Путины нэр хүнд өссөөр байна

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины ажлыг сайшаасан үзүүлэлт түүхэн дээд цэгтээ хүрч, бараг 90 хувь боллоо. Бүх Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төв өчигдөр ээлжит санал асуулгын дүнгээ нийтлүүлсэн байна. Судалгааны материалаас үзвэл Путины үйл ажиллагааг дэмжин сайшаасан үнэлэлт 89.9 хувьд хүрч, шинэ дээд амжилт тогтоожээ.

Ингэснээр 2015 оны долоодугаар сард тэмдэглэгдсэн өмнөх дээд амжилтыг эвдэж байна. Оросын төрийн тэргүүний ажил ингэтэл өндөр түвшинд үнэлэгдэж байгаа нь юун түрүүнд Сири дэх үйл явдлуудтай, алан хядагчдын байрлалуудад өгч байгаа Оросын нисэх хүчний цохилтуудтай холбоотой гэж нийгэм судлаачид үзэж байна. Энэ үйл ажиллагаа санал асуулгад оролцогчдын 26 хувийн саналаар өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал болж байсныг тэд мөн сануулжээ.

Нийгэм судлаачид тэрчлэн, Оросын төрийн тэргүүний үйл ажиллагаа өнгөрсөн жил хагас гаруйн туршид тогтмол 80-аас дээш хувийн түвшинд байгааг сануулж байна. “Крым, Севастополийг Оростой эргэн нэгтгэсэн 2014 оны хавраас эхлэн Путины рейтинг өсч эхэлсэн: 2014 оны гуравдугаар сард дунджаар – 76.2%, 4 сард – 82.2%, 5 сард 86.2%-иар тус тус үнэлэгдэж байсныг Оросын олон нийтийн санаа бодлыг судлах төвийн сайтад харуулсан байна.

Оросын 46 муж, хязгаар, бүгд найрамдах улсын 130 хот сууринд 1600 хүнийг хамруулж энэ сарын 17-18-нд явуулсан санал асуулгын дүнгийн статистик ташаарал 3.5 хувиас хэтрэхгүй гэж байна. Энд дурдахад, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн наймдугаар сард Владимир Путиныг дэлхийн хамгийн нэр хүндтэй удирдагч гэж нэрлэж байсан. Орос улсын бие даасан бодлого үүний шалтгаан гэж сайд энэ дүгнэлтээ тайлбарлаж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих