Музейн салбарт хамтран ажиллах суурь тавигдлаа
Олон улсад танигдсан Туркийн түүхийн ухааны доктор, профессор Илбэр Ортайлы Богд Хааны ордон музейн урилгаар энэ сарын 8-13- ны өдрүүдэд Монгол Улсад айлчиллаа.
Вена (Австри), Берлин (Герман), Парис (Франц), Москва (ОХУ), Ром (Итали), Мюнхен (Герман), Страсбург (Франц), Яна (Грек), Софи (Болгар) , Киль (Герман), Кембриж (Англи), Оксфорд (Англи), Тунис (Тунис) зэрэг хотуудын их, дээд сургуулиудад зочин багшаар ажиллаж байсан тэрээр олон оронд түүхийн сэдвээр лекц уншиж байсан. Түүний бичсэн 16 болон 19 дүгээр зууны Османы эзэнт гүрэн болон Оросын түүхийн сэдэвт эрдэм шинжилгээний бүтээлүүд нь гадаад, дотоодын олон ном, сэтгүүлд нийтлэгдсэн байдаг юм.
Өдгөө 68 настай тэрээр Монгол Улсад хийсэн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Шинжлэх ухааны академид “Ил Хаад”, ШинжлэхУхаан, Технологийн Их сургуульд “Судрын чуулган”, мөн Богдхааны ордон музейд “Топкапи Ордон музей болон музейн удирдлага” сэдвүүдээр тус тус лекц уншлаа.
Профессор Илбэр Ортайлы айлчлалын хүрээнд Хархорин хотод байрлах Билэг хаан, Культегин болон Налайхад байрлалтай Мэргэн Тоньюкукийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ. Мөн Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны Соёлын бодлого зохицуулах газрын дарга Д.Ганзоригтой уулзсан байна.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан энэ айлчлалын үеэр доктор, профессор И.Ортайлы сонирхолтой сэдвүүдээр лекц уншсаныг олон хүн онцолж байсан бөгөөд ялангуяа 13 дугаар зууны үед Анатолияд (Бага Ази) оршин тогтнож байсан Ил хаад гайхамшигтай зохион байгуулалттай ар түмэн байсны дээр шинэ төрлийн хэл үүсгэж эрдэм шинжилгээний салбарт мөрөө үлдээсэн болохыг онцолсон нь анхаарал татаж байв.
2005 онд Туркийн Топкапи ордон музейн захирлаар томилогдон долоон жилийн турш ажилласан тэрээр Олон улсын Османы эзэнт гүрний судалгааны хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Европын Иран судлалын холбоо болон Австри-Туркын Шинжлэх ухааны хоороны гишүүн, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн хүндэт профессор юм.
И.Ортайлы турк, герман, франц, англи, итали, орос хэлийг эзэмшсэн бөгөөд түүний уран бүтээлүүдийг гадаадын олон хэл рүү хөрвүүлжээ.
2006 онд “Европ болон Газрын дундад тэнгисийн хоорондын Лазио” хэмээх шагнал хүртсэн. 2007 онд орос хэл, Оросын түүхийг танин мэдүүлэх, олон улс болон ард түмэн хоорондын харилцааг хөгжүүлэхэд оруулсан түүний үнэтэй хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий А.С.Пушкины нэрэмжит шагналаар шагнасан байна.
Түүхийн ухааны доктор, профессор Илбэр Ортайлы өдгөө Туркийн Галатасарай Их сургууль болон Билкентийн Их сургуульд тус тус Туркийн Хууль эрхзүйн түүхийн хичээл зааж байна.
ЭХ СУРВАЛЖ: ТУРКИЙН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ
URL: