“Амьд” гэгээнтэн
Архангай аймгийн Цахир сумын нутгаас гаралтай “Амьд гэгээнтэн” хэмээн өргөмжлөгдсөн Аграмба Равсалын Санжайжавын занданшуулсан шүтээнийг уржигдар Гандантэгчинлин хийдэд залсан билээ. Тиймээс Гандантэгчинлэн хийд хоёр хоног сүсэгтэн олны хөлд дарагдлаа. Энэхүү шүтээнийг нутагт нь аваачиж залах аж. “Амьд гэгээнтэн” -д мөргөх хүмүүсийн цуваа Архангай аймаг руу хөврөх биз ээ. Энэхүү шүтээн нь одоогоос 200 орчим жилийн өмнө 1826-1905 оны үед амьдарч байсан “амьд” гэгээнтэн, аграмба Равсалын Санжайжавынх юм байна. Өнөөдрийг хүртэл түүхэнд занданшуулах үйлийг хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан бол өвгөн гэсэр лам Ц.Чүлтэмжамц, аграмба Р.Санжайжав нар нь өөрсдийн увидасаар занданшсан гэдэг.
Шавь нар, нутаг хошууныхан нь өвгөн гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Сондномдаржаа хайрханы салбар Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дундах сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим нь өөрийн гарын шавь Аграмба Санжайжав ламтаныг ойролцоо бунхалсан нь өнөө хүртэл олон арван жилийн нар салхи бороо усанд гандаж элэгдээгүй мөнхрөн оршиж байгаа аж.
Сэтгүүлч Б.Сарантуяа өөрийнхөө цахим хуудаст ”ЗАНДАНШУУЛСАН” гэдэг үгийн талаар тайлбарлаж бичжээ. Тэрээр “Занданшуулна гэдэг нь тухайн хүний тархи болон дотор эрхтнийг авч тусгай аргаар занданшуулан өөрөөр хэлбэл борцолдог бүдүүлэг маягийн үйл ажиллагаа. Эртний мумминуудаас эхлээд олон бий.
Харин энэ ламын биед тархи хийгээд дотор эрхтэн бүрэн. Өөрөөр хэлбэл занданшуулаагүй. Өөрөө бие барахдаа тарнийн хүчээр биеэ хурааж мөнх хийгээд мөнх бусыг холбон 200 жилийн туршид бясалгалын байдалд биеэ хадгалж байгаа гэсэн үг.
Самади гэж энэ юм аа. Буриадын Итгэл хамба тай адил. Оросод байгуулагдсан Итгэл хамбыг судлах институт түүний эд эсээс дээж авч шинжилгээ хийгээд амьд хүний эд эс байна гэдгийг тогтоосон. 150 гаран жилийн настай. Түүний нүд аниатай, эрүү нь унжиж суулт өгсөн. Тусгай хоргонд байдаг. Харин Архангайн энэ өвгөн лам 200 гаран жилийн настай. Агуйд байж байгаад хулгайчийн гарт өртөж тээвэрлэлтийн хүнд нөхцөлийг давсан ч бие нь бүрэн бүтнээрээ нүд нь хараастай байна.
Орчин үеийн шинжлэх ухаанд хүн бие барснаас хойш эд эс нь үхжиж хамгийн тэсвэртэй яс гэхэд 20 жилийн дараа оргүй алга болдыг тогтоосон. Харин эн биеийн эд эс, эрхтэн бүгд бүрэн бүтэн. Биед нь хүрвэл бүлээн мэдрэгдэнэ. Тиймээс л энэ үзэгдэл бурхны шашин хийгээд шинжлэх ухааны гайхамшиг юм аа. Энэ бүхнийг ялгаж салгаж ойлгон занданшуулсан гэдэг үгнээс зайлсхийгээрэй. Энэ бол монголчуудын төдийгүй дэлхийн гайхамшиг шүү” гэжээ.
Эх сурвалж: TIMES.MN
URL: