Ард түмнийг, парламенттэй нь хулхидсан С.Баярцогт, Д.Зоригт нарыг огцруулах ч багадана

ХИЙСЭН АЛДАА, БУЛХАЙ НЬ ИЛЭРЧ Д.ЗОРИГТ НАР “АМЬ ТЭМЦЭЖ ЯВНА”-
“Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ ноцтой асуудал болох нөхцөл байдал бий болжээ. “Даравч далайна, булавч бултайна” гэгчээр Монголын Засгийн газар “Айванхоу майнз”-тай нууц гэрээ байгуулсан нь илэрч гэрээнд гарын үсэг зурсан сайд нар асуудалд орж эхлээд байна. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, З.Энхболд нар Оюутолгойн ордод оролцогчдын Хувь нийлүүлэгчдийн нууц гэрээ гэгчийг олж олон нийтэд дэлгэсэн

нь яв явсаар сайд нарын хүзүүг хүссэн хүсээгүй ороож эхэллээ. Түүнээс гадна хамгийн Оюутолгойн ордоосоо Монголын ард түмэн 34 хувийг нь эзэмшинэ, баялагийн хишиг монголчуудад илүү оногдоно гээд парламентын танхимд хашгарсаар байгаад Хөрөнгө оруулалтын гэрээг батлуулсан Сангийн сайд С.Баярцогт, Д.Зоригт нар  одоо хэлэх үггүй болжээ. Монголын ард түмэн Оюутолгойгоос 34 хувиас хамаагүй бага хувь эзэмших нь ойлгомжтой болоод ирлээ. Үүнийг УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Оюутолгойн ТУЗ-ын монголын талын гурван гишүүн ч мэдэж асуудал босч ирж байна. Өнгөрсөн мягмар гарагт хуралдсан “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ын хурал ширүүхэн болсон талаар эх сурвалж ярьж байна. Ширүүн болохоос аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа.  ТУЗ-ийн хурлаар давуу эрхийн хувьцааны тухай хөндөгдөж эхэлсэн нь монголчуудын анхаарлыг татаад байгаа. “Оюутолгой”-н ТУЗ-ын монголын талын гишүүд тус ордод монголчуудын эзэмшиж байгаа хувь буурч байгааг хэлж, зөвхөн энгийн бус давуу эрхтэй хувьцааг ашиглаж, эзэмших талаар санал тавьсан нь маргаан болоод байгаа. Айвенхоу майнз компанийн зүгээс монголчуудад давуу эрхийн хувьцаа гаргаж хөрөнгө босгох эрх олгохгүй нь аргагүй. Цаанаа Рио Тинто гэх стратегийн хамтрагчтай учраас тийм бололцоо ч байхгүй.  Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улс давуу эрхийн хувьцаа гаргахад оролцох эрхгүй гэж тусгасан учраас энгийн хувьцааны 34 хувь нь нийт Оюутолгойн 6.8 хувь болж буурч байгаа юм. Яг энэ асуудлаар тус компанийн ТУЗ-д байдаг П.Цагаан нар Айвенхоу майнз, Рио Тинтогийн талынхантай маргалдсан байна. Тийм ч учраас Оюутолгойн ТУЗ яг энэ асуудлаар долоо хоногийн дараа дахин хуралдахаар товложээ. Тэр хурлаар гэрээнд заасан давуу эрхийн хувьцаа гаргах эрх олгохгүй гэсэн заалтын талаар ярилцах аж. ТУЗ-д байгаа хөрөнгө оруулагчийн төлөөллүүд тэр заалтыг өөрчилж болохгүй, эхнээсээ ингэж тохирсон гэсэн байр суурин дээр байгаа бололтой. Гэрээний монгол эх дээр энэ тухай тодорхой заагаагүй мөртлөө англи эх хувь дээр нь монголын талд давуу эрхийн хувьцаа гаргах эрх олгохгүй гэж тодорхой зааж өгсөн байгаа юм. Асуудал маргаан өндөр авч Лондонгийн арбитр дээр очлоо гэхэд монгол эх хувь бус англи хэлдээр хийгдсэн эх хувийг барьж шүүдэг билээ. Англи эх хувь дээр нь яг тэгээд биччихсэн болохоор Айвенхоу майнзын талд асуудал шийдэгдэх магадлал өндөр. Тэгэхээр ийм байдалд хүргэсэн хариуцлагыг хэн хүлээх вэ. Засгийн газар, тэгээд мэдээж  гэрээнд гарын үсэг зурсан С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх гурав хүлээнэ. УИХ-аар Оюутолгойн  хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж байхад яг ийм асуудал болуужин хэмээн зарим гишүүд англи эх хувь, заалтуудыг нэг бүрчлэн анхаарч үзсэн эсэх талаар дээрх сайд нараас асууж байсан билээ. Ок л гээд байсан. Харин одоо асуудал босоод ирэхээр Сангийн сайд, ЭБЭХ-ний сайд нар орох байх газраа олж ядаж байна. Магадгүй тэр хоёрыг монголынхоо эсрэг тийм юмыг нөгөө талтайгаа нийлж хийсэн гэж хэлэхгүй ч хардлага дагуулж байна. Ингэж үзэх бас үндэслэл бий. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэх нууцын зэрэглэлтэй гэрээг С.Баярцогт яагаад нууцлаад байсан нь сонин. Тэр гэрээнд орсон зүйл заалтуудад онгол Улсын нууцад хамаарах зүйл байхгүй байгаа талаар З.Энхболд тодорхой хэлж олонд дэлгэсэн. Олонд дэлгэсэн хойно С.Баярцогт сайд нууц гэрээ биш ил байсан ш дээ гэж мэлзэх болжээ. Харин Д.Зоригт төрийн ордоны зүүн жигүүр байдаг ТУЗ-ын гишүүн П.Цагааны өрөөнөөс салахаа байсан гэнэ. Бодвол монголчуудад муугийн муу нөхцөл байдал үүсгэх гэрээ байгуулсан заалтаа зөв гэж П.Цагаан гуайг сэнхэрүүлж яваа бололтой. Нэг ёсондоо үүнийг битгий асуудал болгооч. Зөвөөр ойлгооч гэж гуйж яваа бололтой.  Асуудал удах тусам хүндэрнэ. Монголын талын хувь буурах нь тодорхой болсон. Үүний хариуцлагыг С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нартай тооцох болж байна. Гансүхийн хувьд байгаль орчин талаас нь гэрээнд оролцсон учраас нэг их буруудахгүй болов уу. Харин С.Баярцогт, Д.Зоригт нарын хувьд байдал хэцүүдэнэ дээ. Огцроод ч төлж барахгүй ялд унасан болж байна. Дээр нь С.Баярцогт Айвенхоу майнз компанийн зардлаар АНУ явж биржийн худалдааны хонх дарсан хэрэг нь УИХ-ын ёс зүйн дэд хороон дээр оччихоод байгаа. Үнэхээр л тэгж хонх монх цохих дур нь хүрээд байсан юм бол өөрийнхөө зардлаар явж болноо доо. Манай парламентын толгой баян гишүүн шүү дээ. Тэгэхээр С.Баярцогт монголын талд ажиллаад байна уу, аль эсвэл гэсэн асуулт яах аргагүй гарч ирж байна. С.Баярцогт, Зоригт нарын балагаар монголын тал хохирох ёсгүй. Бид, бидний хүүхдүүд, хойч ирээдүйд очих ёстой ашиг шимийг энэ хоёр сайд “идчихэж” болохгүй. Хэрэв энэ хоёр сайдын буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэж байна гээд огцруулаад орхих нь ч багадана. Монголчуудын эсрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг ч байж мэднэ шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих