Путин Хятадын энх тайвны шагналд нэр дэвшжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нэрийг Хятадын Күнзийн нэрэмжит Энх тайвны шагналд дэвшүүлжээ. Нэр дэвшигчдийн жагсаалтыг өнгөрсөн баасан гарагт Хятадын “Sina.com” цахим хуудсанд нийтэлсэн байна.
Уг шагналд Владимир Путинээс гадна Германы Канцдер Ангела Меркель, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннан, Хятадын хөдөө аж ахуйн нэртэй эрдэмтэн Юань Лопин, Хятадын эрх баригчдын өөрсдийнх нь тодруулсан Түвдийн буддын шашны удирдагчдын нэг болох банчин лам Жалцан Норов, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, Тайванийн улстөрч, Циньминьдан намын дарга Сүн Чүюй болон ӨАБНУ-ын Ерөнхийлогч Жейкоб Зума нарыг дэвшүүлжээ.
Күнзийн нэрэмжит Энх тайвны шагналыг 2010 онд Хятадын тэрс үзэлтэн Лю Сяобод Нобелийн Энх тайвны шагнал гардуулсны дараа анх олгодог болсон юм. Шагнал гардуулах ёслолыг Хятадын Соёлын яамны уламжлалт соёлыг хамгаалах болон орон нутгуудын салбар зохион байгуулдаг бөгөөд төрийн бус байгууллагууд болон хувийн компаниуд ивээн тэтгэдэг байна.
Тухайлбал, “НҮБ-ын Дэлхийн сан”, “Хятадын эрдэмтэд, шинжээчдийн холбоо”, “Бээжингийн Даосын уламжлалт соёлын компани”, “Цагаан морь” мөн Бээжингийн соёл-хэвлэлийн “Сыюань” компани болон “Олон улсын нэгдсэн академи” ивээн тэтгэдэг ажээ. Зохион байгуулагчдын үзэж буйгаар, уг шагналыг “дэлхийн асуудлыг шийдэхэд хятадуудын үзэл бодлыг тусгасан хүнд олгох ёстой байна.
Шагнал олгох хороонд Хятадын янз бүрийн их сургуулийн 12 эрдэмтэн ордог бөгөөд Кунзийн нэрэмжит Энх тайвны шагнал гардуулах хорооны ерөнхийлөгч нь яруу найрагч Зяо Дамо ажээ. Шагнал гардуулах ёслол Осло хотноо Нобелийн Энх тайвны шагнал гардуулах ёслол болохоос нэг өдрийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 9-нд Бээжин хотод болно. Уг шагналыг 100 мянган юань буюу 16 мянга орчим доллар дагалддаг байна.
Күнзийн нэрэмжит Энх тайвны шагнал нь Нобелийн Энх тайвны шагналын нэгэн адил эсвэл өрсөлдөгч нь биш боловч Дорнын эрх ашгийг тусгаснаараа эрс ялгаатай гэж тус шагналыг гардуулах хорооны төлөөлөгч Лю Хаофэний мэдэгджээ. Түүний хэлснээр, нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахад Хятадын шинжлэх ухаан болон урлагийн салбарын 20 төлөөлөгч оролцсон бөгөөд банчин ламыг “Хятадын ард түмний дунд харилцан ойлголцол” бий болгосных нь төлөө, Ангела Меркелийг Европын байдлыг тогтворжуулахад чухал үурэг гүйцэтгэснийх нь төлөө нэр дэвшүүлсэн аж.
Харин Владимир Путин болон Жейкоб Зума нарыг ямар шалтгаанаар нэр дэвшүүлсэн талаар мэдээлээгүй байна.
Шагнал гардуулах анхны ёслол өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон бөгөөд Тайванийн Гоминьдан намын дарга Лянь Жань Күнзийн нэрэмжит Энх тайвны шагналын эзэн болсон юм. Түүнд Тайванийг эх газрын Хятадтай нэгтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсных нь төлөө уг шагналыг олгожээ.
Гэвч Тайваний улс терч шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ирээгүй бөгөөд энэ шагналын тухай юу ч мэдээгүй гэдгээ мэдэгдэж байжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ”
URL: