Банк хэмээх паразит

Одоо ч нэг үеэ бодоход санаа амар болжээ. Мөнгөгүйн тавиландаа эвлэрч, мөрөөдөж суух биш лизинг гэдэг буянтай үйлчилгээгээр хүссэн зүйлээ өөрийнх болгон авч болж байна.

Гэхдээ банк хэмээх паразитуудад хөдөлмөрийнхөө хөлсний нэлээдгүй хэсгийг шулуулж байж санасандаа хүрч буй нь харамсалтай юм. Банкны бүтээгдэхүүн болох зээл, лизинг гэгч нь хүсэл биелүүлэх ид шидтэй мэт боловч цаагуураа иргэдийг эдийн засгийн асар их дарамтанд оруулж, мөрөөдөлдөө хүрэх гарцыг удаан хугацаанд хаалттай байлгадаг хорт хорхой юм.

Манай улсын арилжааны банкнууд зээлийн үйлчилгээ гэгчээрээ бусдыг жинхнээсээ паразитлан амьдарна. Өөрөө юу ч хийдэггүй боловч өрөөлийн хийснийг мөлжиж амьдардаг хүмүүсийг өөдгүй паразитууд гэдэг шүү дээ. Манай банкнууд яг тийм. Банк бус санхүүгийн байгууллагууд гэдэг нь бүр ч аймаар. Тэд яагаад паразит байгааг цөөн жишээгээр дурдъя.

Банкууд бидний мөнгийг хадгалахдаа сайндаа л сарын 0,7 хувийн хүү төлнө. 1000 төгрөг хадгалуулбал 7 төгрөг л нэмж өгнө гэсэн үг. Тэгсэн мөртлөө зээлийг бол хамгийн доод тал нь 1,5 хувийн хүүтэйгээр олгоно. Тэр нь 1000 төгрөг зээлээд сар бүр 15 төгрөг авах болж байгаа юм. Их хэмжээний мөнгөнд ийм хүү тооцохоор юу болох нь тодорхой юм. Нөгөө банк бусчуул бол 3,5 гэж солиорно. За тэгээд байр, машин лизингээр авбал үндсэн үнийг нь хоёр, гурав нугалж төлөх хэрэг гарах ба насаараа банкинд празитлуулж амьдрах болж хэцүүднэ дээ.

Зээл, лизинг гэдэг нь ардын амьдралыг дээшлүүлэх боломжит гарц уг нь мөнөөсөө мөн. Харин манайд одоо энэ бүхэн эсрэгээрээ эргэж бусдын амьдралыг сүйрүүлэх үйлчилгээ болоод байгаа юм. Хөдөөгөөр бэлчиж буй бүх мал нэгэн банкны мэдэлд байгаа тухай зөндөө л ярьсан. Одоо ч байдал дээрдээгүй гэнэ. Иргэддээ 21 мянгыг тарааж тэжээвэр хурга шиг амьдруулахыг хүсдэг энэ Засгийн газрынхан уг нь зээлийн хүү гэгчийг нь бууруулаад өгчихвөл нүгэл нь жаахан ч гэсэн нимгэрэх юм сан.

Яг үнэндээ бол банк, Засгийн газар хоёр яг адилхан паразит зарчмаар татвар төлөгчдийг шимэгчлэн амьдардаг тул орчин цагийн хууль ёсны дээрэмчид болж таарч байна.

Саяхнаас нэг юм зээлийн хүүг бууруулах талаар Засгийн газар дуугарчээ. Гэхдээ яаж гэдгээ мэдэхгүй байгаа гэнэ. “Инфляцийг, нэг оронтой тоонд оруулчихвал ч зээлийн хүү буурчихна л даа” гээд дээс томж найзыгаа авардаг үлгэр шиг юм ярьжээ. Яахав дараа нь ямар нэг шалтаг олчих учраас ичих булчирхай нь ажиллахаа байсан манай түшмэдүүдэд энэ зээлийн хүү мэтийн жижиг асуудал юун хамаа байлгүй дээ.

Паразитад баригдсан мал яаж өтдөгийг Монголчууд ерөнхийдөө мэднэ. Баялагийн тэгш бус хуваарилалттай Монгол Улсын иргэд үндэсний цөөнх болсон олигархуудаас бусад нь яг тийм зарчмаар празитлуулан амьдарч байна. Тэр празитуудын нэгээхэн хэсэг нь банк, банк бус санхүүгийн байгууллагууд болжээ.

Ө.Батхүү


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих