Эхнэрээ хөнөөсөн залуу 12 жилийн ял сонслоо
Чингэлтэй дүүргийн шүүх энэ сарын 15-нд эхнэрээ хөнөөсөн Б-д холбогдох хэргийг шүүн хэлэлцлээ.
Цагдаа нар хэрэгтэнг Ганц худаг буюу 461 дүгээр Цагдан хорих ангиас хуяглан авчирсан. Б-г Эрүүгийн хуулийн 91.1-д заасны дагуу хүний амийг санаатай хөнөөсөн гэм буруутайд тооцож шалгасан байна.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 15-нд найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэж согтуурсан тэрбээр эхнэр О-г сандлаар зодож, биед нь хүнд гэмтэл учруулжээ. Өглөө нь хохирогчийг Гэмтэл согог сэргээн засах төвд хүргэн хагалгаанд яаралтай оруулсан ч өвчнөө даалгүй нас барсан байна.
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр зодуулсны улмаас О-гийн дэлүү задарч, гурван хавирга хугарч, биеийн бүх хэсэг няцарч цус хурснаас амиа алдсан гэх онош гарчээ.
Шүүх бүрэлдэхүүн Б-д 12 жил хорих ял оноож, чанга дэглэмтэй хорих төвд ял эдлүүлэхээр болжээ. Шүүх хуралдааныг шүүгч Б.Цогт даргалж, улсын яллагчаар прокурор Ж.Сангисүрэн, шинжээч эмчээр Г.Энхжаргал, А.Ундармаа, яллагдагчийн өмгөөлөгчөөр И.Ганбат, Ж.Энхбаяр, хохирогчийн өмгөөлөгчөөр Ц.Мөнхзул нар оролцлоо.
Д.Тэлмэн
URL: