Байнгын хороо төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
Төсвийн тодотголын дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.10.20/ хуралдаан 10 цаг 08 минутад 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Гүйцэтгэх ажлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэж дэмжин анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Алтанхуяг, Ц.Дашдорж, Су.Батболд нар Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогтоос асуулт асууж хариулт авсны дараа байнгын хорооны зарим гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргаж түүнийхээ үндэслэлийг тайлбарлаж үг хэлсэн юм. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын 3 дахь заалтыг 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргав. Тэрээр энэхүү зарчмын зөрүүтэй саналын үндэслэлээ “Засгийн газрын бүтэц нь тогтвортой, цомхон байх тухай бид олон жил ярьж ирсэн боловч хэрэгжүүлж чадалгүй өдий хүрсэн. Харин одоо хэлэлцүүлж байгаа Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газар нь 9 яамтай байхаар тусгасан үзэл санаа нь зөв боловч уг хууль нь ирэх оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газрын үед буюу 2016 оны 8 дугаар сарын 1-ээс хэрэгжихээр оруулж ирсэн нь хууль зөрчсөн асуудал юм. Харин шийдлийн Засгийн газар үлгэр үзүүлж энэ хуулиа ирэх оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлбэл нэр хүндэд нь ч тустай. Ер нь Засгийн газрын бүтцийн асуудлыг яваандаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдэх учиртай юм” хэмээн тайлбарласан юм. Гишүүний гаргасан зарчмын зөрүүтэй саналтай холбогдуулан үг хэлсэн Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг, С.Дэмбэрэл, Н.Алтанхуяг нар Засгийн газар оруулж ирж буй хуулийн төслийнхөө үзэл санаа, цаг үеийн нөхцөл байдлыг бодолцоод уг төслөө татаж авах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Гишүүдийн эдгээр саналтай холбогдуулан Засгийн газрын гишүүн С.Баярцогт Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг танхимын нэг гишүүн дур мэдэн татаж авах боломжгүй учраас гишүүдийн санал, байр суурийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээ илэрхийлэв. Иймээс Улсын Их Хурлын гишүүн А.Бакей Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны энэ өдрийн хуралдааны хэлэлцэх асуудлын дарааллаас хасах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.
Ингээд байнгын хорооны хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголыг дагалдаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Алтанхуяг, С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин нар саналаа хэлэв. Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2, 3 дугаар зүйлийг /”дэд сайд” гэснийг хасах/ хасах зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй. Иймээс энэ оны төсвийн тодотголыг дагалдан өргөн барьсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогов.
Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг дэмжив
Байнгын хороо дараа нь Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, Су.Батболд, Н.Алтанхуяг, С.Дэмбэрэл, Х.Тэмүүжин, Д.Лүндээжанцан, А.Бакей нар Засгийн газрын гишүүн С.Баярцогт болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Засгийн газрын гишүүн С.Баярцогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Төсвийн тухай хуульд “урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдпын улмаас төсвийн орлого буурах, эсхүл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах, эсхүл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж, төсвийг тэнцвэржүүлнэ” гэж, мөн “урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, нэгдсэн төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний гурван хувиар нэмэгдэх”, “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна гэж заасны дагуу Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах хууль эрх зүйн үндэслэл бий болсон. Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.0 их наяд орчим төгрөгөөр тасрахаар байгаа учраас 2015 оны төсвийн орлогыг бодитойгоор тооцох, батлагдсан хэмжээг бууруулан, урсгал болон хөрөнгийн зардлыг орлоготойгоо уялдуулан дахин тооцож төсөвт тусгасан гэлээ. Түүнчлэн төсөвт тодотгол хийхдээ Монгол Улсын 2015 оны эдийн засгийн төлөв байдал, төсвийн орлогын гүйцэтгэл зэрэгт үндэслэн 2015 оны төсвийн орлогыг бууруулан дахин төлөвлөх; төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох хуулийн өөрчлөлтийг боловсруулж, орлогын өөрчлөлтийг тусгах зарчим баримталсан. Харин төсвийн зарлагын төлөвлөгөөнд тодотгол хийхдээ төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл буурч байгаатай уялдуулан Засгийн газрын шийдвэрээр санхүүжилтийг нь хойшлуулсан зардлыг хэмнэж, бууруулах; оны эхний 8 сарын төсвийн гүйцэтгэлээр зарцуулагдаагүй зарим урсгал зардлыг бууруулах, зайлшгүй шаардлагатай бол 2016 оны төсөвт тусгаж санхүүжүүлэх; төрийн улс төрийн болон өндөр албан тушаалтны цалинг 30 хувь бууруулах, харин бусад төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх; шинээр батлагдсан хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээний хамрах хүрээний өргөжилтөөс үүдэлтэй урсгал зардлыг төсөвт нэмж тусгах зарчмыг гол үндэслэл болгож байгаа гэдгийг тодотгосон юм.
Мөн Сангийн дэд сайд С.Пүрэв өрийн удирдлагын тухай хуулиар өрийн хэмжээг өнөөгийн үнэ цэнээр тооцдог, гэхдээ манай яамнаас нэрлэсэн үнээр нь тооцох аргачлалыг давхар хийж байгаа. Энэ оны тухайд өрийн тааз өнөөгийн үнэ цэнээр тооцоход 58.3 хувь, нэрлэсэн үнээр нь тооцоход 62.5 хувьтай байхаар байна гэв. Харин төрийн албан хаагчдын цалинг бууруулах эсэх талаарх асуултад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт өгсөн хариултдаа, энэ оны төсвийн тодотголоор зөвхөн төрийн улс төрийн болон өндөр албан тушаалтнууд буюу Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, яамдын дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, дэд дарга, бүх шатны Засаг дарга зэрэг нийтдээ 2900 хүний оны сүүлийн гурван сарын цалинг 30 хувь бууруулахаар тусгасан. Энэ арга хэмжээний үр дүнд 1.8 тэрбум төгрөгийн төсөв хэмнэгдэх тооцоо гарсан. Төрийн бусад албан хаагчдын цалинг бууруулах тухай асуудал байхгүй гэсэн хариулт өгсөн юм.
Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин төрийн албаны зардлыг бууруулах арга хэмжээ авч төсвийн санхүүжилтийг хорогдуулах нь төрөөс олгож байгаа төрийн албан хаагчдад олгох төлбөрийг түр буюу бүрмөсөн зогсоох, тэдний цалин хөлс, нөхөх төлбөр, тусламж, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг бууруулах үндэслэл болохгүй гэж Төрийн албаны тухай хуульд заасан байгаа. Гэтэл Засгийн газар хуулийн өөрчлөлтийн талаарх төслөө өргөн бариагүй байж төрийн албан хаагчдын цалинг бууруулах асуудал оруулж ирж байгаа нь хууль зөрчигдөхөд хүргэж байна гэдгийг хэлээд Засгийн газар ямар байр суурьтай байгааг сайдаас тодруулсан. Энэ талаар Засгийн газрын гишүүн С.Баярцогт асуудлыг судалж үзээд шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулж өргөн барина гэсэн хариулт өгсөн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бөгөөд төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
URL: