О.Гүндэгмаа финалд өрсөлдөнө

Польшийн Вроцлав хотноо болох олон улсын буудлагын “Дэлхийн цом”-ын финалд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа эх орноо төлөөлөн оролцохоор болсон билээ.

“ISSF” буюу Олон улсын буудлага спортын холбооны урт буу болон гар бууны төрлийн 2011 оны “Дэлхийн цом”-ын финалын тэмцээн энэ сарын 18-24-ний өдрүүдэд явагдах юм. Энэхүү “Дэлхийн цом”-ын цуврал тэмцээнүүдэд тухайн дасгалдаа өндөр амжилт гаргасан тамирчид дэлхийн шилдгүүдийн хамт өрсөлдөх эрхтэй болдог билээ. Тиймээс Монгол Улсаас дэлхийд чансаагаараа наймдугаарт эрэмбэлэгддэг, Бээжингийн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хошой хүрэл медальт “Алтай констракшн” компанийн тамирчин О.Гүндэгмаа шигшигдэн дэлхийн аваргуудтай өрсөлдөхөөр болжээ.

Тэрбээр урт буу, гар бууны төрлөөр онч мэргэнээ сорих юм. “Дэлхийн цом”-ын, финалын спорт гар бууны эмэгтэй төрөлд манай тамирчин ОХУ, Гүрж, БНХАУ, Украин, Болгар, Чех, Энэтхэг зэрэг орны шилдгүүдтэй аваргын төлөө өрсөлдөнө.

Н.Оюундалай


URL:

Сэтгэгдэл бичих