Сурагчдаас мөнгө татсан багш нарт хариуцлага тооцно
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын шуурхай хуралдаанаар багш нарын сурагчдаас мөнгө татах асуудлыг хэлэлцэж, хариуцлага тооцох шийдвэр гаргасан байна.
Тус аймгийн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 70321111 утсанд ирж буй гомдлын дийлэнхийг багш нарын ёс зүй, хариуцлагатай холбоотой асуудал эзэлж байгаа аж. Тиймээс зөрчил гаргасан багш нарт Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу сахилгын шийтгэл ноогдуулах арга хэмжээг тооцжээ.
Улмаар тус шийдвэрээ Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирүүлэх албан тоотыг сургууль, цэцэрлэгүүдэд хүргүүлж, ирсэн хариунд дүн шинжилгээ хийн аймгийн удирдлагуудад мэдээлэхийг ИТХ-ын дарга Г.Ганболд үүрэг болгосон байна.
2015 онд Засгийн газрын чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх талаар байгуулсан гэрээнд ЕБС, цэцэрлэгүүд эцэг эх, асран хамгаалагчдаас хууль тогтоомжид зааснаас бусад төлбөр мөнгө авахгүй байх, энэ төрлийн зөрчлийг таслан зогсоох талаар урьдчилан сэргийлэх ажил зохион байгуулахаар тусгасан байдаг.
Гэвч сургууль, цэцэрлэгийн анги удирдсан багш нар анги танхимд тохижилтын ажил хийхэд төсөв мөнгө хүрэхгүй гэсэн шалтгаанаар Эцэг эхийн зөвлөлийн нэрийн дор байнга хандив, татаас авч байгаа аж.
URL: