Украйн НҮБ-ын аюулгүй зөвлөлийн гишүүн болов
Өнгөрсөн пүрэв гарагт болсон НҮБ-ийн Ерөнхий Ассемблейн хуралдаанаар 2016-2017 онд НҮБ-ийн Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллах 5 орныг сонголоо. Нууц санал хураалтын дүнгээр Украйн, Египет, Япон, Сенегал, Уругвай улс Ерөнхий ассамблейн гишүүдийн гуравны хоёроос дээш санал авч, дараагийн хоёр жилд НҮБ-ийн аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллахаар болжээ.
НҮБ-ийн дүрмийн дагуу Аюулгүйн зөвлөлийн гишүүд олон улсын энх тайван, аюулгүй байдал хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг. НҮБ-ийн гол гол албан тушаал болох Ерөнхий Нарийн Бичгийн Дарга болон Олон улсын Шүүхийн шүүгчдийг сонгоход Аюулгүйн зөвлөл Ерөнхийн Ассесмблейн хамтаар шийдвэр гаргадаг юм байна. Зарим тохиолдолд хориг арга хэмжээ тогтоох шаардлагатай бүс нутгуудад НҮБ-ийн цэрэг оруулах зэрэгт тодорхой үүрэг гүйцэтгэдэг юм.
Энэ удаад Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон орнуудаас Украйн олон улсын анхаарлыг багагүй татаж байна. Тус улсын хувьд өмнө нь 3 удаа НҮБ-ийн Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдож байсан. Энэ удаагийн сонгуулиар 177 гишүүн орны дэмжлэгтэйгээр дахин Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн боллоо. Энэ тухайд Украйны Гадаад хэргийн сайд Павел Климкин “Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэж байгаа энэ үед Украйн Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон нь НҮБ-ын хувьд маш чухал үйл явдал боллоо” хэмээн мэдэгдсэн юм.
Харин олон улсын зарим шинжээчид Украйн улс Аюулгүйн Зөвлөлийн гишүүнээр сонгогдсон ч, ОХУ аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн байсан цагт нөхцөл байдалд төдий л өөрчлөлт орохгүй гэж үзэж байна. Учир нь Аюулгүйн зөвлөлийн байнгын 5 гишүүн орон хориг тавих эрхээ эдлэх тохиолдолд Аюулгүйн зөвлөлөөс шийдвэр гардаггүй дүрэмтэй юм. Шинээр сонгогдсон гишүүн орнууд 2016 оны нэгдүгээр сарын 1-нд үүрэгт ажлаа хүлээн авна.
URL: