Чилийн аврагдсан уурхайчны хайрын түүх

8-1_700x700

Таван жилийн өмнө 700 метрийн газрын гүнд 69 өдрийн турш боогдсон Чилийн 33 уурхайчныг хэрхэн гайхамшигтайгаар аврахыг дэлхий нийтээрээ харсан билээ.

Аврах ажиллагааг цэнхэр дэлгэцээр харсан дэлхийн хүмүүсээс ганцхан эмэгтэй л аврагдсан нэг уурхайчинтай алс холоос холбогдсоор эцэст нь гэрлэжээ. Сан Хосегийн уурхайн гүнээс 16 дугаарт аврагдсан Чилийн уурхайчин, жолооч Даниел Эррера, герман бүсгүй Мелани Мейер нар хувь заяагаа холбож Чилид суурьшсан ч анхны хүүхдээ өлгийдөж авахаар Германд ирээд байна.

“Тийм ээ, би зурагтаар түүнд дурласан” хэмээн Германы өмнөд хэсгийн 24 мянган оршин суугчтай Вейнгартен  хотын уугуул бүсгүй ВВС-д ярьж байна. “Би хол явж, онгоцоор нисэх дургүй. Өмнө нь үргэлж л 33-ын бүлэгтэй хамт ийш тийшээ явдаг байлаа. Энэ удаа ганцаараа, англи хэл ч мэдэхгүй энд ирлээ. Ямар аймшигтай юм болж, амь насаа алдах гэж байснаа мартдаггүй. Одоо Германд эхнэрийнхээ гэр бүлтэй танилцахаар ирээд байна” хэмээн Эррера өгүүлэв.

11 мянган км-ийн алсад байсан Мейер ажлаасаа ирээд Германы N24 телевизээр аврах ажиллагааг үзэж байв. Эррера татагч бүрхүүлээс хэрхэн гарч ирж, ээжийгээ тэврэн авч “Зүгээр ээ, ээж ээ, одоо бүх зүйл өнгөрсөн” хэмээн хэлж байгааг харсан аж.

“Даниелийн инээмсэглэж байгааг хараад нэг л онцгой сэтгэгдэл төрсөн. Яг ямар гэдгийг нь мэдэхгүй, сонин сэтгэгдэл төрсөн. Би хүүтэйгээ, эгчтэйгээ хамт байсан. Энэ уурхайчин надад таалагдаж байна гэж тэд нарт хэлсэн” хэмээн Мелани ярилаа. Герман бүсгүй сургуульд үзэж байсан испани хэлээ ашиглаж Facebook-ээр Эррератай холбогдож, ярилцах гэж оролдсон байна. Чили залуу Мелани Мейерийг уурхайчдаас ярилцлага авах санаатай хэвлэлийн хүн гэж үзээд хариу өгөхгүй байсан аж.

“Тэр явдлын дараа маш олон хүн надад ойртохыг оролдож байсан. Гэвч Мелани тэр олон хүнээс шаргуу зангаараа ялгарч байлаа. Би интернэтийн хайр дурлалд итгэдэггүй байсан. Гэвч тэр намайг өөрчилж чадсан” хэмээн чили уурхайчин Даниель Эррера хэллээ. “Би их шаргуу хүн. Эхэндээ миний анхны сэтгэгдэл зөв байж уу гэдгийг л мэдэхийг хүссэн. Би алдаагүй байсан, тэр яг л миний төсөөлж байсан шиг хүн байсан” хэмээн герман бүсгүй ярьж байна.

Мелани хэд хэдэн удаа Чилид очиж, дүрстэй ярилцаж, зурвас солилцсоны эцэст тэр хоёр гэрлэжээ. Эррера телевизийн камер дагуулан хайрт бүсгүйгээ нисэх буудалд тосч гэрлэх санал тавьсан юм. Сүйт залуугийн ээж нь Меланиг халуун дотноор хүлээн авч “Манай гэр бүлийн нэг хэсэг болж байгаа хүнийг адилхан хайрлаж энэрэх болно” хэмээн хэлжээ.

Тэд нэг жилийн өмнө гэрлэж Чилийн Санта-Круз хотод суурьшсан байна. Эррера сэтгэл зүйн эмчилгээ хийлгэсний дараа эргээд уурхайдаа ажиллах болсон юм. “Би Сан Хосе уурхайд хийж байсан ажлаа хийж байна. Газрын гүн рүү орохоо болиод аюулгүйн стандарт дээр ажиллах болсон. Сайхан бүсгүйтэй учирч, ханилж эцэг болох гэж байна. Гомдох юм алга” хэмээн Даниел Эррера өгүүлэв. Германд нэгэн компанид 17 жил нарийн бич­гээр ажилласан Мелани Чилид уурхайд би­чиг цаасны ажилд ор­жээ.

“Би уурхайчны эх­нэр тул зарим үед ажлын шаард­лагаар тусдаа байх нь бий. Ган­цаараа өнгөрүүлж буй өдрүүд надад хэрэгтэй л дээ. Герман хүмүүс ийм бай­даг. Бид өөрсдөдөө цаг гаргаж байх хэрэгтэй” хэ­мээн ярилаа. Харин 32 настай чили залуу “Хөн­дөхийг хүсдэггүй дурсам­жууд бий. Гэвч их сонин. Тэр эмгэнэлт явдал надад сайн зүйл авчирсан. Тэр ос­лын ачаар л би энэ бүс­гүйтэй танилцаж, гэр бүл зохиолоо. Миний амьд­рал сайн тал руугаа өөрч­лөгд­сөн” хэмээн өгүүлж байна.

Н.Мөнхжин

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих