Г.Мягмарсамбуу: Бүх ард түмний санал асуулгыг ганцхан сарын дотор хийсэн
БНМАУ тусгаар тогтнолоо олж авах түүхэн сонголтыг хийсэн Бүх ард түмний санал асуулгын 70 жилийн ойг тохиолдуулан Түүх-Археологийн хүрээлэнгийн бүс нутаг- орчин үеийн түүхийн салбарын эрхлэгч, доктор, профессор Г.Мягмарсамбуутай ярилцлаа.
-Одоогоос 70 жилийн өмнөх Монгол Улсын нөхцөл байдал, Бүх ард түмний санал асуулгын түүхэн ач холбогдлыг та юу гэж дүгнэх вэ?
-1945 оны аравдугаар сарын 20 бол монголчууд түүхэн сонголт хийсэн өдөр.
Энэ өдөр БНМАУ-д анх удаа Бүх нийтийн санал асуулга болсон. Тэр нь тусгаар тогтнолын тухай байв. Тухайн үед Монголын нийт иргэдийн 54 хувь нь бичиг, үсэг мэдэхгүй байсан ч тусгаар тогтнолоо баталгаажуулах санал асуулгад бүх нийтээрээ оролцож, шийдвэр гаргуулж чадсан байдаг.
Бид энэ түүхээрээ үеийн үедээ бахархах учиртай, түүхээ дархлах ёстой. Энэ хүсэл зорилгын үүднээс Бүх нийтийн санал асуулга явуулж, тусгаар тогтнолоо баталгаажуулсны түүхт 70 жилийн ойд ач холбогдол өгч, ШУА,Түүх-Археологийн хүрээлэн, Улсын төв музей, Архивын ерөнхий газар, МАХН болон олон нийтийн байгууллагууд хамтран саяхан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан нь амжилттай болсон.
Цаашид энэ өдрийг хэрхэн тэмдэглэх, Бүх нийтийн санал асуулгын түүхэн ач холбогдлыг судлах, дэлгэрүүлэхэд эрдэмтэн судлаачид анхаарч ажиллахыг эрдэм шинжилгээний хуралд оролцож, үг хэлсэн УИХ-ын дарга З.Энхболд онцгойлон дурдлаа.
-Бүх ард түмний санал асуулга явуулах угтвар нөхцөл ямар байв?
-1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон гурван гүрний удирдагчдын уулзалтаар, Европт дайн дууссаны дараа Японы эсрэг дайн явуулах тухай асуудлыг хэлэлцсэн байдаг. Англи, Америкийн удирдагчид Японы эсрэг дайнд оролцох хүсэлт тавихад ЗХУ өөдөөс нь хэд хэдэн болзол тавьсан.
Түүний нэг нь БНМАУ-ын статус квог хүлээн зөвшөөрөх шаардлага байв. Англи, Америкийн Төрийн тэргүүн үндсэндээ хүлээн зөвшөөрсөн. Гэвч, ДИУ-ын удирдагчид гурван гүрний удирдагчдын шийдвэрийг эрс эсэргүүцэж байсан. Үүнийгээ ч удаа дараа илэрхийлж байсан юм.
-Тухайлбал?
-Москвад болсон Зөвлөлт, Хятадын удирдагчдын уулзалтууд, бусад хэлэлцээрүүдэд ДИУ-ын зүгээс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байр сууриа хатуу илэрхийлж, мэдэгдэж байсан. Хэлэлцээний явцад Зөвлөлтийн удирдагчид БНМАУ-ын статус квог батлах талд бат зогссон.
Хятадын талд ч янз бүрийн дарамт, шахалтыг үзүүлж байсан. Энэ үндсэнд ДИУ хэрэв БНМАУ-ын ард иргэд бүгдээрээ тусгаар тогтнолоо хүлээн зөвшөөрөх юм бол манай улс тус улсын статус квог зөвшөөрч болно гэсэн шийдвэрт хүрч, энэ тухайгаа Монгол Улсын Засгийн газарт мэдэгдсэн байдаг.
-Санал асуулгыг манай улс дотооддоо ганцхан сарын дотор зохион байгуулсан гэдэг. Энэ талаар түүхэнд ямар баримтууд үлдсэн бэ?
-ДИУ-ын мэдэгдлийг үндэслэн БНМАУ-ын Улсын Бага Хурлын тэргүүлэгчдийн 1945 оны ёсдүгээр сарын 21-ний 76 дугаар хурлын тогтоолоор мөн оны аравдугаар сарын 20-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай Бүх ард түмний санал асуулга явуулах тогтоол гаргасан. Тэр шийдвэрийн дагуу Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах санал хураалт явуулсны дүнд түүхэн ач холбогдолтой шийдвэр гарсан юм.
-Энэ өдрийг тэмдэглэхийн ач холбогдол, хойч үед өгөх сургамжийн талаар та юу хэлэх вэ?
-Энэ өдөр нэг ёсондоо та бидний тусгаар тогтнолын баяр юм. Түүхт тэр өдөр ч гэсэн Бүх ард түмний санал хураалт ийм байдлаар болж өнгөрч байсныг санах хэрэгтэй. Ерөөс Тусгаар тогтносон Монгол Улсын иргэн гэдгээрээ бүгд бахархаж, баярлаж, баяр наадам хийж, түүний зэрэгцээ тусгаар тогтнолынхоо төлөө саналаа өгч байсан.
1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр бол монголчуудын тусгаар тогтнолын баяр, бахархал бөгөөд түүнийг уламжлал болгон тэмдэглэх нь тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монголын ард түмэн тусгаар тогтнолоо яаж олж авсан бэ гэдэг түүхийг хойч үедээ сануулах, ойлгуулах, ой санамжид нь үлдээх ач холбогдолтой. Нөгөөтэйгүүр, одоо цаг үетэйгээ холбон авч үзэж, туршлага болгох зүйлүүд ч бас байна.
-Тэр нь юу билээ?
-Өнөөдрийн өндөрлөгөөс эргээд харахад Монгол Улсад Бүх ард түмний санал хураалт ганцхан удаа болсон байна. Тэр нь 1945 оны аравдугаар сарын 20-нд. Харамсалтай нь түүнээс хойш дахиж ийм том үйл явц болсонгүй. Өнөөдөр Монголын улстөрд шийдэж чадахгүй олон асуудал байна.
Манай улстөрчид үүнийгээ шийдэж чадахгүй мухардалд ороод байгааг ард түмэн харж байна. Гэтэл бидэнд туршлага байна шүү дээ. Улс орны өмнө тулгарсан асуудлыг ард нийтийн санал асуулгаар шийдэж байсан. Тэр шийдвэр нь үнэн зөв болж байсан туршлага байна.
Энэ туршлагаас өнөөдрийн улс төрийн хүрээнийхэн, олон нийтээрээ суралцаж, туршлага аваасай. Үлгэр жишээ аваасай. Ганцхан зүйлийг хэлэхэд, 1945 оны санал хураалтыг манай улс ганцхан сарын дотор зохион байгуулж байсан шүү дээ.
-Тухайн үеийн Монголын хүн ам, санал хураалтад оролцсон хүмүүсийн тоо хэд байв, санал өгсөн байдлын талаар сонирхуулахгүй юу?
-Санал асуулгыг зохион байгуулах комисс улс орны хэмжээнд 3000 гаруй ажиллаж байсан. Түүнд 20 мянга гаруй хүн ажиллаж, зохион байгуулсан.
Санал хураалтад Монголын ард түмний 18-аас дээш насны, тухайн үеийн сонгуулийн эрх бүхий хүмүүс оролцсон нь 480 гаруй мянга байсан.
Үүнд оролцсон хүмүүсийн 98.6 хувь нь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн. Нэг хувь нь ямар нэгэн байдлаар санал хураалтад оролцож чадаагүй. Тусгаар тогтнолынхоо эсрэг “Зөвшөөрөхгүй” гэж санал өгсөн хүн нэг ч байгаагүй.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: