Дуу хөгжмийн дэлхийн дээд амжилтууд

Хамгийн богино дуу


Амьд хөгжмийн грайндкор урсгалаар тоглодог Английн “Napalm Death” хамтлаг 1981 онд байгуулагджээ. Хамтлагийн “You Suffer” (1987) нэртэй сингл нь 1.316 секунд л үргэлжилдэг бөгөөд “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэгдсэн хөгжмийн урлагийн хамгийн богинохон дуу юм байна.

Тив бүрээр аялан тоглосон анхны хамтлаг


“The Metallica” хамтлаг 2013 оны турш Еврази, Өмнөд ба Хойд Америк, Австрали, Африк болон Антарктид зэрэг дэлхийн зургаан тивээр аялан тоглолт хийжээ. Тухайлбал 2013 оны арванхоёрдугаар сард л гэхэд Антарктидийн эрдэм шинжилгээ, судалгааны төвийн багийнханд тоглолтоо толилуулсан бөгөөд “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд – 2015” номд багтсан юм. Антарктидад хийсэн тоглолтынхоо үеэр 10 уран бүтээлийг “LIVE” хэлбэрээр тоглосон бөгөөд хамтлагийн дуучин Жеймс Хетфилдийн хэлснээр эрдэмтдийн багийнхнаас гадна 300 гаруй “сониуч” оцон шувууд тоглолтыг нь үзэж сонирхсон ажээ.

Хөгжмийн багшаар хамгийн олон жил ажилласан хүн

1912 оны тавдугаар сарын 24-ний өдөр мэндэлж байсан АНУ-ын дуу хөгжмийн багш Чарльз Райт (1912 – 2007) амьдралынхаа турш буюу 95 жил 56 өдөр амьдрахдаа 76 жилийг нь хөгжмийн багшаар ажиллаж өнгөрүүлжээ. Тэрээр 1931 оноос хойш 2007 он хүртэл багшилсан энэхүү үзүүлэлтээрээ “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд багтсан байдаг ажээ.

Сансарт хамгийн анх дуу хоолойгоо цацсан уран бүтээлч


Пол МакКартни 2005 онд “Chaos and Creation in the Backyard” цомгоо сурталчилж Хойд Америкаар аялан тоглолт хийж байжээ. Тэрбээр 2005 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн тоглолтынхоо хоёр уран бүтээлийг Олон Улсын Сансрын Станц дээр байсан ОХУ-ын сансрын нисэгч Валерий Токарев болон АНУ-ын сансрын нисэгч Уильям МакАртур нарт зориулж “LIVE” хэлбэрээр дуулсан юм. Ийнхүү Пол МакКартни эх дэлхийгээсээ сансрын уудамтай холбогдож яриа өрнүүлэхийн сацуу уран бүтээлээ хүргэсэн анхны уран бүтээлч болсноор “Гиннесийн дэлхийн дээд амжилтууд” номд бүртгэгдэж байсан түүхтэй юм.

24 цагийн дотор хамгийн олон хүн үзсэн видео клип


“VEVO”-гоос гаргасан мэдээллээр Ники Минажийн “Anaconda” дууны клипийг 24 цагийн дотор 19.300.000 удаа үзсэн нь дэлхийн дээд амжилтыг тогтоож өмнөх Майли Сайрусын рекордыг эвдсэн байна. Майли Сайрусын “Wrecking Ball” (2013) синглийн клипийн нэг өдөрт 12.300.000 удаа үзсэн байжээ.

Хамгийн олон үгтэй “Hit Single”


Реппер Эминемийн “Rap God” сингл нь 6 мин 4 сек үргэлжлэх хугацаандаа хамгийн олон үг хэлэгддэгээрээ “Гиннесийн дэлхийн шинэ дээд амжилтууд – 2015” номд багтсан байна. Тодруулбал Эминемийн энэхүү хит дуун дээр нийт 1560 үг гардаг бөгөөд тэрбээр секундэд 4.28 үг хэлдэг байна.

Хамгийн олон “DISLIKE”-тай видео клип

Жастин Биберийн “Baby” синглийн видео клипийг “YouTube”-ээр 1.088.651.444(+) үзсэнээс одоогийн байдлаар 2.522.124(+) нь “Таалагдсан” бол 4.152.914(+) нь “Таалагдаагүй” буюу “DISLIKE” гэсэн үнэлгээг өгчээ. Хэдийгээр Жастин Бибер АНУ-ын хөгжмийн чартуудыг тэргүүлж байсан таван цомогтой ч “Baby” дууны видео нь үзэгчдээс хамгийн муу гэсэн үнэлгээг авсан тааруухан клипээр нэрлэгджээ. Дашрамд дуулгахад “Baby” синглийн клип нь “YouTube”-ийн хамгийн олон хүн үзсэн №2 дахь клип бөгөөд үүний өмнө “Gangnam Style” (2012) ордог аж.


URL:

Сэтгэгдэл бичих