Бие биедээ дургүй улстөрчид буюу Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын ашиг сонирхлын зөрчил

Бие биедээ дургүй улстөрчид буюу Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нарын ашиг сонирхлын зөрчил

Ардчилсан нам фракци хоорондын зөрчилдөөн ихтэй. Тэгвэл нэгэн үе намын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж явсан Н.Алтанхуяг, өнөөгийн хотын дарга Э.Бат-Үүл нар хэдий нэг намынх ч гэлээ бие биедээ дургүйгээ нуудаггүй. Тухайлбал, Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ МАХН-ын дарга Н.Энхбаяртай нууц гэрээ байгуулснаар Э.Бат-Үүлийн шүүмжлэлд өртөж байв. Э.Бат-Үүл тухайн үед “Манай улстөр амьтанлаг адгууслаг түвшинд очиж. Бид амьтнаас нэг юмаар ялгардаг. Тэр нь өөрийн үнэт зүйлтэй, зарчимтай, өөрийн нэр төр гэж эрхэмлэдэг юмтай. Гэтэл Н.Алтанхуяг өөрийнхөө эрх мэдлийг хадгалж үлдээж байгаа хэнд ч очоод юу ч өгөхөд бэлэн байна” гэх зэргээр хатуухан шүүмжилж байсан. Тэгвэл ийн хоёр биедээ дургүй улстөрчдөд нэгэн нийтлэг зүйл ажиглагдах болсон нь ашиг сонирхлын зөрчил юм. Дээрх хоёр эрхмийн ашиг сонирхлын зөрчлийн талаар цухас дурдъя.

Н.Алтанхуяг:
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболд эзгүй байсан. Тиймээс Р.Гончигдорж чуулганы нэгдсэн хуралдааныг даргалж явуулсан билээ. Энэ үеэр Өршөөлийн хуульд тавьсан хоригийг хэлэлцсэн. Р.Гончигдорж гишүүний тухайд Өршөөлийн хуульд тавьсан хоригийг эсэргүүцэж байгаа гишүүдийг манлайлж байгаа хүмүүсийн нэг. Тэгвэл УИХ-ын даргын эзгүйд Р.Гончигдорж, Н.Алтанхуяг нар сэм хор найруулж амжсан бололтой. Тодруулбал, Н.Алтанхуягийн санаачилсан цагаан захтнуудыг өршөөх буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан сурагтай.

Н.Алтанхуягийн санаачилсан дээрх хуулийн төслүүд нь  ашиг сонирхлын зөрчил дүүрэн хуулийн төслүүд. Учир нь Н.Алтанхуягийн хүргэн, зөвлөх байсан нөхөд бүгд албан тушаалын хэрэгт холбогдсон. Тухайлбал, “хүргэн Дэнзэн” гэгдэх болсон Г.Дэнзэн “Говь повер” компаниийг “хууль бус”-аар тендерт ялуулсан болон 17 тэрбумын асуудлаар АТГ-т шалгагдсан. Эх сурвалжуудаас авсан мэдээллээр Г.Дэнзэнгийн асуудлыг АТГ-аас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Түүнчлэн Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байх үед нь ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдэж, анхан шатны шүүхээс 4,6 жилийн хорих ял сонссон.

Саяхан хэвлэл мэдээллээр Н.Алтанхуяг тэргүүтэй АН-ын хэсэг нөхөд намаасаа гарч, Бүтээн байгуулалтын нам байгуулах гэж байна гэсэн бор шувуу ниссэн. Тэгвэл хэн энэ бор шувууг нисгэсэн нь сонирхол татаж байна. Тэгвэл Н.Алтанхуяг тэргүүтэй хэсэг нөхөд намынхнаа шантаажилж байна гэж зарим эх сурвалж хардаж байгаа юм. Тодруулбал, дээрх нөхөд “Ингээд байвал бид намаасаа гарлаа. Биднийг дагаад тэдэн гишүүн АН-аас гарна шүү” гэж АН-ынхныг айлгаж байгаа бололтой. Ийнхүү намынхнаа шантаажилж байгаад ашиг сонирхлын асар их зөрчил бүхий хуулийн төслөө батлуулахаар зүтгэж буй бололтой.

Э.Бат-Үүл:
-НИТХ дахь МАН-ын бүлгээс хотын дарга Э.Бат-Үүлийг огцруулах санал өргөн барьсан. Гэсэн хэдий ч уг албан бичигт гарын үсэг зурсан төлөөлөгчдийн тоо гуравны нэгээс доошгүй гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаар нийслэлийн Засаг даргыг огцруулах асуудлыг  хэлэлцүүлэх боломжгүй гэх шалтгаанаар хэлэлцэх асуудалд хориг тавьчихаад байна. Ийнхүү огцруулах бичиг өргөн барьсны дараа Э.Бат-Үүл хэвлэлийн бага хурал хийж, “МАН-ынхан намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж байна” хэмээн мэдэгдсэн ч гүтгэлгийг үгүйсгэх баримтаа хараахан дэлгэж чадаагүй байна.

Хотын дарга Э.Бат-Үүлийн хувьд “Манай хүү Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд хувиараа бизнес эрхэлдэг. Бизнесийн үйл ажиллагаанд нь төрийн алба хашиж байгаа миний бие аль болохоор оролцохгүй байхыг хичээдэг. Ер нь оролцдоггүй. Амгалангийн 12 дугаар хороонд хэрэгжсэн дахин төлөвлөлтийн уралдаанд манай хүү оролцож шалгарсан. Энд нэг зүйлийг тодотгож хэлэхэд би шийдвэр гаргахад оролцдоггүй. Тус хорооны иргэдийн саналаар дахин төлөвлөлт хэрэгжүүлэх компани шалгардаг. Шалгараад ирсэн компанийг журмын дагуу албажуулдаг” гэх тайлбар өгөөд байгаа билээ.

Уг нь Э.Бат-Үүл энэ олон жил улс төрд байсан хүний хувьд, ёс суртахууны хувьд ч тэр ашиг сонирхлын зөрчил гэж юу байдгийг сайн мэдэж байгаа. Гэтэл “Грандлайн” компанийг иргэд сонгосон гэх тайлбар өгч байна. Асуудлын нарийн учир нь энэ компанийг иргэд сонгосон уу, үгүй юу гэдэг нь огт сонин биш. Хотын дарга Э.Бат-Үүл гэдэг хүн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд өөрийн хүүгийн компанийг батламжилсан нь л сонин. Тодруулбал, Э.Бат-Үүл дарга 2013 оны тавдугаар сарын 29-ний 533 тоот захирамжаараа өөрийн хүү Б.Чулуудайн “Грандлайн” компанийг батламжилсан байгаа юм. Ийнхүү өөрийн хүүгийн компанийг батламжилсан нь ашиг сонирхлын зөрчил биш гэж үү.

Тэгвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Албан тушаалтан өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхолд нийцүүлэн захиргааны акт гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, мөн эдгээрт бэлтгэхэд өөрийн албан тушаалын байдлаа ашиглан аливаа хэлбэрээр хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэж заасан. Энэ заалт дээрх асуудалд үйлчлэхгүй гэж үү гэх асуулт ч гарна. Ямартай ч энэ асуудалд АТГ анхаарлаа хандуулаад шалгаж байгаа юм байна.

Нэг намын нөхөд хэдий ч хоорондоо сөргөөцөлдөх дуртай хоёр эрхмийн ашиг сонирхлын зөрчлийн захаас дурдахад ийм байна.

Г.НАРАН

Эх сурвалж http://www.info.mn


URL:

Нэр: b Огноо: 21 October 2015

drdr

Сэтгэгдэл бичих