ПР нь хэн нэгнийг аливаа салбарт амжилт гаргах арга замыг нээж өгдөг төдийгүй ялалтанд хүргэдэг бас унагадаг. Зах зээлийн харилцаанд ороод удсан, эдийн засаг нь өндөр хөгжсөн өрнөдийн орнуудад санхүүгийн, бизнесийн, хямарлын ПР тэргүүлэх хэмжээнд буй бол харин хуучин социалист орнуудад улс төрийн ПР нь хүчтэй байдаг.
Манайд ПР-ыг реклам, шоу, маркетингийн идэвхжүүлэлт мэтээр ойлгодог. Гаднаас харахад идэвхжүүлэлттэй төстэй мэт боловч зорилго, зорилт, үүргээрээ ялгаатай. Идэвхжүүлэлт нь бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, борлуулалт, ашиг олох зорилготой бол ПР нь олон нийттэй харилцан ойлголцох буюу эерег ойлголтыг төрүүлж, хамтарч ажиллах замаар тухайн байгууллагын өрсөлдөх чадвар, имидж, нэр хүндийг өсгөх зорилготой байдагт оршино.
Маркетинг ба ПР
ПР хийх нь байгууллагын ашигтай имиджийг бүрдүүлж ингэснээр илүү их бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдахад тусалдаг.ПР маркетинг нь олон харилцагчтай харилцаа холбоо тогтоохын тулд заримдаа нэг л аргыг ашигласан байдаг. Гэхдээ энэ нь гаднаас нь ажиглахад ижил харагдаж байгаа боловч үнэн хэрэгтээ өөр зүйл юм. Маркетинг нь ашиг олохын тулд хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн үйлчилгээг үзүүлж байхад ПР нь ашиг олоход үйлчлүүлэгчдийн оролцоогүйгээр бизнесийн нэр хүндийг бий болгоход оршидог. Гэхдээ ПР, маркетинг хоёр нь хоёулаа байгууллагын гадаад үүрэг.
Улс төрийн ПР
ПР-ийн арга – Арга бол зорилгодоо хүрэх хэрэгслэл иймээс улс төрийн ПР-ийн мэргэжилтнүүд олон өвөрмөц аргыг хэрэглэдэг. Энэ нь нэг талаар улс төрчдийн үйл ажиллагаагаа зөвтгөх, нөгөө талаар сөрөг хүчин, олон нийт тэднийг буруутгахад ч өргөн хэрэглэгддэг. Улс төрийн ПР-ийн аргуудыг авч үзье.
Гэрэлтүүлэх арга – Улс төрийн ПР-ийн хамгийн гэгээлэг арга. Тухайн улс төрчийн удам гарал, бага нас, амьдралынх нь гэрэлтэй бүхнийг үзүүлэхийг хичээдэг. Нөгөөтэйгээр тухай улс төрчийн нууц авъяас, далд чанаруудыг нээн илрүүлэх зорилготой.
Манын арга – Улс төрчид олонд нэр хүндтэй хүмүүсээр өөрийгөө сурталчлуулах арга бөгөөд энэ нь эерэг сөрөг талтай байдаг. Ялангуяа сонгуулийн сурталчилгааны үед ПР-ын энэ аргыг өргөн хэрэглэдэг. Үүнээс гадна урлагийнхан, сүүлийн үед залуу уран бүтээлчид нэр хүндтэй хүмүүсийг тоглолтондоо урьж шигтгээ хийх тэднээр өөрийнхөө тухай мэдээллийн хэрэгслэлүүдээр сурталчлуулах гэх мэт.
