Багануурын захирагчийн сонгууль бас л баахан будилах байх даа
Энэ сарын 18-нд Багануур хотын захирагчийн сонгууль болно. Тус сонгуульд дөрвөн хүн нэр дэвшин өрсөлдөж байгаа юм. Дүүргийн Сонгуулийн нэгдсэн хорооноос захирагчийн сонгуульд Н.Тавинбэх, Ш.Отгонбаяр, Д.Цогбаяр, Р.Ганбаатар нарын дөрвөн хүн өрсөлдөж байгааг зарласан.
Н.Тавинбэх “Багануур энерги” компанийн захирлаар ажилладаг бол Ш.Отгонбаяр 2013 оноос дүүргийн Өмч харилцааны газрын даргаар ажиллаж байгаа гэнэ. Д.Цогбаяр 2013-2014 онд дүүргийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хаших болсон байна.
Харин Р.Ганбаатар нь Орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн ажээ. Нэр дэвшигчдийг намын харьяаллаар авч үзвэл Ш.Отгонбаяр нь АН-аас, Н.Тавинбэх, Р.Ганбаатар МАН-аас, Д.Цогбаяр захирагчийн сонгуульд бие даан өрсөлдөж байгаа.
Энэ удаа Багануурын захирагчийн сонгууль Налайхынхаас илүү будилах магадлалтай гэнэ. Учир нь тус дүүрэгт 2012 оны сонгуулиар МАН ялж эрх барих боломжтой болсон ч АН-ынхан луйвардсан тухай хэл ам одоо ч хэвээр байгаа юм.
Энэ удаа АН, МАН-ын нэр дэвшигчид хоёр хоёроороо нэр дэвшээд байгаа ба Налайхынх шиг хоёр дахь санал хураалт явагдах магадлалтай юм.
Яагаад ийм сонгууль явагдаад байгаа тухай сонирхож байгаа байх. Нийслэлийн ИТХ Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайх, Багануурыг дагуул хот болгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан.
Тэр дагуу эхлээд Налайх хотын захирагчийг сонгох сонгуулийг зургаадугаар сарын 14-нд явуулахад найман нэр дэвшигч өрсөлдөж, хоёр дахь шатны санал хураалтаар Ш.Хаан сонгогдсон. Тэгэхдээ тэр сонгогдох хүртэл баахан улстөржиж, будилсан.
Тэгвэл энэ удаа НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Багануур хотын захирагчийн сонгуулийг энэ сарын 18-нд явуулахаар товлоод байгаа нь энэ юм.
Г.Самбаа
Эх сурвалж: Gereg.mn
URL: