Дорой чамд

doroi

Нүгэл нь олондсон өнөө цагт цухал тээгээд амьдрал сайжрахгүй
Нүцгэн биеэр арилжаа хийвч хүссэнийг гүйцээж хэзээч дүүргэхгүй
Залгисан архины шидээр хэсэгхэн хугацааг зэрэглээтүүлэвч
Зовлонтой амьдралын маргааш нь бараан хэвээр харагдана
Махгүй хонох өдөр нэгэн байлаа ч талхтай угтахыг хүсэн тэвч
Маргаашаар хорвоо дуусахгүйгээс хойш, өнөөдөр та чичрэн тэвч
Ходоод нь хоржгоносон үрийнхээ, тархийг гашилгаж бүү хөглөр
Хожим дурсагдах зовлонг ухааруулж, тарчилж байсан ч тэсээд үз
Шартаж, хордож, шатаж байсан ч арчаа алдан бүү тэрий
Шалдаа бууж, чадал доройтсон ч Монгол хүн та өндийж суу
Төөрсөн нийгмийн буруугаас төвширч чадалгүй хальтраа л биз
Төрүүлсэн үрийнхээ нялх насанд ахадсан ачааг бүү үүрүүл
Гударсан усныхаа тусанд ганцхан шөнийг мартавч
Зүдэрсэн үрийн чинь сэтгэл насан туршдаа шархлана
Манарсан толгойгоо өндийлгөөд өглөөн нартай золгохдоо
Чамайг орхиогүй үрийнхээ хүйн сэтгэлийг ойлгоорой
Эрүүл нүдээр орчноо харах, хүсэл үнэхээр дууссан бол
Хүзүүнд углах бүдүүн олс шилтэй архинаас хямд л байна
Шулуун хэлсэн үгэнд бүдэрч шүлсээ үсчүүлж хараах хэрэггүй
Шуудхан хэлэхэд Монгол залуу танд гомдож байна, уучлаарай.

Ж.Зоригт


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих