Маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”


Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлж байгаа билээ.

Өнгөрсөн хаврын мод тарих үндэсний өдрөөр Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ой, Ялалтын 70 жилийн ойд зориулан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд шинэ төгөл байгуулсан юм. Энэхүү арга хэмжээнд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, УИХ-ыын Тамгын газрын ажилтнууд оролцож мод тарьсан. Түүнчлэн энэ арга хэмжээнд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Азизов Искандер Кубарович, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурной, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландин нар болон эдгээр улсын Элчин сайдын яамны дипломат ажилтнууд Ялалтын 70 жилийн түүхт ойг билэгдэн 70 мод тарьж, шинэ төгөл байгуулсан юм.

УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 цагт “Бүх нийтээр мод тарих” энэ намрын арга хэмжээнд оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих