Эх хэлнийхээ манаанд зогсоцгооё
“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл мөн” Д.Нацагдорж
Хүн төрөлхтөн эх хэл, эх орон, эжий ааваараа ялгагдана. Түүнээс хөл гар, нуруу туруу, үс зүсээрээ гэвэл худлаа. Идэж уух,өмсөж зүүхээрээ ч гэвэл худлаа. Мартаж болохгүй зүйл гэж байна. Энэ бол эх орон, эжий аав, эх хэл болой…Нэгэн үе бид эх орныхоо хилийг манаж байсан. Эр цэрэг нь тангараг өргөөд хилээ манана. Энэ зүйн хэрэг. “Өнгөлзөгч дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө” хэмээн дуулдаг байсан. Хүү төрвөл “цэргийн батлахтай” хэмээн өхөөрддөг байсан. Энэ бол эх оронч сэтгэлээс амьдралд бууж ирсэн олон зууны улбаатай танин мэдэхүйн ул мөр, үзэл бодлын “афоризм” байлаа. Даяаршил дэлхийгээр хэрэн тэнэх болсон өнөө цагийн араншинд бид хөл нийлж, цутгал юугий нь сэлбэх болсон нь нэг талаасаа сайн хэрэг хэдий ч, нөгөө талаасаа даяаршлын хөлөөс дайжуулах, төөрүүлэх, хамгаалах зүйл гэж байна. Бид чинь дээдсээс өвлүүлэн үлдээсэн уудам дэлгэр газар нутагтай, өөр хоорондоо чөлөөтэй ярилцах цэвэр тунгалаг хэлтэй, бичиг үсэгтэй, ёс заншилтай, бүхэл бүтэн иргэншлийн соёлыг бие сэтгэлээрээ тээгчид буюу…Энэ бүхний өмнөөс бид даяаршлын хажуугаар дангааршлын бодлого баримаар байна. Түүний нэг эх сайхан монгол хэл буюу… Нэрт эрдэмтэн Еншөөбү Бямбын Ренчин “Монгол хэл” шүлэгтээ:
Чихинү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!…
хэмээн учирласныг өнөө ч ухаармаар аа. Ийм сайхан монгол хэлнийхээ “хилийн манаанд” хэн зүтгэх, хэн тангараг өргөх болж байна. Юун түрүүнд үзэг цаас нийлүүлж, үг утга холбож, үйлс ажил сурвалжилж, үнэн мөнийг таниулж байдаг “сэтгүүлч” хэмээх сайхан мэргэжлийн эзэд л эх хэлнийхээ манаанд үзгэн буугаа мөрөлж, үгэн сумаа дайзалж зогсох учиртай болоод байна. Эх орны хил тайван байна гэж өглөө бүр илтгэдэг цэрэг эрс биднийг эх оронтой минь хамт хамгаалж байгаа болохоор бид эх хэлнийнхээ харуулд л шуудран зүтгэмээр байна. Та бид чинь нийлэхээрээ том “арми” шүү. Тэгээд ч хэвлэл мэдээллийг дөрөв дэхь засаглал гэж үздэг байна. Та биднийг алгуурлаж байтал эх сайхан хэлний маань цэвэр тунгалаг үгсийн санд харийн үгс шургалан орж, нутагшаад бүр өмнөөс ихэмсэглэх боллоо. Ний нуугүй хэлэхэд бид л түүнийг хүний нутгаас тээгээд ирсэн. Ижил буруу мал шиг байсан харийн үгс өнөөдөр эх хэлтэй минь ижилсээд бүр хүзүү толгой холбоод европ хувцсан дээр монгол гутал жийчихсэн юм шиг эрлийз хурлийз боллоо. Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуай нэгэнтээ бичихдээ:
Санхүү банкны сэсчээмтэй
Сантехникийн слесарьтай
Барьцааны ломбардтай
Баталгааны нотариаттай
Хувийн кодтой
Хувцасны моодтой
Галын командтай
Газрын кадастртай
Орцондоо номертой
Ордондоо камертай
Зайгуулын траншейтай
Зайлуулгын трактортай
Хогийн пүүнкэртэй
Хоол нь поорцтой
Яам нь менежертэй
Ямаа нь кашмертай
Ууцандаа массажтай
Утсандаа мессэжтэй
Тестээр шалгадаг
Тендерээр уралддаг….
гээд л урсгасан. Эндээс харахад үнэндээ бидний эх хэлийг маань харийн тэнэмэл үгс “буцарлаж” гүйцжээ. Энэ үгс хээвнэгхэн монгол нөхцөл дагавар аваад жинхэнэ “эрлийз” гээч нь болжээ. Тэгээд ч одоо хэл сурч хөлд орж байгаа алдрай жаахан үрс маань үүнийг монгол үг л гэж хэлнэ үү гэхээс гаднын хэлний үг гэж хэлэхгүйд хүрээд байна. Тэдний буруу биш. Зүй нь порцыг орц, кашмерийг ноолуур, мессежийг зурвас, массажийг бариа засал, хогийн пункерийг хогийн тантан, газрын кадастрыг газрын зураглал, тендрийг шалгаруулалт гээд унаган хэлээрээ ойлголцох боломж байна л даа. Бидний олон зууны түүхтэй хэл ердөө гологдох болоогүй. Бичиг үсгийн үүсэл үнэндээ монголоос эхтэй гэхэд хилсдэхгүй. Чухам яагаад унаган монгол хэлээ орхиж харийн үг рүү хошуураад байна. Юуны өмнө энэ бол дээдсийн “нялхсын өвчин” юм. Гадаадад боловсрол мэргэжил эзэмшснээ их эрдэмтэй номтой, надаас өөр хэн байх юм гэсэн ойворгон зангаар чамирхаж, жирийн монгол хүнд дээрэнгүй хандах үүднээс яриа хөөрөндөө гаднын үг хольж ярьснаас үүдэлтэй юм. Эх нутаг, эх хэл нэгтнүүдээ басамжлан доромжлохоос үүдэлтэй юм. Нэгэн үе хятад манж үгсээр маяглаж байсан бол хувьсгалаас хойш орос хэлээр, ардчиллын үед англи хэлээр нэг талаасаа чамирхаж, нөгөө талаар нутаг нэгтнүүдээ басамжлан дорд үзэх болсон. Ийм үед бид эх хэлнийхээ хилийг хамгаалахгүй бол горьгүй нь. Үүнд “сэтгүүлч” нөхөд маань нэгдэн нягтарч, өөрсдөөсөө эхлэн хамгаалмаар байна. Үүнийг бичигч миний молхи ухаан хүртэл зарим үед самуурч гадаад үг хэрэглэдэг байснаа өнөөдрөөс эхлэн “гэмшиж” байна. Яалт ч үгүй тэр орчин нь манайд байхгүй “даяаршсан” маягтай ганц нэг үг байна. Түүнийг үгүйсгэх аргагүй. Хүчээр махчлан орчуулахын ч хэрэггүй. Ер нь аливаа хэлийг сурах нь сайн хэрэг. Хэл бол зэвсэг болохоос мэдлэг биш гэдгийг орчин цагийн залуус дүү нарт ухааруулмаар байна. Газар ухахын тулд хүрз хэрэгтэй. Аливааг ухаж мэдэхийн тулд хэл хэрэгтэй. Хүрз, хэл хоёр үүрэг нь нэг адил гэдгийг ухаараасай. “Монголчууд бид цөөхүүлээ. Бидний хувьд өөрсдийгөө олон дахин үржүүлж чадах арга бол мэдлэг, түүнийг авах хамгийн дөт хэрэгсэл нь гадаад хэл.” гэж нийтлэлч Д.Жаргалсайхан хэлжээ. Эзэн Чингис гэж цээжээ дэлдэх болсон өнөө цагийнхан эрхэм дээдсийнхээ ярьж байсан хэлийг бас л цээжээ дэлдэн хамгаалах цаг ирлээ. Нийтлэлч Б.Баабар “Алтай овогтны соёлын ялгаа ба ижилсэл” өгүүлэлдээ: “…Өнөөдөр дэлхий дээр буй 6 мянга орчим хэл аялагыг төрөл зүйлээр нь ангилбал 10 орчим том бүлэгт хуваагддаг. Орчин үеийн хэл одоогоос 15-20 мянган жилийн өмнө үүссэн гэж эрдэмтэд үздэг. Ингэхээр бие даасан хэд хэдэн цэгүүдэд хэлүүд бие даасан байдлаар үүсч, тэр хэлээр ярилцагч ах дүүс тал тал тийш нүүн хоорондоо ялгарч улмаар үндэстэн үүссэн бололтой… гэх юм уу мөн… Энэ дэлхийд оршин буй хэдэн мянган хэл аялага дотор гагцхүү алтай овгийнхон залгамал хэлээр ярьдаг. Гиннесийн номонд түрэг хэлний 28 авианаас бүтсэн үгийг хамгийн урт үг гэж тэмдэглэсэн байдаг. Гэтэл монгол хэлэнд “ца” гэсэн язгуураас үүсэн араас нь залгасаар байгаад “цахилгаанжуулалтынхантайгаараа” гэсэн гуч орчим авианаас бүтсэн дан ганц үг ч байна.”… “Хэл бол угсаатны гарал үүсэл, ах дүү, соёлын нийтлэг эх сурвалж зэргийг тодорхойлох хамгийн дөт, ил хэрэглэгдэхүүн мөн. Алтайчуудыг хэлээр нь солонгос, манж-тунгус, монгол, түрэг гэж дөрвөн бүлэгт ангилдаг. Солонгос нь манжтай, манж нь монголтой, монгол нь түрэгтэй илүү ойр байдаг мөртөө энэ дараалал алгасахаараа ижил төс нь улам холддогоос үзэхэд магадгүй алтайчууд Уссури, Сунгари хавиас анх үүсэн улмаар баруун тийш улам улам нүүсээр Европ тив хүрсэн байж болох юм.” гэхчлэн тэмдэглэжээ. Энэ бол та бидний монгол хэл төрөлх хэл ямар үнэ цэнтэй, түүхийн онцлог үе бүхэнд ямар үүрэгтэй байсныг илтгэж байгаа бус уу… Ер нь явцуу утгаараа Монгол хэл нь Монгол улс болон, Өвөр Монголын өөртөө засах оронд албан ёсны хэл юм. Нийтдээ 5.2 сая хүн тус хэлээр хэлэлцдэг гэсэн 2005 оны судалгааны үр дүн байдаг. Хятад улс дахь хэлэлцэгсдийн тоог мэдээлэл дутуугаас болж яг нарийн тодорхойлоход төвөгтэй байдаг. 5.8 сая Монгол хүн Хятад улсад амьдарч байгаа гэх статистик байгаа боловч Монгол хэлээр хэлэлцэгсдийн тоо тэдний дотор буурч байгаа ба ялангуяа суурьшмал газруудад болон залуучуудын дунд буурч байна. Хятад улс дахь Монгол хэлээр ярилцагсдын ихэнх нь Өвөр Монголд байдаг бол Харчин болон Хорчин аялгаар ярилцагсад нь Өвөр Монголын зүүн талын залгаа мужуудад байна. Орост (1989 оны тооллогоор) 376 мянга орчим хүн буриадаараа ярьдаг. Үүний 86,6 хувь нь Буриад хэлийг, 13,3 хувь нь Орос хэлийг эх хэлээ хэмээн хариулсан байдаг. Халимаг хэлээр ярилцагсдын тоо тодорхойгүй байдаг. 1991 оноос хойш Буриад, Халимагт эх хэлүүд нь Орос хэлтэй зэрэгцэх албан ёсны хэл болсноор дунд сургуулиудад заан сургах болсон. Монгол улсаас өөр улсад амьдарч буй Монголчууд нь төрөхдөө эх хэлээрээ хэлд орох боловч сургуульд сурах, цаашлаад их дээд сургуульд сурах, төгсөөд ажил олох тэр орчин нь Хятад юмуу, Орос хэлээр байдаг тул улсынхаа албан ёсны хэрэгцээнд шахагдан монгол хэл нь орхигдож дайвар хэлний буюу судалгааны хэлний үүрэгтэй болж байна. Улсын албан ёсны хэл болох хятад, орос хэлний хүчтэй хүрээлэлд байгаа буриад, халимаг, өвөрмонголчуудын маань эх хэл аажим аажмаар ийнхүү хэрэглээний хүрээ нь аяндаа багасаж, мөн нөгөө талаар үгсийн сангийн бүрэлдхүүн ихээхэн эрлийзжиж уугуул монгол хэлнийхээ чанарыг алдан олон зуун жил харь хэлний хүрээлэлд байж салангид монгол хэл болсон могол, монгор, дуньсян, баоань хэлтний хувь заяа руу аажимдаа дөтөлсөөр байна. Үүнийг буруутгах нөхцөл даанч байхгүй. Гэлээ гээд тэд эх хэлээ хамгаалсаар тэмцсээр өдий хүрсэн гавьяатай. МУИС-ын зөвлөх профессор, доктор Г.Буянтогтох нэгэн ярилцлагадаа: “…-Хэл, соёл гэдэг маш нарийн. Хүн төрөлхтөний амьдрахуйн гүн ухаан гэж бий. Хэл бол түүнтэй шууд холбоотой. Аливаа үндэстэн 6 зүйлийг шүтэж байж оршдог жамтай. Нэгд амь биеийн хувьд аюулгүй байх ёстой учраас газар нутаг, хоёрт хоол хүнс буюу амин тэжээл. Монголын ард түмний хувьд энэ нь таван хошуу мал юм. Гуравт бусдаас ондоорч, давтагдашгүй өөр байлгадаг ухаан буюу үндэсний хэл, бичиг юм. Тийм ч учраас гадаадын түрэмгийлэгчид аливаа улсыг эзлээд эх хэл рүү нь дайрдаг. Бичгийн дурсгал байвал шатаадаг, хадан дээр нь байвал нураадаг. Дөрөвт төгөлдөржих буюу гэгээрэх. Үүний үндэс бол шашин. Манай ард түмний хувьд буддын шашинаар дамжуулж гэгээрч байсан түүхтэй. Тавд хүч чадал хэрэгтэй. Үүний үндэс бол эв нэгдэл. Зургаад энэ бүхнийг зангидах үүднээс төр засаг оршдог жамтай. Харин манайх 25 жил ардчиллын нийгэмд шилжээд зарим талаараа сайжирсан хэдий ч үндэснийхээ олон баялгийг алдаж байна. Хэл, соёлоо хамгийн сайн хамгаалах хэрэгтэй. Англи хэл сурвал бараг диваажинд очих мэтээр тархи угааж байна. Харийн хэлд хүн хэт автсанаар монгол хүнийхээ үнэ цэн, монгол хэл, соёл уламжлал гээд бүгдийгээ л алдаж байна шүү дээ. Хэл соёлыг минь мөхөөж, улс оронд маань нөлөөгөө тогтоох гэсэн гадаадын бодлого яваад байгааг анзаарах цаг нь болсон…” гэжээ.
УИХ-аар монгол хэлний тухай хуулийг баталсан. Энэ хуулийг санаачлагч УИХ-ын эрхэм гишүүн М.Батчимиг: “ Хэл, бичиг нь мөхнө гэдэг цаашдаа үндэстэн мөхөх үндэслэл болно. Өнөөдөр бид л ганцхан эх хэлээ сэргээе, хуульчилъя гэж “хашгираад” байсан юм биш шүү дээ. Хөгжингүй орнууд ч хэл, соёлоо авч үлдэх тал дээр анхаарч бодлогоо тодорхойлж байна. Франц л гэхэд дэлхийд томд тооцогдох хэлний академи байгууллаа. Иргэд нь боловсрол өндөртэй англи хэлээр чөлөөтэй ярьдаг ч албан хэргийг эх хэлээрээ явуулаад хэвшчихсэн байх жишээтэй. Манай хоёр хөрш ч гэсэн бас л хэлний хууль, бодлоготой. Бүр академик төвшинд авч явж байна. Ер нь л ихэнх улсад хүүхдийг 11 нас хүртэл нь эх хэлнээс нь өөр хэл заадаггүй. Хэл сэтгэхүй хоёр нэгдмэл уялдаатай байдаг учраас бага боловсрол төлөвших хугацаанд нь эх хэлээ зааж байгаа хэрэг. Тэгэхээр монгол хүүхэд монгол хүн болж төлөвшихөд Монгол хэлний тухай хууль чухал нөлөө үзүүлнэ…” гэсэн байх юм. Хэрэгжвэл сайн л хэрэг. Хэл сэтгэхүй хоёр холбоотой. Хар багаасаа гадаад хэл үзсэн хүүхэд монгол сэтгэлгээгээ хөгжүүлж чадахгүй, харийн сэтгэлгээгээр монгол хөрсөн дээр сэтгэж эхэлдэг. Ийм л байдаг. Дээрх баримтуудыг ажиглаж ахуйд их үндэстэн дотор байгаа монголчууд эх хэлнийхээ дархан байдлыг яаж хамгаалж байгаа болон бид эх хэлээ хэрхэн хамгаалж байгааг харьцуулан ойлгож болно. Тэгтэл эх хэлээрээ ярьж, эх хэл рүү нь хэн ч халдахгүй байхад бид өөрсдөө жилээс жилд харийн үгээр бохиртуулж, чамирхаж суух нь илүү зан биш үү… Төрийн өндөрлөг хэмээн дээш нь тэтгэж ярьдаг дээдсээсээ эхлэн монгол хэлээрээ ярьж, сэтгэж, бичиж байхыг сэтгүүлчид та бид л шахаж шахаанд оруулах хүчирхэг зэвсэг мөн гэж ойлгох юм. Сонин сэтгүүл эрхлэх сэтгүүлчид нь өөр өөрийнхээ мэдээллийг цэвэр сайхан монгол хэлээрээ зөв сайхан найруулж, аль болох монгол хэлэнд тэр утга нь олдох гаднын үгийг монголоороо хэрэглэж заншихаас эхлээд хөрөнгө мөнгө шаардаад байхгүй мөртлөө алс энгээрээ эх орноо эх хэлээ хамгаалах ариун үйлсэд бол үнэтэй хувь нэмэр болох ажлыг хиймээр байна гэж захин уриалмаар байна. Үзүүлж сонсгодог радио телевизүүд нь унаган монгол хэлээрээ тэгш сайхан дуудлага, аялга, цохилго, зогсоцоор яриагаа чимж, хүнд ойлгогдоход дөхөмтэй ярьж баймаар байна. Гаднын үгээр гангарч, хэт нялуурхан гудамжны үгээр буримдаж, элэг доог болмооргүй байна. Ялангуяа монголын радио телевизийн эрхэм олон сэтгүүлчид энэ үйлсийг хошуучлан манлайлмаар байна. Тэгж гэмээнэ богино долгионы радио ажиллуулж байгаа, арилжааны телевиз үзүүлж байгаа эрхэм сэтгүүлчид аандаа мөр зэрэгцэн “эх хэлнийхээ” ариун нандин хилийг хамтдаа хамгаална гэж гүнээ найдаж байна. 2016 оныг монгол улсад ажиллаж амьдарч байгаа нийт сэтгүүлчид “эх хэлээ” хамгаалах жил болгоод хамтдаа үг үзэг хоёроо хурцалж, үйл ажлаа нэгтгэвэл ямар вэ… Та бид эх орондоо ийм л гавьяатай гэдгээ харуулах цаг болжээ.
Лханаагийн МӨНХТӨР /сэтгүүлч, яруу найрагч, Хэл бичгийн ухааны доктор/
URL: