Монголд хамгийн хямдхан “тээгч эх” байдаг уу…

Анагаах ухаанд “тээгч эх” гэдэг нэрийг хэрэглээд удаагүй байна. Энэ нь үр заяах боломжгүй эмэгтэйн өндгөн эс, эрэгтэйн бэлгийн эсийг биедээ суулгаж жирэмслэх замаар хүүхдийг нь төрүүлж өгдөг. Энэтхэгийн эрүүл биетэй эмэгтэйчүүд ийм аргаар мөнгө олж, бусдад туслах явдал их байгааг олон улсын хэвлэлүүд онцолж байсан. Монголд ч ийм зүйл байгаа нь нууц биш болж байна.

Сүүлийн үед анагаах ухааны энэхүү шийдэлтэй төстэй ийм төрлийн гэмт хэрэг гарах болжээ. Үүнийг мөн л “тээгч эхээр ашиглах” гэж албаныхан тодорхойлсон. Нэг үгээр хэлбэл, монгол хүүхнүүдийг жирэмслүүлж нутагтаа аваачаад хүүхдийг нь төрсөн хойно цагаачлалын цагдаа нартаа барьж өгч нутаг буцаадаг шинэ төрлийн гэмт хэрэг гарах болжээ. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт хоёр жилийн өмнөөс ийм гэмт хэрэг бүртгэгдэх болжээ.

“Тээгч эх”-ийн тухай ойлгот нийгэмд янз бүрээр тархсан. “Х Түц” продакшн “Танхай тээгч” гэдэг уран сайхны кино бүтээж, энэ оны эхээр оны хүртээл болсон. Энэхүү уран сайхны киноныхоо тухай Монгол улсын гавъяат жүжигчин И.Одончимэг “Сэдэв маань энэ нийгэм, тэр дундаа зарим нэг гэр бүлийн хувьд их сонин л доо. Монголд цөөн тооны тээгч эх байдаг. Тээгээд төрүүлчихсэн хүүхдүүд ч бий. Гэхдээ үүнийг нэг их олон нийтэд дэлгээд байдаггүй. Тэр болгон сонин, хэвлэлээр ярьдаггүй. Тэгсэн атлаа Монголд үйл ажиллагаа нь явагдаад эхэлчихсэн байна шүү дээ. Кино зохиолоо бичихийн тулд маш их судалгаа хийсэн. Олон ч хүнтэй уулзсан. Сонирхолтой нь хамгийн хямдхан тээгчид Монголд л байдаг юм билээ. Дараа нь Энэтхэг. Харин бусад оронд бол өндөр үнэтэй. Судалгаагаа хийж явахдаа сонин, содон зүйл их сонссон. Гэхдээ киногоо үзэгчдийн хүртээл болсны дараа илүү дэлгэрэнгүй ярих нь зөв байх” гэсэн юм. “Танхай тээгч” киноны зохиолыг бичиж, найруулагчаар нь ажиллаж, гол дүрд нь тоглосон И.Одончимэг гавъяат “Монголд л хамгийн хямдхан тээгч эх байдаг” гэдгийг онцолж байсан.

Мөн манай улсад “Тээгч эхээр ашиглан” гарсан хэргийн талаар сэрэмжлүүлэх үүднээс хураангуйг хүргэе. Дээрх хэргүүд нь хэрхэн шийдэгдсэн, цаг хугацааны хувьд хэдийд болсон зэрэг илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх боломжгүй юм.1. Эрүүгийн цагдаагийн газарт энэ оны нэгдүгээр сарын 6-нд нэгэн албан тоот иржээ. Дээрх албан бичгийг Хан-Уул дүүргийн XI хорооны Засаг дарга Т явуулсан байж. Хорооныхоо иргэн хоёр хүүхдээ БНХАУ-д алдсаныг сонсоод хүний наймааны золиос болсон байж болзошгүй гээд цагдаад хандсан нь энэ аж. Энэ хэргийг хүлээж авсан ЭЦГ-ын Гэмт бүлэглэл, үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х хэргийг шалгуулахаар УМБГ-т хандсан байна. Ингээд цагдаагийнхан холбогдох мэдээллийг цуглуулж эхэлжээ. Эх сурвалжийн  мэдээлснээр, Монгол Улсын иргэн Б хэдэн жилийн өмнө БНХАУ-ын иргэн Дүан Юүн Дүнтэй хамтран амьдрах болсон гэнэ. Дүан Юүн Дүн Хятадад очиж сайхан амьдаръя гээд бүсгүйг дагуулаад явсан аж. Ингээд Эрээн хотын ойролцоох сууринд амьдарч байхдаа дундаасаа нэг хүүхэдтэй болжээ. Тэр хүүхэд одоо долоон настай.

Ааваар нь овоглож хятад нэр өгч БНХАУ-ын иргэншлээр бүртгэжээ. Үүний дараа хятад эр эмэгтэйд гар хүрч, элдвээр доромжлох болсон байна. Үүний улмаас эмэгтэй хүүхдээ аваад Монголд иржээ. Монголд ирсний хойно Дүан Юүн Дүн хойноос нь ирж, Б-тэй эвлэрч хэсэг хугацаанд хамт амьдарчээ. Ингээд тэдний дундаас дахин нэг хүүхэд төрсөн байна. Хосууд албан ёсны гэр бүл болоогүй байсан тул хүүхдийг ээжээр нь овоглож Монголын иргэншлээр бүртгэж монгол нэр өгчээ. Хоёр дахь хүүхэд төрсний дараа тэд дахин Эрээн хотын цаахантай байх нэгэн тосгонд очиж амьдарсан байна.

Гэтэл очсон хойноо өнөөх эр зангаа хувиргаж, эмэгтэйд дахин гар хүрч эхэлжээ. Бүр Б-г хууль бусаар БНХАУ-д амьдарч байгаа хэмээн цагаачлалын цагдаа нарт мэдэгдсэн бололтой. Хятадын хууль чанга хатуу учраас эмэгтэйг шууд л албадан буцаажээ. Харин долоон настай болон Монголын иргэнээр бүртгэсэн хоёр настай Т хүүг нь хятад эцгийнх нь гарт үлдээсэн байна. Өөрт нь хайртай, сайхан амьдруулна гэж аваад явсан хятад эр нэг л өдөр бүсгүйн амьдралыг ийнхүү там болгожээ. Амьдын хагацал үзсэн эмэгтэй ядаж өөрөөр нь овоглосон хоёр настай хүүгээ буцааж авъя хэмээн цагдаа, Гадаад харилцааны яамны Консулын газарт хандсан байна. Энэ дагуу холбогдох албаныхан БНХАУ-ын талд хандаж асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Харин цагдаагийн байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөх үеэр энэхүү хэргийг Нийслэлийн прокурорын газраас татаж авсан байна. Улмаар хэргийг УМБГ-аас нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Гэтэл мөрдөн байцаагч нь энэ хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорын байгууллагад хүргүүлжээ. Хятадын шүүх Монголын иргэн Б-гийн хоёр хүүхдийг эцгийнх нь халамжид үлдээх эцсийн шийдвэр гаргасан учраас Монголд ажиллагаа явуулах боломжгүй гэж үзсэн бололтой. Нөгөө талаар иргэн Б цагдаагийн байгууллагад өгсөн гомдлоо эргүүлэн татсан ч байж магадгүй байна.

2. Гадаад хүн гэхээр соёлтой, боловсон, эсвэл мөнгө хөрөнгөтэй хэмээн манай охидууд, эмэгтэйчүүд бурханчлан шүтэх хандлага их байна. Гадаад явахыг аз жаргалын үүд нээгдлээ гэж боддог хүмүүс ч бас бий. Ийм хүмүүс хүний наймааны золиос болох нь элбэг гэдгийг цагдаагийнхан хэлдэг. Хүний хайр сэтгэлийн асуудлыг хязгаарлах аргагүй. Харь улсад гадаад хүнтэй өнөр өтгөн, баян чинээлэг, сэтгэл түвшин сайхан амьдарч байгаа олон монголчууд бий. Амьдрал баян болохоор бусдад хууртагдаж зовж яваа нь ч цөөнгүй байна. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан охиноо хятад эцэгт нь алдсан эмэгтэйн гомдлыг хүлээн авчээ.

Энэ талаар эх сурвалж нь “Монгол Улсын иргэн Х-гийн хамтран амьдрагч болох БНХАУ-ын иргэн Б нь хүүхдээ авч үлдээд өгөхгүй байгаа талаар гомдол ирсэн. Хэргийг шалгах явцад Хятадын иргэн Б нь өөрийн эгчийн нөхөр болох В-гийн нэрээр хүүхдийг овоглосон болохыг тогтоосон. Хосууд БНХАУ-д амьдарч байгаад эмэгтэй нь түрүүлж ирсэн юм билээ. Гэтэл хятад эр араас нь ирэхдээ найман сартай охиноо хэл сургая гээд Бээжинд үлдээгээд ирсэн байгаа юм. Тэр эрэгтэй Монголын баруун аймагт байдаг нэгэн уул уурхайн компанийн хөрөнгө оруулагч.

Монголд ирэхдээ охиноо авчирдаггүй. Ээжтэй нь утсаар яриулдаггүй” гэв. Эмэгтэй охиныхоо барааг хараагүй гурван жил болж байгаа ажээ. Сарын өмнө хятад эртэй арайхийн холбогдож утсаар ярьтал “Охины бие сайнгүй байгаа. Сая хагалгаанд орсон” гэж хэлжээ. Хариуд нь “Охинтойгоо уулзмаар байна. Би одоо яваад очьё” гэтэл утсаа салгасан байна. Эмэгтэй охин дээрээ очих гэсэн боловч БНХАУ-ын хилээр орох эрхийг нь хязгаарласан байжээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар, охиныг авч үлдсэн хятад эр үе, үе манай улсад чимээгүйхэн ирээд буцдаг ажээ.

3. Индонезийн Жакарта хотын “Мальборн” хэмээх шөнийн цэнгээний газарт монгол бүсгүйчүүд биеэ үнэлж байгаа тухай мэдээлэл дипломат албаны шугамаар манай цагдаагийнханд хүрчээ. Монголд ирсэн гадаадынхан хамгийн түрүүнд Чингисийн талбайд очиж зураг татуулдаг бол Индонезэд очсон жуулчид “Мальборн”-д саатахыг чухалчилдаг байна. Мөрийтэй тоглоом, биеэ үнэлэлт, мансуурлын гол цэг болсон энэхүү шөнийн цэнгээний газарт ихэвчлэн секс-тур хийх гэж хүмүүс очдог аж.

Хар тамхи хэрэглэвэл турдаг гэсэн ойлголт тэндэхийн биеэ үнэлэгчдэд байдаг бөгөөд зуучлагдаж ирсэн эмэгтэйчүүд нэгнийгээ ийм замаар уруу татдаг байна. Хуулийн байгууллагын эх сурвалж мэдэгдэхээ “Гадагшаа явсан биеэ үнэлэгчид Монголд буцаж ирэхдээ хар тамхи оруулж ирэх эрсдэл хамгийн өндөр байгаа. Ийм учраас хилийн цэрэг, гаалийнхантай хамтарч эрсдэл тооцож ажилладаг” гэж байсан.Монголын цагдаа гадаадад ажиллагаа явуулах эрхгүй учраас Интерполын гишүүн орнуудын цагдаагийн байгууллага, Элчин сайд, Консулын газар, Дипломат төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаас өөр аргагүй байдаг. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын хүний наймаатай тэмцэх бүтэц гэхэд 10-хан мөрдөн байцаагчтай. Улсын хэмжээнд энэ төрлийн гэмт хэрэг мөрдөнө гэхэд хүн хүч нь хаанаа ч хүрэхгүй байгаа юм. Хүний наймаатай тэмцэх гэж байгаа бол хүн хүчээ зузаатгах хэрэгтэй гэж зарим хүн хэлж байлаа.

Г.Төмөр

Unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих