Татаас ч авна, тариф ч нэмнэ
Эрчим хүчний салбарынхан иргэдийн халаасыг “давхар” тэмтэрч эхэллээ
Энэ сарын цахилгааны төлбөртөө 23827 төгрөг төлөөрэй гэсэн утгатай зурвас утсанд ирлээ. Өмнөх саруудад 10 гаруй мянган төгрөгийн төлбөр төлдөг байснаа бодоод үзэхэд цахилгааны үнэ ч нэлээд өсжээ. Манай гэр бүлийн гишүүдийн хэрэглээ өсчихсөн юм уу, эсвэл цахилгааны мөнгийг тэгтлээ нэмсэн юм болов уу гýдýг нü анхаарал татав.
ЭРЧИМ ХҮЧНИЙХЭН ИРГЭДИЙН ХЭТЭВЧ РҮҮ
Угтаа эрчим хүчнийхэн олон арван тэрбум төгрөгөөр тоологдох татаасыг жил бүр улсын төсвөөс авдаг. Тиймээс төр засгаас эрчим хүчний тариф тогтоодог билээ. Хэрэв төрөөс үнэ өсгөх шийдвэр гаргаагүй л бол төлбөрийн хэмжээ огцом өсөх учиргүй. Өөрөөр хэлбэл, өрх гэрийн хэрэглээ огцом нэмэгдэхгүй л бол төлбөрийн хэмжээ 10 гаруй мянган төгрөгт хадгалагдсан хэвээр байх учиртай.
Салбарын яамны цахим хуудаснаас харахад тэд 2013 онд 32.6 тэрбум, өнгөрсөн онд 29.3 тэрбум төгрөгийн татаас улсын төсвөөс авчээ. Энэ онд 26 тэрбум төгрөгийн татаас шаардлагатай гэж мэдүүлсэн байна. Гэхдээ дээрх татаас нь алдагдлаа нөхөх хэмжээнд хүрэхгүй байна гэж гомдол тавьсан байна билээ.
Тиймээс ч сэхэл авалгүйгээр сэхээнд хэвтсэн эрчим хүчнийхэн улсын төсвөөс халиад, иргэдийн хэтэвч рүү өнгийж эхэлсэн нь энэ аж. Хамгийн хачирхалтай нь, улсын төсвөөс буюу иргэдийн төлдөг татварын мөнгөнөөс татаас хэлбэрээр олон тэрбум төгрөг авчихаад, тарифаа өсгөж байгаа нь алдагдлаа хоёр аргаар нөхөж буй хэрэг юм.
Эрчим хүчний зохицуулах хорооны тайлбарласнаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Эрчим хүчний тарифыг индексжүүлэх журам баталжээ. Энэ нь цахилгааны үнийг чөлөөлөх үйл явцын эхлэл болж байгаа юм. Уг журмын дагуу тэд өнгөрсөн баяр наадмын өмнөх өдөр буюу долдугаар сарын 10-нд эрчим хүчний тарифыг нэмэх шийдвэр гаргасан байна. Ингэснээр кВт цаг тутамдаа 4.4 төгрөгөөр үнэ нь өсжээ. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор мөн л кВт цаг тутамд дөрвөн төгрөгөөр өсгөсөн байгаа юм. Нэг кВт цаг тутамд нийтдээ 8.4 төгрөгөөр өссөн байгааг та харж байна. Түүнчлэн суурь үнийг 2000 төгрөг болгосон нь өмнөх дүнгээсээ хоёр дахин өссөн үзүүлэлт.
Нийслэлийн иргэд ч гайгүй. Баруун бүсийн нэгдсэн сүлжээнээс тог цахилгаанаа авдаг айлуудын цахилгааны төлбөр ч талийгаад өгсөн. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор кВт тутамд нь 8.3 төгрөгийн нэмэгдэл тооцох юм.
“ДӨРВӨН ТӨГРӨГ”-ӨӨС 10 ХУВЬ РУУ
Ердөө дөрөв болоод 1000 төгрөгөөр цахилгааны үнэ өссөн мэт харагдах боловч, нийт төлөх хэмжээг тооцоход 10 орчим хувиар нэмэгджээ. Нарийн тооцоод үзье. Салбарынхан нэг өрхийг дунджаар 150 кВт/цаг эрчим хүч хэрэглэдэг хэмээн үздэг. Тиймээс ч 150 кВт/цаг- аас дээш, доош хэрэглээний тарифтай. Үүнийг өнөөх өссөн 8.4 төгрөгөөр үржүүлэхэд 1260 төгрөгтэй тэнцэж байна. Үүн дээр суурь үнийн 1000 төгрөгийг нэмж тооцвол өмнө нь төлдөг байсан 15 орчим мянган төгрөгийн 10 гаруй хувьтай тэнцэж байгаа юм. Хэрэглээ ихтэй айл өрхийн төлбөр талийгаад өгнө гэсэн үг.
“Дөрвөн төгрөг”-ийн индексжүүлэлтийн ард 10 гаруй хувийн өсөлт бий
Үүнээс гадна цахилгааны төлбөрөө наадмын өмнө нэмсэн нь сонирхол татдаг. Цахилгааны үнийг 10 гаруй хувиар өсгөх талаар ажлын өдрүүдэд мэдэгдээд, том том тооцооллоо танилцуулсан бол нийгмийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах нь тодорхой. Гэхдээ нийтээрээ хэрэглэдэг бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөснөө “нууж хааж”, баярын үеэр шийдвэрээ танилцуулсан нь сэжигтэй. Үүнээс гадна “дөрвөн төгрөг” гэдэг үгээр 10 орчим хувиар өсгөснөө зөөлрүүлж суугааг яалтай.
Дашрамд сонирхуулахад “дөрвөн төгрөг”-ийн индексжүүлэлтийг жилд дөрвөн удаа хийх боломжтой. Баярын өмнө индексжүүлж үнээ нэмдэг гээд бодвол цагаан сар, улсын наадам, шинэ жилээр үнээ өсгөчихөд л болоод явчих нь ээ.
Хамгийн гол нь цахилгаан, эрчим хүчний үнэ иргэдийн амьдралд ихээр нөлөөлдөг учраас олон тэрбум төгрөгийн татаас өгдөг. Гурил будаанаас эхлүүлээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнтэй адил хэмжээгээр иргэдийн амьжиргаанд нөлөөлдгийг та ойлгосон байх. Тэгтэл өрхийн дундаж цахилгааны төлбөрийн мэдээлэл манай улсад алга.
НУУЦЫН ЗЭРЭГЛЭЛД ХАМААРДАГ ТАРИФ
Нийтлэлийг бичих явцад бариад авчих баримт, тооцоог салбарынхан хэлж өгөлгүй “бултаад” байсныг хэлэх нь зүйтэй. Чухам яагаад Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгааны үнэ тарифыг өсгөснөө тайлбарлах мэргэжилтэн ч алга. Хууль журмынхаа дагуу 4.4 төгрөгөөр индексжүүлсэн тухай олон нийттэй харилцах албанаас нь мэдээлэв.
Угтаа тэд татварын мөнгөнөөс татаас хэлбэрээр олон арван тэрбум төгрөг авчихаад, тариф нэмэх асуудлаа иргэдэд тайлагнах ёстой. “Тариф нэмэхгүй л бол манай станцууд дампуурах гээд байна” гэсэн зовлонгоо ч хэлэх хэрэгтэй. Үүнээс гадна татаасаа юунд зарцуулж, яагаад үнэ нэмэх болсон тооцооллоо ч нээлттэй танилцуулах үүрэгтэй байгууллага.
Гэтэл мэргэжилтнүүд нь “Тэрүүгээр явсан гайг энд дуудаад юу гэх вэ” гэсэн хандлагатай, аль болох мэдээлэл өгөхгүй байхыг хичээж буй нь хардалт улам дагуулна. Хууль журмын дагуу үнээ өсгөсөн юм бол, мэдээллээ ч олон нийтэд нээлттэй байлгах ёстойг дахин сануулмаар байна. Үнээ нэмсэн эрчим хүчнийхнээс гадна үүнийг нь багцалж тооцдог Үндэсний статистикийн хорооныхон ч мэдээлэл өгөхөөс эмээснийг нуух юун. Энэ мэтээр яривал эрчим хүчний үнэ болон түүнтэй холбоотой бусад мэдээлэл нууцын зэрэглэлд хамаардаг бололтой.
Эцэст нь, эрчим хүчний салбарынхан иргэдийн халаасыг “давхар” тэмтэрч байна. Тэд татаас гээд олон арван тэрбум төгрөг авч үрчихээд өдгөө үнэ чөлөөлнө гээд ярьж сууна. Татаасаа ч аваад, тарифаа нэмэх нь даанч жудаггүй юм. Аль нэгийг нь л сонгох хувилбартай баймаар санагдана.
Э.Хулан
Засгийн газрын мэдээ
URL: