Ж.Амарсанаа: Транс тосны хор аюулыг иргэд ойлгохгүй байна

Эрүүл мэндийн дэд сайд асан, НИТХ-ын төлөөлөгч, анагаах ухааны доктор Ж.Амарсанаатай ярилцлаа.

-Хэдэн жилийн өмнө та сахарын хэрэглээг бууруулъя гэсэн уриалга дэв­шүүлсэн. Одоо транс тос­ноос татгалзахыг сэрэмж­лүүлж байна. Транс тос гэж чухам ямар бүтээг­дэхүүн болохыг тайлбарлаж өгнө үү?

-Энэ бол  үйлдвэрийн аргаар гаргаж авсан тос юм. Тухайлбал, шингэн тосыг тасалгааны хэмд хай­лахааргүй хатуу масло, маргарин зэрэг бүтээг­дэ­хүүн болгосныг транс тос гэдэг. ДЭМБ-аас анх хүн өдөрт хоёр граммаас илүү транс өөх хэрэг­лэх­гүй байхыг зөвлөж байсан ч 2009 оноос хойш транс өөхийг хоол хүнсэндээ огт хэрэглэхгүй байхыг уриалсан байдаг.

Баруун Европ болон Өрнөдийн томоохон гүрнүүдэд энэ тосыг хэрэглэхгүй байхыг ард иргэддээ уриалдаг бас хориглодог. Гэтэл тэнд хориглосон транс  тос манайд хямд үнээр орж ирж байна. Энэ нь ч  судалгаагаар тогтоогдсон. Транс тосны хэрэглээг хязгаарлахгүй бол манай улсын  хүн амын дундах  нас баралтын дийлэнх хувийг эзэлж буй өвчлөлүүдийн гол суурь болж байгаа юм.

-Тухайлбал?

-Жишээ нь, монголчуудын эрүүл мэндэд хамгийн ноцтой хор уршиг үзүүлж байгаа зүрх судасны өвчин байна. Нас баралтын шалтгаанаар нь  ангилж жагсаавал нэгдүгээрт,  зүрх судасны өвчин ордог. Хоёрдугаарт, хорт хавдар орж байна. Зүрх судасны өвчнөөр нас барж байгаа шалтгаан нь яагаад ийм их байна вэ гэдгийг судалж  үзэхэд буруу  хооллолт, амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй байна. Хооллолтын буруу дэг­лэмд өөх тосны  хэрэглээ зүй ёсоор орно. Өөх тосны буруу хэрэглээнд транс тосыг эмх замбараагүй  хэрэглэж байгаа нь тогтоогдсон. Иймд транс тосны хэрэглээг бууруулах уриалга гаргасан ч иргэдийн мэдлэг, мэ­дээ­лэл хангалтгүй байгаагаас хэрэгжилт удаан байна.

-Хүний биед  үзүүлж буй  сөрөг нөлөөг нэрлэхгүй юу?

-Транс өөх хүний биед орсон бол  гарахдаа амаргүй. Хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа  бодисын солилцоонд гацаа үүсгэдэг. Үүнээс үүдэж  судас нарийсч, даралт ихсэх, харвалт өгөх,  цусан хангамжийн дутагдал, шигдээс өвчин их тохиолддог. Өвчний гол  суурь нь судас бөглөрөх өвчин юм. Гэтэл транс тос судас нарийсгах үйл ажиллагааг улам нэмэгдүүлдэг. Транс өөх барагтай юманд задардаггүй. Судсанд очиж наалдахдаа амархан. Жирэмсэн эхчүүд хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн бодисын солилцоонд нөлөөлдөг. Шинээр төрөх гэж байгаа хүүхэд эхийнхээ өөх тосыг шингээж авдаг. Транс тос их хэрэглэвэл төрж байгаа хүүхдийн оюуны чадамж сул, өвчинд  өртөмтгий болно. Энэ  том аюул. Мөн сахарын өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Сэтгэцэд нөлөөлж, ой тогтоолтыг бууруулдаг гээд сөрөг нөлөө олон бий.

-Транс тосны хэрэглээг бууруулахад холбогдох газрууд хэр анхаарч, ажиллаж байна вэ. Хяналт, шалгалт ямар төвшинд байна гэж та үзэж байна?

-Уг нь  үндэсний аюулгүй байдлын хэм­жээнд яригдахуйц өргөн сэдэв, ноцтой асуудал. МХЕГ ажилламаар байна. Хяналт, шалгалтаа сайжруул гэж холбогдох газрууд шахмаар байна. Гэтэл МХЕГ   бодлогын хэрэгжилтийг хянадаг байгууллага болохоос бодлого гаргадаг, боловсруулдаг байгууллага биш. Бодлого гаргадаг яамд, стандартыг нь батлах ёстой. Энд стандарт хэмжил зүйн газар нь ажиллаад эхэлвэл МХЕГ транс тосыг хэрэглэхийг болиулах үүрэгтэй болох юм. Миний хувьд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байхдаа энэ талаар асуудал дэвшүүлж, ажиллаж байсан. Харамсалтай нь хүмүүс ойлгохгүй, олон нийтэд хүрэхгүй байна.

-Транс тос ямар бүтээгдэхүүнд түлхүү агуулагддаг вэ?

-Чипс бол тэр чигээрээ транс өөх. Майонез, маргарин, ихэнх үйлдвэрийн боов боорцог, түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүдэд ихээр  агуулагддаг.  Зарим вафли печень, гадуур зарагддаг пирожки, хуушуурт байна. Тортонд ихээр агуулагддаг.

-Транс тостой бүтээгдэхүүнийг яаж ялгах вэ. Чанарын тэмдэг, тэмдэглэгээ гэж байна уу?

-Тухайн бү­тээгдэхүүний шошгон  дээрээс харж болно. Шошгон дээр ямар нэгэн байдлаар ургамлын гаралтай тос гэж бичээстэй л байвал транс тос байх магадлал маш өндөр. Харамсалтай нь үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ шошгон дээр хэзээ ч транс тостой гэдгийг тэмдэглэдэггүй. Мөн устөрөгчжүүлсэн, хагас устөрөгч бүхий  тостой гэж байвал  транс тостой байх магадлал өндөр. Цэвэр цөцгийн тос 100 хувь гэвэл масло гэсэн үг шүү дээ.

-Монголчууд транс тос хэрэглэхгүй байх, хэрэглээгээ бууруулах  ямар боломж байна вэ?

-Монголчууд цагаан идээнээсээ өөх тосоо гаргаж аваад хэрэглээд сурчихсан ард түмэн. Энэ уламжлалаа дагаад, цагаан идээгээ түлхүү хэрэглээд  явах боломж бүрэн бий. Транс тос бол хамгийн хямд тос юм. Малын өөх тосноос хямд учраас  иргэд авч хэрэглээд байна. Бас нэг асуудал бол холестрин ихээр агуулдаг хонины махаа түлхүү хэрэглэдэг нь зүрх судасны өвчлөл үүсгэдэг.

-Таныг энэ асуудлаар сургууль, цэцэрлэгүүдээр явж ажиллаж байгаа гэсэн. Ямар шийдвэр гарч байна?

-Нийслэлд үйл ажил­­лагаа явуулдаг бүх сургууль, цэцэр­лэ­гээр орсон, шал­га­сан. Мэдээлэл өгч сэ­рэмж­лүүлсэн. Сургууль, цэ­цэр­лэгүүд транс тосны хэ­рэглээг хязгаарлана гэ­сэн. Үүний дараа нийтийн хоолны газруудаар явна.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Нэр: Anonymous Огноо: 16 October 2015

Ovoo sh d

Нэр: Зочин Огноо: 25 February 2016

Амарсанаа шиг хүмүүс олон болвол бид ирээдүйдээ санаа зовохгүй амьдарч болохоор элэгний эм гэж анх ярьсаар оруулж ирсэн одоо үр дүнг нь үзээд олон хүн вируснээсээ салсан хариугаа аваад баярлаж байхыг элэгний төв дээр өчигдөр харлаа 1 эгч бүр уйлж байна ийм л хүмүүсээр бид дутаад бна би эмээ авсан сайхан хариу удахгүй сонсох байх таньд баярлалаа

Нэр: Anonymous Огноо: 29 February 2016

sssssss

Нэр: xaxa Огноо: 29 February 2016

Zasss uitgartai gar bna

Нэр: bat yandan Огноо: 1 March 2016

Амарсанаа! Транс тосны хор аюулыг иргэд ойлгохгүй !!!!

Нэр: ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАЯР Огноо: 1 March 2016

ЗӨВ ШҮҮ

Сэтгэгдэл бичих