Шүгэл үлээх арга – ПР-чид энэ аргаар сөрөг талынхаа улс төрчийн булхайг илэрхийлэх, унагах зорилгоор ихэвчлэн хөшигний цаана хийгдэг. Харин цаад утгаараа хэн нэгний эрх ашгийг хөндөхболдог бөгөөд энэ тэдэнд дайсныг төрүүлж улмаар өрсөлдөгчидэд нь өөрийгөө нээн харуулах нэг боломж болдог байна. Иймээс тухайн улс төрчийг муучлах зорилготой хүмүүсийг авч ашилах нь шүгэл үлээх үйл явцын үндсэн элемент гэж үзүүштэй. Ихэнхдээ “шүгэл үлээгчид”-ийн ярьсан зүйл нийтийг хамарсан, ноцтой содон байх ёстой бөгөөд тэднийг өөрийнхөө өмнөөс яриулаад хаях ёстой гэж ПР-чид өвлөдөг. Манайд үүнийг “Хүний гараар могой бариулах” арга гэж нэрлэж болох мэт санагдана.
Тархи угаах арга – Ялангуяа нийгмийн шилжилттэй уялдан олон нийт тодорхой үнэлэмжээ түр алдсан тохиолдолд аливаа байгаа нөхцөл байдлын үндсээр нь өөрчлөх замаар явагддаг. Хүмүүс нийгмийн ээдрээтэй байдалтай холбоотойгоор үнэлэмжийн өөрчлөлт гарах нөхцөл бүрддэг нь энэ аргыг ПР-чид өргөнөөр хэрэглэх боломжийг олгодог. Мөн түүнчлэн ядуурал ажилгүйдэл нь тархи угаах аргыг ашиглах нэг нөхцөл болдог. Энэ аргыг олон нийтийн мэдээллийн хэрэгслэл, гудамжны зар сурталчилгаагаар ихээхэн хийдэг нь боловсрол сул олон нийтэд хамгийн ихээр нөлөөлдөг.
Золиослох арга – Улс төрийн ПР-ийн мэргэжилтнүүд “Бод шидэх” гэж ч нэрлэдэг энэ арга нь нэрнээсээ л ойлгомжтой. Хэн нэгэн нэр хүндтэй хүний өмнөөс сул дорой нэгнийг нь золиослон уг хүний нэр хүндийг хадгалж үлдээдэг арга бөгөөд үүнд улс төрийн гол лидерүүдч өртөх нь бөгөөд энэ аргыг ихэвчлэн бүлгээр үйлддэг. Энэ нь нэр хүнд, санхүүгийн чавдар, нөлөөлөл, олон нийтийн дэмжлэг авах, хэвлэл мэдээллийн хэрэгслэл байдал зэргийг тооцон үзэх ёстой болдог. Золигт гаргах аргад өртөхгүйн тулд золиосонд өртөгч нь золиослогчтойгоо зохицох байдлаар “энэрэнгүйгээр” асуудлаа шийдэж болдог.
Сүүдэртүүлэх арга – Тухайн бие хүний бүх сөрөг талуудыг олон нийтэд үзүүлж түүндээ олон нийтийг итгүүлэх замаар өрсөлдөгчөө мартагнуулах замаар унагах зорилготой. Улс төрчийн өмссөн хувцас, үйл хөдлөл, хэлсэн үг, бие эрхтний гажиг зэргийг гол хэрэгслэлээ болгодог.
Бүдэгрүүлэх арга – Сүүдэртүүлэх аргатай төсөөтэй боловч тактикийн хуьд ялгаатай тухайн улс төрчийн хүчийг сулруулах, улс төрийн тавцангаас шахах, сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй байх зэргээр ард түмнээс хөндийрүүлэх бодлогоор зохон байгуулагддаг. Улс төрийн бодлого явуулж чадахаа байсан, өвчин туссан гэх мэтээр. 1980 оны дундуур Ю.Цэдэнбалыг төрийн өндөр алба хаших боломжгүй болсон архинд дуртай, мартамхай болсон мэтээр мэдээлэл түгээж байсан нь түүний албан тушаалыг өөр бусад нь сонирхож байсантай холбоотойгоо энэ аргыг хэрэглэж байсан болов уу?
Шилжүүлэх арга – Олон нийтийн санаа бодлыг сарниулах зорилготой бөгөөд улс төрчийг ”уснаас хуурай гарах” боломжийг олгодог энэ арга бол улс төрчийн хийсэн хамгийн чухал зүйлийг чухал бусаар сольж утгыг нь алдагдуулдаг. Нийгмийн сэтгэл зүй сул, боловсрол нимгэн иргэд, ядуучууд, мэдээлэлгүй алслагдмал нутаг дэвсгэрт хэрэглэхэд тохиромжтой гэж ПР-чид үздэг.
Хийсвэрлэх арга – Улс төрийн ПР-ийн гол аргын нэг бөгөөд олон нийтийн хийсвэр сэтгэхүй, төсөөлөл, мэдрэмжийг ашигладаг. Улс төрчид ард түмний төлөө юм хийж байна, тэд ард түмний зовлонг нуруундаа үүрч байна, хувь тавилан нь тийм гэх мэтээр ард түмний сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлэхийг оролддог өндөр үр дүнтэй арга. Ялангуяа диэтатизм /төрөө дээдлэх үзэл/, диспотизм /шүтэн барилдах ёс/ их хөгжсэн Азийн ард түмнүүдийн хувьд энэ арга илүү ач холбогдол өгөх талтай.
Хүний өмнөөс хийх арга – Улс төрч амлалтаа биелүүлэх, хэлсэн үгэндээ хүрэх зорилгоор нэр төр, санхүүгийн давуу байдал зэргийг харуулах гэж хийдэг явуургүй аргын нэг. Хийгдэх ёстой, хийсэн ажлуудыг өөртөө татаж, хийгээгүй зүйлээ ч хийсэн мэтээр тайлбарлах, ирсэн тусламж дэмжлэгийг бусдын урдуур орж авч өгөх мэтээр манайд хамгийн их дэлгэрсэн.
Тоогоор хуурах арга – Ниймийг бүхий давхрааг хуурчихдаг түгээмэл арга. Ихэвчлэн улс төрчид тодорхой тоо хэлдэггүй барагцаалсан, хувьчилсан тоог ашигладаг. Парламентийн гишүүд тойрогтоо 50 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийсан бол түүнийгээ заавал 5000000 төгрөг мэтээр, тойргийн хүн амын 55% хамарсан ажил явуулсан бол түүнийгээ тойргийн хүн амын ихэнх нь, олонхи нь гэх мэтээр ярьж бичих зэргээр илэрхийлдэг бөгөөд ПР-ийн мэрэгжилтнүүд ч ингэхийг зөвлөдөг.
Үгээр хуурах арга – Сэнхрүүлэх ба үгээр хуурах арга бөгөөд тэд эх хэлнийхээ баялагийн ашиглах засаар замаар өөрөөр хэлбэл илтгэх урлагийн эзэмших байдлаар олны дэмжлэг авдаг. Энэ бол зайлшгүй ПР үүнийг илтгэх урлагаар жич авч үзнэ.
Дүрээр хуурах арга – Гадаад төрхөө сайхан харуулах, зөв сайхан хувцаслах, олны дунд биеэ авч явах, нүүрний хувирал, үйл хөдлөл зэрэг сэтгэл зүйг шинжийг хамарсан байдаг. Манай парламетийн гишүүд чуулганыхаа нээлтэн дээр үндэсний өвөрмөц хийц загвартай хувцас өмсөх, элдэв өвөрмөц үнэт эдлэл хэрэглэх гэх мэтээр зориудын аяг гаргадаг. УИХ гишүүн агсан М.Зэнээ, О.Дашбалбар нар тухай үедээ ПР-ын энэ аргыг ашиглан шуугиан дэгдээж байсан билээ.
Өнгөөр хуурах арга – Тухайн улс үндэстний болон, олон нийт, бүлэг, хувь хүний эрхэмлэдэг өнгийг сурталчилгаандаа ашиглах замаар өөрийн мэрэгжил, албан тушаал, тухайн өдөр болон цаг үеийнхээ үйл явдлыг гэрчлэх ПР хийдэг. Монголчууд цагаан, хөх өнгийг бэлэгддэг билээ. Жишээ нь: “Хөх даалинбан тэрлэг”, Б. Ганбаатарын “Хөх цэрэг”, “Ертөнцийн гурван хөх”, зэрэг бүтээлүүд, хүмүүсийн энгийн ухамсрын төвшинд яригддаг “Хөх тэнгэр минь өршөө”, “Сүүн цагаан сэтгэл” зэрэг хэллэг нь нь энэ аргын үндэс болов уу?
Билэгдлээр хуурах – Азийн ард түмнүүдийн дунд түүний дотор монголчууд бидний сэтгэлгээнд хамгийн ойр байдаг зөвхөн улс төрд ч бус нийгмийн бүхий л салбарт өргөн ашиглагддаг уламжлалт хэмээн үзнж болох соёл ёс заншилтай холбоотой ойлголт бол билэгдэл зүй юм. Билэгдэл зүй нь өөрөө ПР -ийн шинжтэй өвөрмөц үзэгдэл болохын хувьд түүнд хамааралгүй юмс үзэгдэл олоход бэрх. Доктор профессор н. Дулам зэрэг зарим судлаачид билэгдэлийг тал бүрээс нь тусгайлан авч судалсаар байна. ПР-т нэг талаас улс төрчийг үйл хөдлөл, хувцаслалт, үг яриа, хобби, шүтлэг, чадвар, мөрөөдөл зэргийг нь онцлон үздэг. Нөгөөтэйгээр тухайн улс орны онцлог, газар нутаг, яс үндэс, байгал цаг уурын нөхцөл зэрэгт тохирсон бэлэгдлийг хэрэглэх нь хүн төрөлхтөний сэтгэлгээний үнэт зүйл, үнэлэмжийн асуудал юм. Тооны, өнгөний, дүрсийн, зүг чигийн, цагийн, дохио зангааны, зөн совингийн гэх мэт олон билэгдлийн дунд хүмүүс оршдог учир үүнийг ПР болгон хэрэглэх нь тэдний нэг зуршил болсон зүйл. Улс төрчид ч үүний овжин ашиглаж ард түмний хуурсаар ирсэн.
Дайснаа төрүүлэх арга – Энэ аргыг хэрэглэснээр өөрөө дайсантай болдог хэдий ч цаад утгаараа улс төрчийн нэр хүндийн өсгөх байдлаар хийгддэг ПР-т хамгийн удаан хугацаанд хэрэглэгдэж ирсэн арга. Энэ арга нь тухай улс төрчийнхөө имижийг бүрдүүлэхээсээ өмнө дайсныхаа хүчтэй, аюултай олон нийтэд нөлөөтэй, гэдгийг олон нийтэд гаргахыг хичээдэг. Дайсан нь уг улс төрчөөс ямагт илүү нэр хүндтэй, олонд зөвшөөрөгдсөн байж түүний ялах нь уг улс төрчийн нэр төрийн хэрэг болдог. Тэр том дайсантай байх нь ард түмнээ түүнээс хамгаалалах нь тухайн улс төрчид хувьд “том” дүрд тоглох тоглолтууд явагддаг. Манайд Гүндалай, Нямдорж хоёрын бие биенээ дайсагналцаж байсан нь тэдний энэ аргаар имиджээ бүрдүүлж байгаагийн нэгэн илэрхийлэл.
Үгүйлэгдэх арга – Нийгэмд тухайн улс төрчийг мартуулахгүйн тулд түүний талаархи мэдээллийг үе үе сэргээж сануулж байдаг. Учир нь хэсэг хугацаанд алга болсон улс төрчийн талаар цуурхал шинжтэй мэдээлэл тараах замаар нийгмийн сэтгэл зүйг өдөөдөг. Үүгээрээ ПР-чид тэднийг ард түмэн санагалзаж байгаа илэрхийлсэн уур амьсгалыг үүсгэж нийгмийн сэтгэл зүйгээр тоглодог бүрэн зохион байгуулалттай арга. Саяхнаас 25-р суваг телевизээр ням гариг бүр Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” гэсэн өөрийн имиждийг баталгаажуулсэн нэвтрүүлэг хийлгэж байгаа нь улс төрөөс тур зуур амсхийсан түүний имижийг үгүйлэгдэх аргаар сануулж эхэлж буй санагдана. Энэ нөгөөтэйгээр дахин улс төрд хүчтэй орох нэг гарц болов уу?
Үл мэдэх арга –Зарим хүмүүс улс төрчдийн нэр хүндийг унагах зорилгоор тэднийг өөрийгөө таньдаг, мэддэг, хамаатан гэх мэтээр харагдах нь сөрөг хүчинд нь сайхан өгш болох тал бий. Нөгөөтэйгээр улс төрчтэй ойр дотны холбоотой хэн нэгэн хүн нийгмийг цочроосон сенсаац үүсгэсэн тохиолдолд уг улс төрч нь тэр этгээдийн мэдэхгүй, танихгүй гэх мэтээр аяглах нь хувь хүнийхээ хувьд байж болохгүй мэт боловч улс төрийн ПР-чид зөвшөөрдөг. ПР-чидийн үзэж байгаар улс төрчдийн хувьд үл мэдэгч байж нэрээ цэвэр авч гарах нь өөрийгөө аврах арга бөгөөд ингэснээр тогтсон имижээ хадгалж үлдэж чаддаг.
Дасгах арга – Хамгийн сайн улс төрч бол их юм хийсэн хүн бус их ярьж чадсан хүн л байдаг гэдэгтэй олон нийт санаа нийлэх байх. Иймээс нарийн логиктойгоор сурталчилгаа хийх маягаар хүмүүсийн санаа бодлыг дасгах ёстой гэж ПР-чид зөвлөдөг.
Мөлхөх арга – Заримтай аядуухан урагшлах нь хэт хүчтэй сурталчилгаанаас ашигтай байх тал бий. Монголчууд “Чулууг чулуу биш ус л дийлдэг” гэдэг шүү дээ. Энэ арга нь нийгмийн байдал тогтвортой нөхцөлд хийх нь ашигтай бөгөөд буурь суусан улс төрчдөд тохиромжтой. Нөгөөтэйгээр сонгуулийн сурталчилгаа мэт хүчтэй улстөрийн үйл ажиллагаануудад ард түмэн уйдсан, залхсан, дүргүйцсэн үед хэрэглэх нь элбэг байдаг.
Торнадо арга – Байгалийн элдэв гамшиг, гэнэтийн аюул осол, зэргээс үүдэн нэр хүндээ өсгөх арга ард түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлэх, зохион байгуулалтын арга хэмжээ авах, өөрийн биеээр гамшгийн газар очих зэргээр өөрийгөө тухайн асуудлыг шийдвэрлэхэд гол хүн гэдгийг харуулах замаар имижээ бүрдүүлэх явдал.
Улс төрийн ПР гэдэг бол нийгэм улс төрийн аливаа асуудлын талаарх олон нийтийн санаа бодол, сонирхолд тулгуурлан дэжлэгийг нь авах, улс төрчдийн нэр хүндийг өргөх, шинэ дүр төрхийг бий болгох арга технологи юм. Ер нь ПР улс төрийн салбарт амжилт гаргах арга замыг нээж өгдөг төдийгүй ялалтанд хүргэдэг, улс төрч, нам, бүлэглэлийг эерэгээр ойлгуулахад чиглэгдсэн, төлөвлөгөөтэй зохион байгуулагдсан сурталчилгаа төдийгүй шинжлэх ухаан урлагийн тогтолцоо болно. Улс төрийн ПР-т AIDA гэсэн ойлголт чухал юм. AIDA гэдэг нь Attention-interest-Desire-Action гэсэн англи үгнүүдийн хураангуй юм.