Хэсэг бүлэг хүний эрх ашигт хүлэгдсэн өршөөлийн хууль дахин гацлаа
УИХ Өршөөлийн хуулийг баталснаас хойш нэг тийш болголгүй байсаар бүтэн гурван сарын нүүрийг үзээд байна. Хэдийгээр Төрийн ордонд аль нэг нам, эвслийн ашиг сонирхлыг шингээх гэсээр ийнхүү багагүй хугацааг барж байгаа ч төрийн хишиг хүртэх гэсэн хоригдлууд эмх замбараагүй байдал үүсгэхэд бэлэн болчихоод байгааг эх сурвалж дуулгалаа.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийг өнгөрсөн наймдугаар сард УИХ-аар баталснаас хойш ямар ялтай, хэн гэгч хамрагдах нь өнөөдрийн байдлаар нэгэнт тодорхой болсон. Тиймээс ч олон жил хоригдож гэр шиг нь болсон учраас хоригдлууд хэрэндээ төвхнөчихсөн байдаг байна.
Харин тэд Өршөөлийн хуулийг баталснаас хойш хувцас хунараа зэхэж бэлтгэн, ар гэрийнхэндээ дуулгаснаас хойш 100 шахам хоног хүлээлтийн байдалтай байгаа юм. Ийнхүү олон хүн хүлээлтийн байдалтай байгаа ч “Шударга ёс” эвслийн бүлгийнхэн өчигдөр хоёр дахиа авсан завсарлагаа дахин гурав хоногоор сунгалаа.
Үндсэндээ нэг асуудлаар нэг бүлэг ийнхүү гурав дахиа завсарлага авч байна гэсэн үг юм. Учир нь, Өршөөлийн хуулийг Байнгын хороогоор хэлэлцэж байх үед З.Баянсэлэнгэ гишүүн Өршөөлийн тухай хууль хэрэгжсэнээр 350 тэрбум төгрөгийн хохирол учруулсан 112 хүнийг өршөөхөөр байгааг дуулсныхаа дараа эдгээр хүний нэрийг ил тодоор зарла гэх шалтгаанаар тав хоногийн завсарлага авч байв.
Харин өнгөрсөн долоо хоногт уг хуулийн нэмэлт өөрчлөлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх үед “Бүлгээс чиглэл ирлээ” хэмээн Д.Тэрбишдагва гишүүн завсарлага хүсэхэд хурал даргалж байсан Р.Гончигдорж гишүүн тэр даруйд завсарлага өгсөн. Гэтэл энэ нь үндсэндээ ямар ч асуудлаар нэг бүлэг нэг л удаа завсарлага авах эрхтэй гэсэн Дэгийн хуулийг зөрчсөн явдал болсон.
Дээрээс нь завсарлагыг тухайн бүлгийн дарга юмуу дэд дарга авдаг дэгийг ч мөн “Шударга бус” эвслийнхэн зөрчсөн. Харин энэ удаад гишүүд ирж амжаагүй байхад буюу өглөөгүүр Н.Батцэрэг гишүүн УИХ-ын дарга завсарлагаа сунгах хүсэлт гаргаснаар Зи дарга түүний хүсэлтийг чимээгүйхэн ёсоор болгов.
Ингэснээр хуулиа нэг мөр болгохыг хүлээж суугаа хоригдлууд түүний ард байгаа хэдэн мянган хүн дахиад л хүлээлтийн байдалд шилжлээ. Энэ талаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
Д.Хаянхярваа: Дэгийн хууль утгаа алдлаа
-Энэ хүмүүс УИХ-ын Дэгийн тухай хуулийн утга агуулгыг алдагдуулчихлаа шүү дээ. Өршөөлийн хууль дээр ерөөсөө л үзэмжээрээ ханддаг боллоо. Нэг нь завсарлага хүсдэг, нөгөөх нь дуун дээр өгдөг л байдалтай болчих юм. Өршөөлийн хууль болон нэмэлт өөрчлөлтийн асуудал өөр учраас хоёр удаа завсарлага өгсөн гэдэг тайлбарыг АН-ын зарим гишүүн хийсэн байна лээ. Гэтэл энэ хуулийг УИХ эцэслэн батлаагүй. Тиймээс хүчин төгөлдөр бус хэвээрээ байгаа. Шал худлаа тайлбар хийж байгаа юм, эд нар. Энэ бол нэг л хууль. Салгаж ойлгоод завсарлага өгнө гэсэн ойлголт байхгүй. Үндсэндээ нэг хууль дээр гурван удаа худлаа яриад завсарлага өгчихлөө шүү дээ.
Я.Содбаатар: АН, “Шударга ёс” эвсэл хоёр төрийн нэрээр хуулиар наймаалцаж байна
-Өнгөрсөн долоо хоногт“Шударга ёс” эвсэлд хоёр ч хууль зөрчиж, завсарлага өгсөн. Тухайн үед би үүнийг хэлж байсан. УИХ дахь намын бүлэг нэг удаа л нэг асуудлаар завсарлага авдаг. Мөн бүлгийн дарга, дэд дарга биш жирийн гишүүнд завсарлага өгчихсөн нь хоёр дахь зөрчил болсон. Ерөөсөө л АН, “Шударга ёс” эвсэл хоёр төрийн нэрээр хуулиар наймаалцаж байгаагийн том илрэл. Өршөөлийн хуулийг бид баталсан ч Ерөнхийлөгч хориг тавьснаар процесс үргэлжилж байна гэсэн үг. Одоогоор хоригтой холбоотой үйл явц л өрнөж байна шүү дээ. Гэтэл дахиад л завсарлагаа сунгачихлаа.
Ж.Батзандан: Ганц хоёр хүнийг өршөөхийн тулд Монгол төрийн ажлыг гацаахаа болих хэрэгтэй
-Завсарлагын хугацааг сунгах лимит гэж бий. Гэтэл “Шударга ёс” эвсэл завсарлагаа сунгасныг хэрээс хэтэрч байна гэж харж байна. Өршөөлийн хууль гэж нэг хуулийг гаргах гэж өчнөөн олон сар хэрүүл хийж байна. Ганц хоёр хүнийг өршөөлд хамруулахын тулд Монгол төрийн ажлыг гацааж байгаа хэсэг бүлэг этгээд одоо болих хэрэгтэй. Гэхдээ эд нар удахгүй үнэнд гүйцэгдэж таарна. Өршөөлийн хуулийг эцэслэн батална. Харин авлигачдыг өршөөхгүй.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: