлаа. Ямар хэцүү юм бэ, чадаагүй шүү. Өөрт нь өчнөөн юм байхад хүний юманд шунаад яаж байгаа муу адсага вэ” гэсэнд мань эр инээгээд,
-Тэр тэгнэ ээ. Тэднийх авсан биш, танайх үр төлөө тасдаж өгсөн ч байж мэднэ. Айл юм өгч байхад авалгүй яахав гэхэд нь би үгийг нь тасалж,
-Үр төлөө таслах гэнэ үү гэж лавлавал Амгаасэд,
-Азарга чинь өөрийнхөө үр төлийг хураадаггүй юм аа. Тэгээд л танай азарга байдсаа ялгахгүй юү дээ. Адуу ухаантай амьтан болохоор илүү дутуу авах, өгөх гэж шунахгүй. Гурван байдас ялгасан бол хоёрыг, дөрвийг авахгүй гурвыг л авна. Манай хэдэн байдсыг ч эцэг нь ялгаснаас болж нэг тийш явчихлаа. Нутгийнхаа малд нийлсэн бол ч олдоно. Харин энд тэндхийн отор, нүүдлийнхний адуунд сарничихвал нохойн замаар орно шүү. За хө, үг олдож, үхэр холдлоо гэдэг бол амтгүй ярианаас болж адуу явчихлаа. Эртхэн хайж хяр дээр гаръя гээд босов. Хэзээ ямагт хэлэх үгээ хянаж, хийх ажилдаа хэрсүүлж явдаг Амгаасэдийг явмагц эргэцүүлж ээ байвал би гэдэг амьтан ухамгайгүй болоод л ухаараагүй болохоос түрүүнд Бадиа маань “Энэ чинь ёсоо дагадаг азарганы явдаг аа. Тэр мэдсэн хэрэг” гээд тодорхой хэлчихсэн байхад, хүнээс асууж мангартах ч хэрэггүй байж ээ гэж бодов.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.ЗАНДРААБАЙДИЙ
URL: