Үхлийн өрсөлдөөн
Үхэл цаг хугацаатай бас хүмүүстэй өрсөлдөж байна. Чухам ингэж хэлэхээс өөр арга алга. Жил бүрийн наймдугаар сарын 15-наас эхлэн тарвага агнах хорио цуцлагддаг.
Гэвч сүүлийн хэдэн жил тарваганы тоо толгой эрс цөөрсөн учраас 2007 оноос хойш агнахыг хориглоод байгаа хэдий ч хулгайн анчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Боохой борооноор гэгчээр “өрсөлдөгч”-гүй анчид эрс нэмэгдэж тахалтай тарваганы арьсыг хуулахдаа “эрлэг”-ийг ч мартав уу гэлтэй.
Энэ жил нэлээд хэдэн аймаг, сумдад тарваган тахал гарсан.
Гэвч хулгайн анчид тахалтай буюу тахлын идэвхтэй голомт бүхий газруудаас ан хийсэн хэвээр байгаа аж. Өнгөрсөн амралтын өдөр түүхий эдийн Эмээлт захаар саатлаа. Баруун аймгаас ирсэн хоёр пургон замын хажуу руу шахаж зогсчээ.
Нэг пургонд дундажаар 20 орчим хүн суусан бололтой. Том хүн, хүүхэд нийлсэн 40-өөд хүн замын хажууд машинаасаа буусан зогсож байна. Гэтэл хижээл насны нэгэн эрэгтэй “200-гаад тарваганы арьс байна. Бөөнд нь гайгүй өгчихнө.
Ерөнхийдөө үс нь гүйцсэн арьс байгаа” хэмээн утсаар ярьж байна. Ченж рүү ярьж байгаа бололтой. “Өө тахал махал байхгүй. Найдвартай арьс шүү. Махыг нь идсэн. Зүгээр л байна ш дээ. Тэгээд ч арьс юм чинь яав л гэж” гээд утсаа салгав.
Цаадах нь тахалтай биш биз хэмээн лавласан бололтой.
Тарваганы арьс наймаалагчтай хэдэн үг солив.
Хэн яах гээд юм асуугаад байна хэмээн их хартай гэгч нь дурамжхан хэдэн үг “чулуудав”.
Хаанаас ирснийг нь асуухад чамд хамаагүй хэмээн хэгжүүрхэв.
Тарвага агнах хориотой байгаа шүү дээ, тэгээд ч энэ жил тахал их гарсан, айхгүй байна уу гэтэл “Тарвагыг алуулахгүй болохоор байгаль эх өөрөө цаанаас нь зохицуулж тахал гаргаад цөөлөөд байгаа биз дээ.
Угаасаа л тэгдэг ш дээ” хэмээсээр яваад өглөө. Миний ойлгосноор тарвага тааваараа өсөхгүй заавал хорогдож байх “алба”-тай аж.
Нэг үгээр хэлбэл үхэл хүмүүстэй өрсөлдөж тарвагаа цөөлж байгаа юм байх.
Иймэрхүү яриа, дүр зураг Эмээлт зах орчмоор их гарна.
Харин Нарантуул захад бол өөр өө. Хажуугаар өнгөрч байгаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүмүүсийн чихэн тушаа очмогцоо “Сум байна шүү, сум байна шүү” хэмээн шивнэх шахуу хэлж байгаа нь “Үхэл зарж байна” гэсэнтэй агаар нэгэн адил сонсогдоно. Сониуч зангаараа “Хэд вэ” гэж асуутал “Хайрцаг нь 75 мянга.
Олноор нь авбал жаахан ярина” гэв. Тэд бас л “хулгай”-н наймаачид. Хууль хяналтынханаас нуугдаж, сум зарж амьжиргаагаа залгуулдаг бүлэг хүмүүс байдаг аж. Тэдэнд сумаа л зарж байвал хэн хэдэн хайрцаг сум, ямар зорилгоор авч байгаа нь падгүй асуудал.
Сум бөөндөж авбал 70 мянгад өгнө, энэ жил тарваганы арьсны ханш өндөр байгаа учраас сумны ханш нэмэгдсэн хэмээн нөгөө “үхлийн үрэл”-нийхээ үнийг танилцуулж байх юм. Тэгээд ч цаанаас орж ирэх нь багассан.
Олдоц муутай ховор байгаа болохоор үнэтэй байхаас аргагүй ш дээ хэмээн өөрсдийгөө бас өмөөрөөд авав. Үхэл “бэлэглэгч” үрэл үнэ хүрч эхэлжээ.
Харин хөдөөх зам дагуу буюу Төв аймаг, Өвөрхангай аймгуудад явуулын хүмүүст “Боодог зарна” гэсэн зар ихээхэн ирнэ. Нэг боодог 25 мянган төгрөгийн ханштай.
Бас л “бөөндвөл” хямдарна. 2-ыг авбал 40 мянгад өгнө. Айрагтай авбал бас жаахан хямдарна.
Нүд улаан, мөнгө цагаан гэгчээр тахалтай ч тахалгүй хамаагүй тарвага тойрсон асуудал иймэрхүү дүр зурагтай байгаа ч хяналт гэж алга. Задгай, назгай байдал газар авчихсан байхад мэргэжлийн хяналтын зүгээс а гэж ам ангайх хүн алга.
“Сүүлгүй чоно”-ын авд өртөж тоо толгой нь цөөрч байгаа тарвага тахалаар ч бас хорогдож байна. Энэ дүр зургаараа бол хэдхэн жилийн дараа эзэнгүй нутаг, тарвагагүй уул Монголын “баялаг” болох нь ээ.
Ж.Хулан
URL: