Сүсэгтнүүд Аграмба Р.Санжайжавын шүтээн биед мөргөн адис авлаа
Гандантэгчинлэн хийдийн гол дуганд Аграмба, цорж лам Р.Санжайжавын шүтээн биеийг залж, сүсэгтэн олон түүнд мөргөн залбирч эхэллээ. Морин цагт уг шүтээнийг хийдийн гол хойморт залав.
Монголын сүсэгтэн олны дунд Архангайн “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгаан Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын гарын шавь болох цорж Аграмба Р.Санжайжавын мөнхийн бясалгалт шүтээнийг засч сэргээн өнөөдрөөс маргаашийг хүртэл хоёр хоногт олон түмний өмнө нээлттэй байлгах юм. Ингэснээр сүсэгтэн олон хоёр өдөр 09-17 цагийн хооронд бясалгалын их увидас оршсон шүтээнд мөргөж, залбиран адис авах боломжтой. Шүтээний нээлтийн ёслолд Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Архангай аймгийн Цахир сумын Улаанбаатар хотын нутгийн зөвлөлийнхөн, Цахир сумын ИТХ-ын дарга болон сумын ахмад настан, иргэдийн төлөөлөл оролцлоо. Шүтээнийг энэ сарын 25 -ны өдөр төрөлх нутаг Архангай аймгийн Цахир суманд зална. Аграмба Г.Санжайжавын шүтээнийг “Гэсэр лам” Ц.Чүлтэмжамцын шүтээний хамт дөрвөн метр өндөр боржин чулуун бунхан бүхий хөшөө болгон уулын орой дахь бууринд нь дахин залах ёслолыг Засгийн газрын шийдвэрээр ийнхүү хийх гэж байна. Цаашид дээд бясалгалын увидас шид оршсон энэхүү хоёр ламын бунханд сүсэгтэн олон мөргөж байх тохилог цогцолбор байгуулахыг Ганданд цугларсан хүмүүс хүсч байв. Учир нь, Буриадын Итгэлт хамба руу явах бус Тариат, Цахирын нутаг дахь багш, шавь хоёрын бунхан руу очиж мөргөх нь сүсэгтэн бүхний хүсэл юм шүү дээ гэдгийг онцолж байлаа.
Ж.Батсайхан
URL: