Өвгөдөө нутаглуулсан газрыг өлмийнөөс нь ухаад эхэллээ

“Өнөөдөр үр хүүхэд нь сэрүүн тунгалаг байхад эцэг өвгөдөө нутаглуулсан газрыг алт хайж, ашиг хонжоонд дурлагсад ухаж сэндийлээд байна” гэдэг гомдол удаа дараа гарсны дагуу сэтгүүлчдийн баг Төв аймгийн Заамар сумыг өнгөрсөн долоо хоногт зорьсон юм. “Тосон Заамар тоост хөндий боллоо”, “Шувуу ч нисэхээргүй болтол нь нинжа нар сүйтгэсэн” гэх мэт гомдлыг үгсийг сонсч байлаа. Арай ч хүн тавьдаг газрыг ухна гэж байхгүй байлгүй. Нэгийгээ дэгсдүүлэх юм даа, манайхан гэсэн бодолтойгоор л Заамарын тийш хөлгийн жолоо заллаа. Газар дээр нь очоод нүдэндээ ч итгэсэнгүй. Үнэхээр эцэг өвгөдөө нутаглуулсан газрыг өлмийнөөс нь хөндөөд эхэлчихсэн байх юм. Энд хэн ч ямар ч тусгай зөвшөөрөл олгоогүй. Олгох ч боломжгүй газар гэдэг нь ойлгомжтой байлаа.

10-19-4a1_700x700

Анх сонсоод итгээгүй ч нүдээр үзээд хэлэх үг олдсонгүй.

 

Төмстэй багийн иргэн Б.Хүрэлбаатар “Их Өлийн өвөр тал Нарийны амны баруун гар талд бид ихэс дээдсээ оршуулдаг. Гэтэл өвөг дээдсийн маань тавьсан газрыг өлмийнөөс нь ухаад эхлэхээр бид яах юм бэ. Өвөг дээдсээ хүндлэхгүй байна шүү дээ. Өнөөдөр үр хүүхдийнх нь нүдэн дээр өвөг дээдсийнх нь булш бунханд халдах гэж байна. Үүнийг Алтанцэцэг гэдэг хүн ухуулж байгаа юм билээ. Түрээсэлсэн талбайгаа ухахгүй ямар ч зөвшөөрөлгүй, эрүүл газрыг, бүр эцэг өвгөдөө нутаглуулсан газрыг хөндөж байна. Эд нарын арга нарийн. Сум болон гаднаас хүн амьтан ирлээ гэнгүүт нам зогсчихдог. Орой 23:00 цагаас эхлээд ухдаг. Бид машин, мотоцикльтой очихоор “Ахаа би ухсан нүхийг дарж байна” гэдэг. Үнэндээ шөнө ухаж, алт угаасан шороогоороо нүхээ дардаг” гэсээр биднийг угтсан юм.

Даанч ирэх замд нинжа гэхээр хүмүүс таарахгүй. Уулын орой руу дөрөв, таван мотоцикль янгир шиг дүүлж, нэг ковш мөлхөж байсан нь нинжа нарын сүүлч гэдгийг нутгийн иргэд ярьж байлаа. Тэд сум, орон нутаг болон төвөөс хүн ирэхийг анддаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, сумын төвд холбоочин нь байдаг юм байна. Биднийг суманд ирж, зам асуусан сургаар л машин техникээ унтрааж зугатаасан нь тэр байж. Үүнээс өмнө Ашигт малтмалын газрынхан газар дээр нь ажиллаад явах хүртэл нам жим байсан гэж байгаа. Тэгээд араар нь алт хайж газар шороо сэндийчээд эхэлжээ. Ингэхээр их л том мэдээлэгчтэй бололтой.

10-19-4a3_700x700

Тэд мэдээлэл холбоо сайтай. Сум, орон нутаг болоод төвөөс хүн ирэх сургаар үйл ажиллагаагаа зогсоогоод зугтдаг.

Төмстэй багийн малчин Ч.Алтангэрэл “Би энэ нутагт ирээд 10 орчим жил болж байна. Энэ сайхан баян хангайд сүүлийн үед нинжа нар дийлдэхээ байлаа. Хамгаалалтын алба ч тэднийг дийлэхээ байсан юм. Харин “Заамархаан” компанитай хамтарч нөхөн сэргээлт хийж, хамтарч хамгаалдаг болсон гээд хийсэн ажил их бий. Ингэж байж л арай танагтай болсон доо. Түүнээс биш мал их үхнэ. Малчид хий дэмий л малаа хайгаад гүйгээд байдаг. Гэтэл энд тэндгүй сэг нь гарч ирнэ. Мөнхбат гэдэг залуу л ухсан нүхийг дарж өгсөн. Сүүлийн үед тусгай зөвшөөрөл олгох сургаар олз ашиг хайгчид энд тэндгүй ухаад эхэллээ. Тоос шороонд дарагдаж, уух усгүй болсон бид одоо хүн тавьдаг газраа хүртэл хөндүүлж байна шүү дээ. Алтанцэцэг гэдэг эмэгтэй айж ичихээ ч мэдэхгүй өвөг дээдсийн маань булш бунхныг өлмий дороос нь ухаад эхэллээ. Энэ эмэгтэй өнгөрсөн жил Цагаанчулуутын адаг дээр ирж, голын тохой ухаж байсан. Өөрийнхөө дураар голоос нарийн шуудуу татаж, түүнд мал унаад байхаар нь бид хөөсөн юм. Гэтэл энэ жил дахиад хүрээд иржээ. “Нарийн гоулд” компанийн захирал Мижиддорж гэдэг хүний зөвшөөрөлтэй ирсэн гээд байдаг. Гэтэл зөвшөөрөл өгч түрээслүүлсэн талбайгаа ухдаггүй. Дандаа зөвшөөрөлгүй эрүүл газар хөндөөд байх юм” гэв.

Энэ мэтээр нутгийн иргэд их л гомдолтой байгаа нь илт. Тал талаасаа машин, мотоцикльтэй хүмүүс цугларав. Тэдний дунд хоёр суга таягтай хүн охиноороо хүргүүлэн портер машинаас бууж ирсэн нь Хайлаастай багийн иргэн Б.Могнон гуай байлаа. Тэрээр “Би энэ жил энд зуслаа. Эд нар шөнө унтуулна гэж байхгүй. Саяхны хэд хоногт бүр гэгээн цагаан өдрөөр ч ухсан. Шөнө түчигнэх чимээний багцаагаар нь арай хүн тавьдаг газраа ухаагүй байгаа даа гэж санаа зовж байсан юм. Гэтэл ухчихсан байна, яасан муухай юм. Цагаанчулуутад нөхөн сэргээлт хийгээд овоо сайхан болгочихсон байсныг нь бас ухаад болдоггүй. Би энэ багтаа хамгийн өндөр настай нь юм. Би охиноо гуйж наашаагаа машинаар ирлээ. Шороо тоосонд хүн амьтангүй зутарч байна. Манайхны малыг ажиллалаа гэхэд уушги цээжнээс нь авах юм байдаггүй. Манай худгийн ус хүн уухын аргагүй. Шанага ус хутгасан талаараа харлаж, хойд тал нь цагаанаараа үлддэг. Ийм усыг бид уух нөхцөлгүй шүү дээ. Өмнө нь эндээс ундалж болдог байлаа. Бид арай ингэж амьдармааргүй байна. Дээрээ засаг захиргаатай улс биз дээ энэ чинь” гээд ярих хэлэх зүйл зөндөө аж.

10-19-4a2_700x700

Нинжа нарын ухаж орхисон нүхэнд 1000 гаруй мал унаж үхжээ.

Ирсэн хүмүүс ам амандаа шуугилдаж, дор бүрээ гомдол тавьсан ч асуудал нь нэг л байлаа. Тиймээс бүгдээрээ нэгнийдээ цугларан ярилцаж, нөхцөл байдлаа танилцуулахаар болов. Нутгийн иргэд замчилж нэг газрыг үзүүлсэн нь үнэхээр өр өвтгөм. Нэлэхүйдээ хайлаас байсан газрыг ухаж, үндэстэй шороог нь мөлжөөд хаячихаж. Энэ модод эргэж ургахааргүй болжээ. Дахиад ч ийм болгосон газар бий гэнэ.

Ингээд бид Борбуланд намаржиж буй Хайлаастай багийн иргэн М.Удаанжаргалын хотонд буулаа. Тэрээр замдаа “Малчид газар нутгаа мэддэг тулдаа аргаа олоод явдаг. Зам мэдэхгүй хүн жаахан бороо, цаснаар хальтиргаа гулгаанд осолдож мэдэхээр шүү. Овооны зам үерт идэгдэж нурсныг янзлаад өгчих сэтгэлтэй хүн байдаггүй. Тэгсэн хэр нь хаа дуртай газраасаа шороо татаж, өөрсдийнхөө явдаг замыг янзын сайхан янзлаад байдаг юм” хэмээн үүссэн цагаан тоосны учрыг тайлбарлав.

Энд 5-6 хово явангуут Заамарын хөндийгөөр дүүрэн цагаан тоос босч хавь ойрд нь нутаглаж байгаа малчдын гэр барааг шороо дардаг юм байна. Ийм нөхцөлд идээ, цагаагаа борлуулах ямар ч нөхцөлгүй болдог аж. Бүсгүйчүүд гэрээ цэвэрлээд эргээд харахад л тоос шороо дарчихдаг гэнэ. Малчид нөхөн олговор авъя гэхээр “Та нар мөнгөний сонирхолтой юм байна” гэж уул уурхайн компаниуд гуйвуулдаг. Гэтэл малчин айлууд ундны усаа хүртэл сумынхаа төвөөс очиж авдаг юм байна. Нэг портер сумын төв явлаа гэхэд энэ хавийнхны ундны усыг зөөж авчирдаг юм билээ.

Төмстэй багийн иргэн О.Рагчаа “Бид Хүй долоон худагт буюу нийтийн эзэмшил газарт зуссан. Гэхдээ тэнд бас хөөгдөж туугдаж, бэлчээрийн татвар төлдөг. Намар нутагтаа ирээд бөөгнөрч байтал энд тэндгүй алт хайгчид газар шороо хөндөөд амар заяа үзүүлэхгүй юм. Худаг уснаасаа ундлах ч нөхцөлгүй боллоо. Туул голын ус ч дэндүү бохирдож байна. Зарим нь ходоодны хагалгаанд орлоо. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд дөрвөн хүн ийм хагалгаанд орсон. Уг нь бид Мөнхбат гэдэг залуутай хамтраад Цагаанчулуутад уул талгүй нөхөн сэргээлт хийсэн юмсан” хэмээн харамсалтай байгаа бололтой.

Борбуланд одоо 38 айлын 100 гаруй хүн, 40 гаруй мянган мал намаржиж байна. Малчид ундны ус, мал бэлчээрийн хомсдолд нэрвэгджээ. Тиймээс бэлчээр усаа талхлуулахгүй байхсан гэж хүсч буй юм байна. Ядахдаа уул уурхай хариуцлагатай бол ийм нөхцөл байдал үүсэхгүй биз. Хайлаастай багийн иргэн Б.Могнон “Энэ Улаан энгэрийн чулуунаас ч, шорооноос ч алт гарч ирдэг. Тиймээс энд бүх аймгийн хүн ирсэн. Харуул хамгаалалт гаргасан ч хүний амьдрал болсон хойно болоогүй юм байлгүй. Улаанбаатараас бөхчүүд голдуу хүн ирж дарга цэрэггүй ухсан даа. Эндээс алт аваагүй хүн байхгүй. Эцэст нь Мөнхбат л хоёр удаа нүхийг нь дарж мал амьтан унаж үхэхээргүй болтол нөхөн сэргээлт хийсэн. Гэтэл үүний цаад талын Цагаанчулуутад бүр том хөндийг  мөн л гадна дотны иргэд ухсан юм. Заамарын унаган иргэд эндээс хувь хүртээд, юм аваад байгаа нь ховор. Дандаа гадны улс ирж ухдаг. Би Баян-Өлгийгөөс хүн ирлээ гэж сонсоогүй. Бусад аймгаас бол ирсэн. Ухсан нүхэнд нь мал унаад үхчихнэ. Алга болсон үхрээ хайж олоод гаргатал зөрөөд айлын үхэр нүхэнд уначихсан байх жишээний. Нэг хэсэгтээ нинжагүй болж, амар жимэр байлаа. Гэтэл өнгөрсөн жилээс хойш олон хүн ирж газар шороо ухаж байна” гэж нутаг орондоо үүссэн нөхцөл байдлыг тайлбарлан танилцуулав.

Алт хайж газар шороо сэндийчдэг нөхөд нутгийн иргэдийг яваад очихоор “Өлөөр давах гэсэн түлш байдаггүй” гээд л хэд хоногоор байгаад байдаг гэнэ. Тэгсэн хэр нь шөнө болохоор энд тэндгүй гэрэл гялбалзуулж, нүх ухдаг. Өглөө нь тэдэн дээр хамгийн үнэтэй жийп л ирээд явдаг аж. Тэд бүгдээрээ гадны хүмүүс байдаг тухай ч нутгийн иргэд ярив. Тиймээс Монгол Улс нэгэнт эдийн засгаа уул уурхайгүй, тэр тусмаа алтгүйгээр авч явж чадахгүй байгаа юм бол сум орныхоо нутгаа гэсэн сэтгэлтэй хүмүүст нь тусгай зөвшөөрөл өгчихөж болдоггүй юм болов уу гэсэн саналыг зарим нь гаргав. Тухайлбал, “Заамархаан” гэдэг компани Цагаанчулуутыг нэлээд хэдэн жил хамгаалж байгаа аж. Энэ компанид тусгай зөвшөөрөл өгвөл Мөнхбат нөхөн сэргээлтээ янзын сайхан хийнэ дээ гэсэн саналтай хүн ч байна.

Заамар сумын II багийн малчин Ч.Баяндалай “Өл Цагаанчулуутын асуудал олон жил яригдлаа. Сүүлийн үед нинжа нарын ухсан 2000 гаруй нүхэнд 1000 гаруй мал унаж үхсэн. “Заамархаан” л харуул хамгаалалт гаргаж, нөхөн сэргээлт хийсэн. Өнгөрсөн жил гэхэд бүх нүх сүвийг дарж, нөхөн сэргээлтийн ажил хийсэн юм. Гэтэл энэ жил дөрвөн уурхай гарч ирсэн. Багийн хурлаараа энэ асуудлыг хөндтөл ашиглалтын ямар ч тусгай зөвшөөрөлгүй юм гэнэ. Сум, орон нутгаас байгаль орчны улсын байцаагч ирээд хамаг юмыг нь лацдаад явахад шөнө нь очоод ухаж байна. 2012 оны мал тооллогоор манай Заамар сум 46 мянгат малчинтай байсан. Тэдний 16 нь энд буюу Төмстэйгээс Өлийн даваа хүртэл нутагладаг юм. Одоо энэ малчдын маань эрх ашиг маш ихээр хөндөгдөж байна. Багийн иргэдийн нийтийн хурлаараа манай “Заамар таван хишиг”, “Борбулан” малчдын бүлгэмийнхэн ээлжээр харуулд гарч байхаар болсон. Заримдаа хүч хүрэхгүй байх нь бий” гэж учирлав.

10-19-4a4_700x700

Хайлаасан төгөл байсан газрыг ахиж ургахааргүй болтол нь тойруулаад мөлжчихжээ.

Энэ үеэр Заамар сумын ИТХ-ын төлөөлөгч Ш.Галтбадрах ч ирлээ. Тэрээр “Би сумын ИТХ-д гурван сонгууль дараалан сууж байна. Өлийн асуудлыг анхнаас нь сайн мэднэ. Сумын ИТХ-ын гаргасан шийдвэр нь Заамарын өвөрт ямар ч уул уурхайн компанид үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй байгаа. Сумынхаа Засаг даргад “Өлийн орчимд ямар нэгэн аж ахуйн нэгжийг ажиллуулахгүй шүү” гэдэг үүрэг өгсөн. Тиймээс өнөөдрийнх шиг нинжа нар орж ирвэл Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу таслан зогсоох ёстой. Гэтэл Засаг  дарга маань энэ ажлаа хийе гэж бодохгүй байх шиг байна. Цаад, наад яриагаар бол өөрөө ч оролцсон сурагтай. Өнгөрсөн жилээс Алтанцэцэгтэй ороолцолдсоныг зарим нь хэлж байна. Энэ хоёр шөнө дөлөөр 150 сая төгрөгийн нууц гэрээ байгуулсан юм билээ. Үүнийг нь ИТХ зөршөөрөөгүй. Тиймээс дураараа газар шороо хөндөж, алт ухаж байгаа хүмүүсийг Засаг даргатай холбоотой гэж хардаж байна. Ашигт малтмалын газарт долдугаар сарын 28 гэсэн огноотой тогтоол очсон гээд байдаг. ИТХ албан ёсоор өнгөрсөн хавраас хойш хуралдаагүй. Тиймээс энэ нь хүчингүй тогтоол шүү” хэмээн малчдад тайлбарлаж байв.

 Заамарт мал аж ахуй, газар тариалан, алтны үйлдвэрлэл гэсэн гурван том салбар зэрэгцээ оршдог. Тиймээс үүгээрээ бусад сумаас онцлогтой гэсэн үг. Энэ гурван салбарыг тэнцүүхэн авч явахын тулд ямар бодлого баримталдаг талаар сумын ИТХ-ын дарга Б.Нямдорж “Мал аж ахуй, газар тариалан, хариуцлагатай уул уурхайг гурвалсан байдлаар хөгжүүлж байж сум хөгжинө гэдэг дээр бид санал нэгтэй байгаа. Зөв зохистой авч явахгүй бол энэ гурван салбар хоорондоо зөрчилддөг. Уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлийн хэмжээ 33 мянган га газарт хүрчихээд байна. Тиймээс бусад салбараа хөгжүүлэхийн тулд ялангуяа мал аж ахуйн салбараа хөгжүүлэхийн тулд нэмж тусгай зөвшөөрөл өгөхгүй гэдэг дээр манай ИТХ, засаг захиргаа, иргэд санал нэгдэж байгаа юм. Манай сум 238 мянга 373 толгой малтай. Тусгай зөвшөөрөлтэй болон газар тариалангийн талбайгаа хасаад үзэхээр манай суманд яалт ч үгүй бэлчээрийн даацын асуудал яригдана” хэмээн ярьж байсан юм, уг нь.

Гэтэл Заамар сум 5545 хүн амтай. Албан бус буюу бүртгэлгүй иргэдээ оруулж тооцвол 10 мянга гаруй хүн амтай юм байна. Тэднээс 1080 нь нинжа буюу бичил уурхай эрхлэгч гэнэ. Энэ сумын бүртгэлтэй 500 гаруй бичил уурхай эрхлэгч байгаа гэдэг статистик бий. Үүний зэрэгцээ хувиараа ашигт малтмал олборлогч хэд байгааг хэлэхэд хэцүү аж.

Байгаль орчны улсын байцаагч Т.Мөнхжаргал “Манай сумын хэмжээнд 6000 гаруй га газар хөндөгдсөнөөс техникийн нөхөн сэргээлт 3000 гаруй га, биологийн нөхөн сэргээлт 2000 гаруй га газарт хийсэн. Нөхөн сэргээлтийг 2010 оноос хойш аж ахуйн нэгжүүд идэвхтэй хийдэг болсон. 2014-2015 онд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн маань нөхөн сэргээсэн талбайг буцаагаад бичил уурхай эрхлэгчид самараад хаячихаж байна. Тэгэхээр үүнийг нөхөн сэргээсэн гэж үзэхэд асуудалтай болчихож байгаа юм” гэдгийг ч сануулсан.

Одоогоор Заамарт тусгай зөвшөөрөлтэй талбай 95 байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 76, хайгуулынх 19 байгаа аж. Нийт 95 тусгай зөвшөөрөлд 33 мянган га талбай оржээ. Үүн дээр 48 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Заамар сумын Засаг дарга Д.Болормаа “Аж ахуйн нэгжүүд маань нэгэнт хаягдалтай технологиор алт олборлосноос үүдээд хаягдал дээр нь ажилладаг хөдөлмөр эрхэлдэггүй хэсэг хүн бий болсон. Энэ асуудал зөвхөн Монголд биш дэлхий нийтэд байна. Гэхдээ манайд энэ нь эмх замбараагүй явж ирсэн. Хаа дуртай газраа ухаж сэндийчдэг. Үүнийг бид эмх замбараатай болгохын тулд зохион байгуулалтад оруулахыг хичээсэн. Засгийн газрын 308 дугаар тогтоолын дагуу 24 га талбайг сумын тусгай хэрэгцээнээс гаргаж 250 бичил уурхай эрхэлдэг хүнийг нөхөрлөл хэлбэрээр ажиллуулсан” гэж байлаа. Харин тэрээр ямар ч зөвшөөрөлгүй, эрүүл газар, тэр дундаа эцэг өвгөдөө тавьдаг газрыг өлмийнөөс нь хөндөж байгааг мэдээгүй юм уу, эсвэл нуусан уу энэ талаар нэг ч үг өгүүлбэр дурсаагүй юм.

Тэр ч байтугай Заамар сумын ИТХ-ын тэргүүлэгч Д.Цогтгэрэл “Сүүлийн үед уул уурхай хариуцлагатай болсон юм шиг харагдаж байна. Гэхдээ бидний сэтгэлд хүртэл нөхөн сэргээлт хийдэг болтлоо болоогүй байгаа. Үүнийг Уул уурхайн яам, Засгийн газар бодолцож үзэж, амьдралтай зохицуулалт хийх хэрэгтэй” хэмээн тохитой хүний дүрээр томоотой үгсийг хэлж угтсан. Гэтэл мөнөөх нинжа нартай тэмцэж явсан байгаль орчны байцаагч маань өөрөө эцэст нь бичил уурхай эрхлэгч болж хувираад “Бидэнд олгодог таван га газар багадаад байна” гэх утгатай үгээр уулзалтаа дуусгасан нь сурвалжлах багийнхныг бүр гайхшруулж орхилоо. Заамарт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцахад ийм л эмгэнэлтэй дүр зураг угтав. Энэ нутагт эзэн байна уу, үгүй юу гэсэн асуулт монгол хүний сэтгэлд хөндүүрлэнэ.

Г.Ганчимэг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: зочин Огноо: 20 October 2015

эмх ЗАМБАРААГҮЙ байдлыг улам өөгшүүлж, бичил уурхайн нэрээр ядарсан иргэд биш ах дүү намынхан нь задарч хууль бус үйлдэл хийж байгааг замбараатай болгож байна гэнээ энэ улаан торгон дээлэн дээр даавуун малгай тавин багийн байрны нээлтэд тууз хайчласан соёлгүй бүдүүлэг авгай, ажилдаа цагтаа ирнэ гэж байхгүй хүнд сурталтай, сумын биш ховны Засаг дарга нэрээр нутагтаа алдаршиж буй эм ккккк, очоод нэг хараарай царайлаг гэхэд болмгүй эм бий

Нэр: зочин Огноо: 20 October 2015

нутгаа хамгаалаачэээ мангар авгай нараааа, Амараа, Ганцэцэг,Да. Болормаа

Сэтгэгдэл бичих