Лондонгийн олимпийн тасалбар 35-350 паунд

Зуны олимпийн XXX наадам 2012 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 12-ны хооронд Британийн эзэнт гүрний нийслэл Лондон хотноо болно.

Энэ удаагийн олимпийн наадамд манай улс их найдлага тавьж байгаа. Тамирчдын хувьд амжилт гаргах нь хөгжөөн дэмжигчдээс ихээхэн шалтгаалдаг нь Бээжингийн олимпоос харагдсан гэхэд болно. Тэгвэл ирэх жил болох олимпийн тоглолтын тасалбарын үнэ зэрэглэлээсээ хамаарч ойролцоогоор 35-350 паунд байх ажээ. Харин нээлтийн ажиллагааг 995 паундаар үзэх боломжийг “Нью жуулчин турс” групп олгож байна.

2008 оны олимп БНХАУ-д болсонтой холбоотойгоор 2000 гаруй дэмжигчид уг олимпийг үзэж баг тамирчдаа дэмжсэн байна.

Харин тус компани энэ удаад 200 орчим хүн үзэх боломжийг олгож байгаа ажээ. Ингэхийн тулд хөгжөөн дэмжигчид ирэх жил болох олимпийн билетээ энэ сарын 30-наас өмнө захиалсан байх шаардлагатай юм байна. Билетээ захиалахдаа суудлын дугаар, өдөр, спортын төрлөө сонгох хэрэгтэй гэнэ. Визийн хувьд зургаан долоон хоногийн дараа гарах бөгөөд Москвагаар дайрч Лондонг зорихоор төлөвлөж буй аж.

Дэмжигчдийг хотын төв орчимд өндөр зэрэглэлийн зочид буудалд байрлуулан метрогоор үйлчлэхээр болжээ. Хөгжөөн дэмжигчид аяллын хугацаанд гурван одтой зочид буудлын энгийн өрөөнд хоёр, хоёроороо байрлах юм байна.

Харин аяллын зардалд өглөөний цай, тоглолтын тасалбар, визний хураамж, үйлчилгээний төлбөр багтаж байгаа аж. Манай улсын найдлага тавьж буй жүдо бөхийн барилдаан эхний долоо хоногт харин чөлөөт бөх хоёр дахь долоо хоногт болох бол 14 хоногийн турш боксын төрөл үргэлжлэх юм байна.

Аялагчдын зардал, суудлын зэрэглэл зэргээс хамаарч 1750-3900 паунд буюу 3.4-7.7 сая төгрөгийн зардал болох ажээ. Сонирхуулахад өчигдрийн байдлаар нэг паунд 1975 төгрөгийн ханштай байлаа.

Р.Эрдэнэболд


URL:

Сэтгэгдэл бичих