Эрүүгийн хуулийг харлуулж буй амьдралаас тасархай заалтууд

Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зайлшгүй өөрчлөх, бүр хасчихмаар заалт хэд хэд бий. Ялангуяа, гэмт хэрэгтэй хамааралтай хөдөлмөрийн хөлсний ойлголтыг Эрүүгийн хуулиас нэг мөр хасчихмаар санагддаг. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шууд хамааралтай. Торгох ял, гэмт хэргийн ангилал, хулгайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэх хохирлын хэмжээ 140 мянган төгрөгөөс хамааралтай байдаг учраас хасах санал гаргаж байна.

Уг хуульд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаарах заалт оруулсан нь энэ хуулийг “хар” харагдуулдаг төдийгүй сөрөг үр дагавар авчирсан. Монгол Улсын хэмжээнд цалингийн доод хэмжээ 30 хувиар нэмж 140 мянган төгрөг болсон. Хөдөлмөрчдийн цалингийн доод хэмжээг өсгөх нь гарцаагүй зөв. Гэхдээ үүнийг Эрүүгийн хуульд хамааралтайгаар нэмэх нь утгагүй гэдгийг хуульчид хэлж байна.

Тухайлбал, хулгайн үйлдэл 140 мянган төгрөгөөс доош хохиролтой бол эрүүгийн хэрэг үүсгэхгүй. Иргэд халааснаас эсвэл орон байрнаасаа энэ хэрийн хохирол амсахад төр хуулиар хамгаалахгүй, Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу торгоод өнгөрч байгаа юм. Гэмт этгээд 130 мянган төгрөгийн эд зүйл хулгайлсан байхад 10 мянгаар торгоод суллана гэсэн үг. Үнэндээ, гэмт хэрэгтэй холбоотой хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хамаараад нийслэлд 140 мянган төгрөгөөс доош үнэтэй эд зүйл хулгайлдаг бүлэглэл бий болчихоод байгааг ЭЦГ-ынхны хэнээс ч асуусан хэлээд өгнө.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс шууд шалтгаалан зарим гэмт хэрэг хэрэг биш болж байгаагийн жишээ энэ. Нөгөөтэйгүүр торгох ял бараг хэрэгждэггүй. Цонх хагалсан, гар утас булаасан хүнд шүүхээс их хэмжээний торгууль ногдуулах нь бий.

Өнгөцхөндөө хэрэг үйлдсэн хүнийг хашрааж буй мэт дүр зураг харагдаж байна. Гэхдээ цаанаа олон олон сөрөг үр дагавар дагуулдаг. Шуудхан хэлэхэд торгуулийн ял тухайн шийтгүүлсэн хүндээ хүнд тусдаг. Өмгөөлөгч нар үүнийг хийсэн хэрэгт нь тохирсон ял биш гэж үздэг. Тэгээд ч ял авсан этгээд торгуулийн мөнгөө төлөхийн тулд дахин хэрэг үйлддэг нь судалгаагаар нэгэнт батлагдсан.

Ер нь их хэмжээний торгууль төлөх ял авсан хэрэгтэн гэмээ залруулсан нь цөөхөн аж. Гурван жилийн дотор торгуулийн мөнгөө төлөхгүй бол шоронд орох хуулийн заалт бий. Энэ хугацаанд өрөө төлөхгүй бол шоронд орохоос өөр сонголтгүй болгож байгаа юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 155.2 дахь хэсгийг 2008 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр уг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хассан. Одоо Эрүүгийн хуулийн 155.1-д заасан ганцхан заалтыг баримтлан мөрдөн байцаагч нар шалгалт явуулж байгаа. Мөн эл зүйл ангиар прокурорууд яллах дүгнэлт үйлдэж, үүнийг шүүх хурал авч хэлэлцэнэ. Энэ нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгийг авах, борлуулахтай холбоотой зүйл анги. Хулгай, дээрэм, булаалт зэрэг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг худалдаж авч байгаа ченжүүдийг эл зүйл ангиар буруутган шалгадаг. Гэтэл энэ зүйл анги санкцын хувьд хэтэрхий бага ялтай. Тодруулбал, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг мэдсээр байж худалдаж авсан, хадгалсан, тээвэрлэсэн бол 1-3 cap хүртэлх хугацаагаар баривчлах ял шийтгэнэ гэж эл зүйл ангид заасан байдаг. Харамсалтай нь амьдрал дээр энэ төрлийн хэрэг үйлдсэн хүнийг гурван cap хүртэлх хугацаагаар баривчлаад өнгөрдөг. Саяхан Сүхбаатар дүүргийн шүүхээс “Компьютер Ланд” худалдааны төвд лангуу түрээсэлж ажилладаг залуугийн хэргийг шийдсэн. Тэрбээр хулгайч нарт байнга захиалга өгч эд бараа авдаг байжээ. УМБГ-ын ажилтнууд хэргийг илрүүлж хэрэгтэн шүүхээс cap баривчлах ял сонссон юм билээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн тухайд зайлшгүй өөрчлөх ёстой нэг заалт бий гэж боддог. Энэ бол эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдлөг хийлгэхээр прокурорт буцааж, иргэдийг удаан хугацаагаар чирэгдүүлж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 зүйл ангид багтсан заалт. Товчхондоо, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230-д заасан заалт үндсэн хууль, олон улсын Пактын заалттай зөрчилддөг. Тухайлбал, олон улсын Пактын 14 дүгээр зүйлд шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийн талаар заасан байдаг. Монгол Улсын үндсэн хуулийн 14.1 дэх хэсэгт энэхүү эрхийг яг адил утгаар томьёолсон. Эндээс хуульчид үндсэн хууль болон олон улсын гэрээнд нийцээгүй заалтаа мөрдөх үү, хүний эрх зөрчиж байгаа хуулийг хэрэгжүүлэхгүйгээр үндсэн хуулиа баримтлах уу гэдгээ нэг мөр болгох хэрэгтэй нь харагдаж байна.

Бодит амьдрал дээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцааж, иргэдийг удаан хугацаагаар чирэгдүүлсээр байгаа. Зүй ёсоор бол хуулийн байгууллага олон улсын гэрээг баримтлах ёстой. Удахгүй эхлэх УИХ-ын намрын чуулганаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэнэ. Олон нийт хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа торгуулийн ялын жорыг зөв тааруулахаас гадна хуулийн шаардлагагүй заалтыг хасч амьдралд ойр хууль батлахыг хүсч байна.

Д.Мягмаржаргал

Эх сурвалж: “Монголын Үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих