Нийгэмд хүлээлт үүсгэсэн “үлгэрүүдийн цомог“
- ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ ХЭЗЭЭ БҮРЭН БҮТЭН БОЛЖ ХЭРЭГЖИХ ВЭ –
Хоёр сар гаруйн өмнө батлагдсан ч Ерөнхийлөгч авлига, албан тушаалын хэргийг өршөөлд хамруулж болохгүй гэж хэсэгчлэн хориг тавьсан Өршөөлийн хууль нийгмийн нэгээхэн хэсэгт асар их хүлээлт үүсгээд байгаа юм. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярьж байгаа ч эцсийн шийдэлд хүрэлгүй, УИХ дахь нам эвслийн бүлгүүд ээлжлэн завсарлага авсаар өнөөдрийг хүртэл хүлээгдэж байна. Мөн дээрх хуулийг ил тод нээлттэй эсвэл хаалттай хэлэлцэх талаар ч хууль тогтоогчдын дунд маргаан явж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөж, авлигачдад бууж өгөх юм бол парламентат ёсонд итгэх иргэдийн итгэл нурж, үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлнө. Иймээс ард түмэнд ил нээлттэй хэлэлцэх ёстой” гэж өөрийн болон МАН-ын бүлгийн байр сууриа илэрхийлсэн байна.
Өнөөдөр манай улсад 6600 гаруй хүн ял эдэлж, эрх чөлөөгөө хасуулан торны цаана сууж байна гэсэн тоо бий. Өршөөлийн хууль хэрэгжиж эхэлснээр амьдралдаа санаатай, санамсаргүй байдлаар алдаа хийсэн 2500 орчим хүн суллагдаж, нарны дор эрх чөлөөтэй амьдарч, аав ээж, амраг хань, алдрай жаахан үрстэйгээ хамт аж төрөх амар амгалангийн замыг олох боломжтой. Өршөөлийн хууль нь байнга гараад байдаггүй, хуулийн үйлчлэл нь цаг хугацаатай төрийн онцгой энэрэл, нигүүсэл бөгөөд алдаж эндсэн хүнд сургамж, өөртөө дүгнэлт хийж ухаарах боломж олгодог хууль эрх зүйн чухал баримт бичиг юм. Гэтэл үүнийг хэн нэгэн хүнд зориулсан, баахан гэмт этгээдийг чөлөөлж нийгэмд оруулж ирэх гэсэн ажиллагаа мэтээр тайлбарлаж, олон нийтийг айдас хүйдэст автуулах нь хэнд хэрэгтэй юм бэ. Энэ нь хуулийн хэрэгжилтийг хойшлуулж, хэн нэгнээс өшөө хорсол авах гэсэн явуургүй ажил гэж олон нийт харж байна.
Энд мэдээж Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёрын асуудал яригдаж байгаа хэрэг. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат хуульч Ц.Шаравдорж нэгэн ярилцлагадаа, “Ерөнхийлөгч та арай дэндэж байна. Таны зуулт халдлагад өртөж байгаа Н.Энхбаяртай тооцоо хийх гэж буй бол үүндээ энгийн олныг бүү хамруул. Эсвэл болдог юм бол энэ хууль Н.Энхбаяр гэдэг хүнд хамаарахгүй гээд шууд хэлж, заагаад өгчихгүй юу” гэсэн нь дээрх зөрчлийг тодорхойлсон явдал байлаа. Хэн нэгнийг гудамжинд зүв зүгээр алхаж явахад нь барьж аваад торны цаана хийчихдэг хууль эрх зүй манайд байхгүй.
Тиймээс одоо хорих газарт ял эдэлж байгаа хүмүүс ямар нэг хэмжээгээр нийгмийн амьдрал, хувь хүн, төрийн өмчид хохирол учруулсан л байж таарна. Гэвч тэднийг хугацаанаас нь өмнө суллах нь нийгмийн сэтгэл зүйг зөөллөх, төрдөө итгэл итгэл үнэмшлийг төрүүлэх наанадаж айл гэрийн амгалан байдал, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх олон талын ач холбогдолтой гэж үздэг юм байна. Тиймээс Өршөөлийн хуулийг нааштайгаар хөдөлгөхийг олон хүн хүлээж сууна.
-10 ХУВИЙН УРЬДЧИЛГААТАЙ ОРОН СУУЦАНД ОРОХ БОЛОМЖТ МЖТОЙ ЮУ-
Манай улсад одоогоор орон сууцанд орох хүсэл сонирхолтой 200 мянган айл өрх байна гэсэн судалгааны дүн гарчээ. Гачлантай нь, тэдний 70 хувь нь өмнө баримталж байсан журмын дагуу орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлж хүчрэхгүй гэдгийг тогтоосон байдаг. Тиймээс бүх нийтийг орон сууцжуулах бодлогын хүрээнд Засгийн газраас урьдчилгааны 20 хувийг батлан дааж, 10 хувийг нь орон сууц хүсэгчдээр төлүүлэх шийдэлд хүрсэн нь дунд ба түүнээс доош амьжиргааны төвшинд багтдаг айл өрхийн гишүүдийн магнайг тэнийлгэсэн үйл явдал болсон юм. Тэрхүү зээлийн батлан даалтад зориулан Засгийн газраас 200 тэрбум төгрөгийг гаргаж, Хөгжлийн банкинд байршуулах шийдвэрийг баталжээ.
Энэ оны гуравдугаар сарын дундуур МҮХАҮТ санаачлан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос орон сууцны урьдчилгааг 10 хувь болгох санал дэвшүүлж байсан нь ийнхүү бодит ажил болох тийшээ хандсан байна. Гэвч энэ нь амьдралд хэрэгжих нь байтугай хөрсөн дээр бодит байраа олохгүй явсаар, олон нийтийн дунд хүлээлт үүсгэсээр хагас жилийн нүүрийг үзэв. Уг нь тухайн урьдчилгаа төлбөр болон зээлд хамрагдах айл өрхийг амьжиргааны төвшний 7-15 дугаар бүлэгт багтах, тогтмол орлоготой, нийгмийн даатгалаа тасралтгүй төлдөг, орон сууцны урьдчилгаа төлбөрөө бүрэн төлөх чадвартай байх гэхчлэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлсон байгаа юм. Мөн энэ нь төрийн албан хаагч гэж явцууралгүй хувийн хэвшлийнхэн ч хамрагдаж болохоор журамласан нь сайн хэрэг.
Харин улс орны эдийн засаг хүндэрч, хөрөнгө санхүүгийн чадамж доройтсон өнөөгийн нөхцөлд ийм хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж байгаа эсэх, шаардлагатай юу үгүй юү гэдэгт олон хүн эргэлзэж, 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдах гэсэн хүмүүсийн итгэл найдварыг унтрааж байна. Тухайлбал, орон сууцжуулах ажлыг гардаж зохион байгуулж байгаа Төрийн орон сууцны корпорацийн захирал А.Гантулга, “Орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох нь зөв боловч яаж хийх арга зам, гарцаа тодорхойлох нь чухал. Өнөөгийн нөхцөлд төрөөс орон сууцны урьдчилгааны 20 хувьд батлан даалт гаргах, төдий хэмжээний хөрөнгө /200 тэрбум төгрөг/ татан төвлөрүүлэх нь юу л бол” хэмээн байр сууриа илэрхийлсэн байна билээ. Орон сууцны зээлийн хүүгээ багасгаж, урьдчилгааг хөнгөвчлөн хавтгайруулж олгосноор эдийн засгийн хямралд өртсөн АНУ-ын гашуун сургамж саяхных болохоор болгоомжлоход илүүдэх юу байх вэ. Гэвч нэгэнт амласан амлалт, иргэдийн хүлээлт байгаа учраас АН-ын Засгийн газар, саяхан ажлаа авсан Барилга хот, байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар энэ ажлыг хэрэгжүүлэхийг хичээж, “10 хувийн урьдчилгаат орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхлэхэд ойрхон байна” гэж эрхэм сайд мэдэгдлээ.
Хэрэгжиж эхэлбэл олон хүний хүлээлтийг эцэслэж, дулаан байранд тухлуулахын дээр амьдрал тэмцлийн зорилгыг нь тодорхойлж чиглүүлэх нь сайн үйлс болох биз ээ. Түүнээс наана тэтгэврийн санг ипотектэй холбох ч юм уу Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн 1300 айлын түрээсийн орон сууц барих ажлаа түргэвчилбэл олон айл өрхөд тустай ажил болохсон. Өнөөдөр зөвхөн нийслэлд 23 мянган орчим айл өрх байр түрээсэлж амьдардаг гэх судалгаа байдаг юм билээ.
Д.Болд
Unen.mn
URL: