Хэрэгждэггүй бас нэгэн хууль
-Хууль хэрэгжээд хэдий арав хоносон ч татвар авах үүрэг хүлээсэн аж ахуй нэгжүүд хэрхэн татвар авч, төсөвт дамжуулах тухай ойлголтгүй самгардаж, татварынхан ч хэрхэн татвараа хураахаа мэдэхгүй мэгдэж байгаа сурагтай. Мөн иргэд ч хэрхэн татвар төлөхөө мэдэхгүй байна-
УИХ-аас баталсан хуулийн дагуу Нийслэл хотын албан татварын хууль энэ сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тодруулбал, архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний нийт үнийн дүнгийн нэг хувийг татвар болгон төлөхөөр журамласан. Хуулийн дагуу бол нийслэлчүүд татвар төлөөд арав хонож, багагүй хэмжээний татварын орлого хуримтлагдаж эхэлсэн байх учиртай. Өөрөөр хэлбэл иргэд ресторанд үйлчлүүлсэн 20 мянган төгрөгийн тооцоог 20200 төгрөг, согтууруулах ундаа дэлгүүрээс авсан 10 мянган төгрөгийг 10100, тамхи авсан дөрвөн мянган төгрөгийг 4040 төгрөг болгон төлөх юм. Энэхүү татварыг 5245 татвар суутгагч буюу худалдаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүдээр дамжуулан сар бүрийн 10-ны дотор улсад төлж, улиралд нэг удаа тайлан гаргаж байхаар шийдсэн. Хууль хэрэгжээд хэдий арав хоносон ч татвар авах үүрэг хүлээсэн аж ахуй нэгжүүд хэрхэн татвар авч, төсөвт дамжуулах тухай ойлголтгүй самгардаж, татварынхан ч хэрхэн татвараа хураахаа мэдэхгүй мэгдэж байгаа сурагтай. Мөн иргэд ч хэрхэн татвар төлөх талаар мэдээлэлгүй байна.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх үеэр “Нийслэлд худалдаа эрхэлдэг байгууллагууд дээрх татварыг суутгахын тулд 1.5 сая төгрөгийн үнэтэй төхөөрөмж байршуулах шаардлагатай. Тус кассын машинд бүх гүйлгээ бичигдэж, татвар авахад амар болно” гэцгээж байсан.
Хэдийгээр татварыг хураах механикмийг боловсронгуй болгож буй энэхүү саналыг зүйтэй гэх боловч 1.5 сая төгрөгөөр кассын машин шууд худалдан авах аж ахуй нэгж, бизнес эхлэгч хэд байгаа бол, авсан тохиолдолд энэхүү “шахаа”-ны цаана хэн нэгэн бизнесмений эрх ашиг байгаа гэдгийг үгүйсгэхгүй байгаа гэдгээ хувиараа бизнес эрхлэгчдийн холбооныхон мэдэгдэж байсан.
Мөн бүх үйлчилгээний газар хотын татварыг нэгэн зэрэг нэмэхгүй бол хуулиа дагаж татвар аваад эхлэхэд зэргэлдээх өрсөлдөгч нэмэхгүй бол үйлчлүүлэгчээ алдах эрсдэлтэй гэдгийг ч мөн онцолж байгаа.
Үнэндээ бодит байдал дээр хууль ингэж л хэрэгжиж байна. Тиймээс хууль санаачлагчид, нийслэлийн удирдлагууд, татварынхан энэ байдлыг цэгцэлж, энэхүү будлианыг яаралтай нэг тийш болгох нь зүйтэй болов уу.
Энэ дашрамд нийслэлийн иргэн хэрхэн татвар төлөх талаарх мэдээллийг эргэн сануулъя.
Архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан бол татвар төлнө
Нийслэлчүүд архи согтууруулах ундаа, тамхи худалдан авах бүртээ нийт үнийн нэг хувийг татварт нэмж төлөх юм. Өөрөөр хэлбэл зах, хүнсний дэлгүүр, мухлаг, супермаркет гээд бүхий л газраас дээрх бүтээгдэхүүнийг худалдан авсан бол татвар төлнө гэсэн үг. Худалдан авалтын хэмжээнээс үл хамааран нэг хувийн татварыг төлөх юм. Жишээлэхэд, 5000 төгрөг бол татварт 50 төгрөгийг төлж 5050 төгрөг, 10 мянган төгрөг бол 10100 төгрөг болгон худалдан авалт хийнэ гэсэн үг.
Ресторан, баар, цэнгээний газраар үйлчлүүбэл мөн татвар төлөх учиртай
Ресторан, баар цэнгээний газарт үйлчлүүлсэн иргэд авсан бүхий л үйлчилгээний зардлын нэг хувийг татварт нэмж төлөх юм. Гэхдээ үүнд цайны газар, түргэн хоолны газар зэрэг газрууд багтахгүй гэдгийг онцолъё.
Тус хуулинд Нийслэл хотын албан татварын хуулинд татвар авах ресторан, баарыг дараах байдлаар тодотгосон байгаа юм. Үүнд,
4.1.6.“ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
4.1.7.“баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг гэж нарийвчлан зааж өгсөн байгаа юм.
Хотын татварыг хурааснаар жилд 13 орчим тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрөх гэдэг нь нэг иргэн жилд дунджаар 100 мянган төгрөгийн татвар төлөх юм байна.
Зочид буудал, амралтын газарт амарсан бол татвар төлнө
Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л зочид буудал, амралтын газраар үйлчлүүлж байгаа иргэн авсан бүх үйлчилгээний төлбөрийн нэг хувийг татвар болгон нэмж төлнө. Амралтын газраар ихэнхдээ гадаадын иргэд үйлчлүүлдэг тул энэ нь манай улсын эдийн засагт бага ч гэсэн нэмэр болно гэж НИТХ-ын төлөөлөгчид үзэж буй юм. Тодруулан хэлэхэд, тус хуулийн 4.1.4.“зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолбор, 4.1.5.“амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжид амарч, үйлчлүүлсэн бол татвар төлөх юм.
М.Болор
Zaluu.com
URL: