Баруун хязгаар нутгийн баян намар
Олон ястны өлгий гэгддэг Ховд нутагт налгар сайхан намар болж байна. Монголд байдаг мөнх цаст уулсын 70-аад хувь нь эдний нутагт байдаг гэхээр уулсын орон гэж хэлж болно. Тэдгээр уулс бүхэн нь домог хүүрнэдэг гэдэг. Бас дуунд мөнхөрсөн Буянт гол, Хар ус нуур болоод Шижигтийн хавцлаар аймгийн “хил алхан” орж ирсэн Ховд гол гээд усны их нь тэнд л бий.
Тэнгэрийн хаяа өргөн сүүхийх Цаст Цамбагаравын хормойд хүрээд буцаж холдох тусам тэр хайрхан улам өндөрсөж харагдах. Ховд хотын захаас л өтгөн ой, бургасан шугуй үргэлжлэх юм. Тэр дундуур явахад алтан шаргал навчис нь бороо мэт асгарч хөлд шаргиад. Ай Ховдын намраа гэж.
Сэтгэлийн чавхдас хөглөх олон аялгуутай бас буман өнгөтэй билээ л. Хавар амилдаг зэрэглээ намрыг чимж байхыг Ховд голын хөндийд харав. Ногоочид нь жимс ногоогоо хураагаад авчихаж. Цагийн юм цагтаа гэдэг болохоор оройтож очсноо ухаарав.
Гэвч зарим газарт чацарганы төгөл тэр чигээрээ улайрч шаргалтан харагдана. Энэ нутгийнхан ханцуй нь байнга шамлаастай байдаг дэндүү ажилсаг хүмүүс гэдгийг Ховд хотын бүтээн байгуулалт болоод малчны хот, жимс ногооны аж ахуй дээр очиход л мэдрэх юм.
ХОНЬ ОЛОНТОЙ ХОНГИО БАГИЙНХАН
Эрдэнэбүрэн сумын нутгаар явлаа. Энэ сум мал сүргийн тоогоор аймгийнхаа хэмжээнд айргийн тавд ордог. Хониор бол зиндаа бүр ахина. Тэр тусмаа Хонгио багийнхан хамгийн олон малтай. Ховд голын эрэгт намаржааны нутгийг “Аваргын гол” гэх. Учир нь энэ багт улсын аварга малчин 13-д хүрсэн. Цаашлаад мянгат малчин 38 болж. Сүүлийн жилүүдэд энэ голын малчид малаа задарсан олноор өсгөж байгаа гэнэ. Тиймээс Хонгио голынхон баян гэдэг нутгийнхны яриа гарсан байдаг. Энэ намар Ховдын хөндийд налгар намар айлчилж байна. Мал нь тарган, малчид нь урамтай. Ерөөс Эрдэнэбүрэнгийнхэн тэр чигээрээ Галданбошигт хааны удмынхан гэж яс, махнаасаа бахархдаг өөлд түмэн юм. Цөөхөн өөлд түмнээ энэ л сайхан уултай, устай, ургамлын шимтэй бүхэн бүрдсэн нутагтаа үеийн үед эзэн болж яваарай гэсэн эзэн хааны нь захиас байдаг ч биз. Цаст Цамбагарав хайрхны цас энэ намар эртхэн ихэссэн нь нэгийг хэлмүү. Тэр нь юу вэ гэвэл хахир өвөл, хөр цасыг өөртөө шингээн нутаг нугийнхандаа өн, тарга бэлэглэх гэж л тэр байхаа гэж настайчууд нь хэлж байна.
Бид малчин Ц.Шүрхүүгийнд аяны дөрөө мулталлаа. Гэр бүлээрээ малч удмын хүмүүс юм. Ц.Шүрхүү 30-аад жил мал маллалаа. Мал дагавал ам тосдоно гэдэг. Эгэл үгийн үнэнээр сайхан л амьдарч байна даа гэж яриагаа эхлэв. Эднийх одоо хонь дийлэнх 1600-гаад малтай юм. Анх айл болоход аав, ээж нь 30 гаруй мал тасдаж өгсөн бол дараа нь хувьчлалаар бас 20-иод мал, нэг ухна, хашаа л авч. Түүнээс хойш уйгагүй хөдөлмөрлөснөөр одоо мянгатын эгнээнд багтаж сумын аварга малчин болчихоод байгаа юм байна. Малаа өсгөсөн арга туршлагаасаа ярина уу? гэхэд Ц.Шүрхүү:
–Манай нутаг бэлчээр ус нь тэгшхэн сайхан газар. Малчин бид малаа л гэх ч энэ сайхан хангайн шим өгөөж байна шүү дээ гэхэд эхнэр Ц.Ганцоож нь түүнтэй үг уралдуулан:
–Манайх жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүж малаа таргалуулдаг. Сумаас зохион байгуулж өвөлжөө, хаваржааны бэлчээрийг нөөцлөн энэ голын хөндийд бүх айлыг аравдугаар сарын 15-20 хүртэл байлгах болсон. Энэ битүү бургаст хөндий малд ээлтэй сайхан нутаг даа гэж байна лээ.
Эднийх Хонгиогийн гол, Сухайтхайрхан гэсэн үндсэн нутагтай. Намаржаанаасаа нүүж Мааньтад арваннэгдүгээр сарын дунд хүргээд арванхоёрдугаар сарын 25 гэхэд өвөлжөөндөө хүрнэ гэцгээж байв.
–Хаяа хаяагаа дэрлэсэн олон хот айл байна даа гэвэл тэд
–Даангүй малын идэш ус нь хүрэлцээтэй ч бэлчээрийн даац тун багаслаа. Энд байгаа айлууд доод тал нь 500 малтай болчихож гэх.
–Бэлчээрт тааралдах малд хонь дийлэнх байх юмаа даа?
–Тийм ээ. Хонгио багийнхан хонь олонтойгоороо удамтай. Өсөх ч учиртай мал даа.
–Өсөх учиртай гэв үү?
–Тийм ээ. Бид хангай дэлхийгээ байнга шүтэж амьдардаг. Өвгө дээдсээсээ тахиж ирсэн Хонины овоогоо жил бүр тахьдаг. Тахьсан өдрөөс л тэнгэр хангай баясдаг юм даа гэсэн яриа бидний дунд болоод өнгөрөв.
Харин малчдад хүндрэлтэй юм нь гэвэл малаас авсан ашиг шимээ борлуулах талд хүндрэлтэй байдаг тухай хэлж байсан шүү. Энэ өвөл зуд болох уу гэхэд малчид дуулаа ч үгүй юм шиг байх чинь билээ. Хашир малчид энэ жил өнтэй сайхан өвөл болноо. Тарвага яг л цагтаа нэг зэрэг ичсэн. Намар ховор байдаг хачиг цөөнгүй үзэгдлээ. Эцэг өвгөд маань намрын хачиг зургаан хөлтэй байвал зуд болдог гэдэгсэн. Тэгвэл энэ намрын хачиг найман хөлтэй байналээ гэх үгс ярих юм. Намар буусан хачигийн нуруунд нь тос түрхээд тавьдаг байна. Бас Чандмань, Зэрэг сумынхан Шургуугийн гол ус нь үгүй болоод удсан бол энэ намар халгиж урсаад гарч ирлээ. Өвөл өнтэй болохын дохио гэцгээхийг сонссон. Тийм болохоор энэ өвөлдөө зуд холуур өнгөрөхнээ гэж ойлголоо.
Шүрхүүгийхтэй бараг саахалт аймгийн аварга малчин Ц.Цэдэндамбаагийнх, А.Дэлгэрийнх, Сэрдамбынх, Хадбаатарынх гээд олон айл тавтай сайхан намаржиж байна. Тэндээс буцахуйд алсад харагдах Жаргалант хайрхнаас наашихыг бүрэн ажвал ижил буруу өнгөтэй оргисон шовх уулсын тухай ямар сонин юм бэ гэсэн хачин бодол зөвийг үргээх мэтээ.
УРГУУЛЪЯ ГЭСЭН БОЛГОНД СУУЛГАЦ БЭЛЭГЛЭНЭ
Компанийн захирал Д.Чимэдцэрэн ногоочин А.Авдал нар.
“Ой, ан интернэйшнл” ХХК–ийн захирал Д.Чимэдцэрэн ингэж хэлнэ лээ. Энэ үгийг сонсоод танай компани тийм баян юмсан уу? гэвэл
–Баяндаа биш л дээ. Бидний өлгийдэх шахам бойжуулж байгаа мод, бургасны суулгац, тарьж ургуулж байгаа жимс, ногоо бүгд амьдлаг. Түүнийг тариад ургуулна гэдэг буяны үйлс юм шүү дээ гэж тэр хэлсэн. Эдний компани энэ жил мод сөөг тарих ажлаа голчилсон гэнэ. Нийт 40 га талбай эзэмшдэг, түүнийхээ таван га орчимд нь үхрийн нүд, өрөл, чацаргана тариалдаг. Ирэх хавар чацарганы талбайгаа таван га–гаар нэмэхээр газраа хагалж байналээ. Ховддоо ойн чиглэлийн 5-6 компани бий. Тэгвэл тэднээс Д.Чимэдцэрэнгийн удирддаг компани гол онцлог нь нутаг орноо, хотоо ногооруулах ариун үйлсийг дэмжиж хэзээ ч орлогын төлөө байдаггүй нь. Энэ жил гэхэд Эрдэнэбүрэн, Алтай гээд хэдэн сумынхан олон зуун модны суулгац авч. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 200 чацарганы мод өгөөд байгаа. Бүгд сайхан ургасан гэх.
“Ой, ан интернэйшнл”-ийнхэн хайлаас, улиас , бургас болон жимсний модыг үржүүлнэ, ургуулна гэсэн эрхэм зорилготой. Энэ зорилгодоо нэгдэж чадсан аж ахуй, хэнд ч харамгүйгээр бэлэглэдэг нь суулгац. Одоо эднийх намрын тариалалтаар 2000 мод тарина гэж байна лээ. Тус компани цөөвтөр ажилчинтай ч ой, жимс жимсгэний мэргэжилтэнтэй болохоор бүхнийг номоор нь хийдэг юм байна. Д.Чимэдцэрэн захирал “Манайд арвин туршлагатай бараг л мод бүрээ таньдаг, арчилж тордохдоо гарамгай нэг хүн бий” гэсэн нь ногооочин А.Авдал аж.
–Би бүр багаасаа л тариа, ногооны ажилд зүтгэж байна. Аав, ээж минь ногоочин байсаан. 2010 оноос хойш энэ компанид ажиллалаа. Буянт голын энэ хөндий ижилгүй үржил шимтэй газар. Нэг үг байдаг даа. Идсэн чавганыхаа ясыг хаяхад л ургана шүү дээ” гэж.
–Та ямар цалин авдаг вэ? гэвэл
–Би компаниасаа цалин хөлс нэхдэггүй. Харин өөрөө энд ногоо тариад авчихна. Хадлан хадаад борлуулчихна. Орлоготой шүү. Тэр маань амьдралд хүрэлцдэг л дээ гэж байна. Эдний компани 60 тоннын зоорьтой. Харин тэрнийхээ зоргоор хадгалж хав дараад байдаггүй хурааж авснаа олонтойгоо хуваачихдаг. Зорилтот бүлгийн 10-аад хүнийг улирлын чанартайгаар ажлын байраар хангадаг ийм л газар юм.
Д.Чимэдцэрэн захирал нэг л асуудал хөндөж хэлсэн. Энэ нь аж ахуйн эзэмшлийн газрын албан татвар. Үүнийг чөлөөлж болдоггүй юм бол хөнгөрүүлж болохгүй юу гэж. Эднийх ашгийн бусаар ажилладаг ч жил бүр сая 200 мянган төгрөг татварт төлдөг. Уг нь ойжуулж, тэгснээрээ хүчилтөрөгч үйлдвэрлэж энэ нутаг орныхонд эрүүл энх аж төрөх нөхцлийг бий болгож байгааг бодвол заавал татвараар дарамтлах нь зохисгүй санагддаг гэдгээ нуусангүй ээ. Үнэндээ ч эдний ой, жимс, ногооны төрөл дунд ахархан хугацаанд байхад л алтан рашаан мэт эрүүл агаар нь хоргодоод баймаар л санагдсан даа. Энэ нутгийн шинэхэн танил бүсгүй:
-Ховдын тарвас амттай шүү хэмээн шүлсээ залгих нь шүлэг найраг уншихаас ч уянгалаг байв даа. Ховдын намраа гэж…
Д.ЦЭРЭННАДМИД
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энэ ногоочин эгч ямар мундаг сайхан сэтгэлтэй эгч вэ ажлын амжилт хүсье
mundag yumaa