Төрөө ч “нурааж”, намаа ч тараах нь бололтой

“Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” гэдэг үг байдагсан. Өнөөдөр энэ үгийн үнэ цэнийг монголчууд бид яс махандаа тултал ойлгож байх шиг байна.

Засаг төр тогтвортой байдлаа алдлаа. Хэн нэгэн нь сандал ширээний төлөө улс орны хувь заяаг уландаа гишгиж, байгуулсан засгийг хүссэн үедээ нурааж байна. Тэрхүү “нураах” ажиллагаа тун удахгүй албан ёсоор эхлэх гэж байгаа талаар ордон дотор “бор шувуу” нисэж эхлээд удлаа. Тэр ч бүү хэл дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг АН-ынхан нам дотроо тодруулаад амжсан талаар эх сурвалжууд мэдээлсэн. Тэд өнөөдрийн байдлаар Р.Амаржаргал болон С.Эрдэнэ нарын хэнийг нь “тахилын ширээнд” залж, хэнээс нь албан тушаалын бялуу ахиухан хүртэх эсэхээ хараахан шийдэж чадахгүй яваа аж.

Тэгвэл сүүлийн үед Засгийн газрын саарал ордноор тун хачирхалтай нэгэн “бор шувуу” нисэх боллоо. “Бор шувуу”-г тодруулбал, 15 жилийн түүхт Ардчилсан нам задрах гэж байгаа тухай яриа юм. Засгаа огцруулж зугаагаа гаргадаг байсан бол одоо тэд намнаа тарааж бахаа хангах нь бололтой. Яг л нөгөө “улсаа хөгжүүлж өшөөгөө авна” гэдэг шиг.

Сураг сонсоход Ардчилсан нам дотроо хэд хэд хуваагдах дээрээ тулчихжээ. Одоогийн байдлаар гурав хуваагдах төлөвтэй байна. Эхнийх нь хуучин дарга Н.Алтанхуяг болон түүнийг аялдан дагагчид. Н.Алтанхуяг нь дээд шүүхэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт шинэ намаа бүртүүлсэн талаар мэдээлэл гарсан. Нам нь “Бүтээн байгуулалтын нам” нэртэй юм байна. Тус нам УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин, Л.Болд, Ц.Оюунгэрэл нараас гадна, АН-ын гишүүдээс бүрджээ. “Бүтээн байгуулалтын нам”-ыг бүртгэсэн талаарх мэдээл­лийг одоогоор ихэд нууцалж байгаа гэх яриа сонсогдох болов. Дараагийнх нь УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн “Чандмань” нам юм. Одоогоос хэдэн жилийн өмнө фракци, бүлэглэлээрээ алдартай АН дотор “Чандмань” нэртэй шинэ фракци бүл нэмсэн талаарх мэдээлэл гарч байсан. Тэгвэл одоо тэрхүү фракци нь нам бол салан тусгаарлахаар бэлтгэж буй ажээ.

Сонирхолтой нь тус намын ерөнхий нарийн бичгийн даргаар нь Лу.Болд гишүүн байх аж. Лу.Болд гишүүн хоёр ч шинэ намтай нэр холбогдоод амжлаа. Гэхдээ тэрбээр Н.Алтанхуягийн намд байхгүй гэдгээ мэдэгдсэн. Дээд шүүхэд нам бүртгүүлэхдээ хамгийн багадаа 801 хүн гишүүнээр элсүүлсэн байх ёстой. Тиймээс яг одоо “Чандмань” гишүүдээ бүртгэх ажлыг нууцаар хийж байгаа гэнэ.

Үүн дээр нэмэгдээд МҮДН болон МоАХ хоёр намаасаа өрх тусгаарлахаар бэлтгэж эхэлсэн гэнэ. Харин үлдсэн фракцийнхан нь бууриа сахиж үлдэх аж. Ингээд ойрын өдрүүдэд ордон дотор засаг огцрох болон АН тарна гэсэн хоёр ч “бор шувуу” нисэж байна. Чухам аль нь үнэн  болохыг цаг хугацаа харуулах биз. Гэхдээ саарал ордонд ниссэн “бор шувуу” биелэлээ олох нь олонтаа.

Хэрэв тийм бол АН дотоод зөрчлөөсөө болж 15 жилийн түүхээ үгүй хийх нь бололтой. Сандал ширээний эрх ашгийн төлөө зөрчилдөж, олон фракциуд нь ямагт “шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг” байдаг хүмүүс эцэст нь намаа тараах нь бололтой. АН-ынхан засаг барьсан өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд иргэдийн итгэлийг тун их алдсан тул ирэх сонгуульд амжилттай оролцох эсэх нь тодорхойгүй байгаа. Тиймээс энэ намын дотоод зөрчил туйлдаа хүрч намын дарга болон Ерөнхий сайдаа үзэн ядагсад дүүрчээ. Тэднийг нэгтгэх ганцхан боломж нь Өршөөлийн хууль байлаа. Өршөөлийн хууль дээр ашиг сонирхолын үүднээс нэгдэж чадвал болох байсан ч харамсалтай нь чадсангүй. Одоо юу болохыг харж л сууя.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Нэр: аюуш Огноо: 19 October 2015

төр барьж чадахгүй бол тарсан нь дээрээ

Сэтгэгдэл бичих