Б.Өнөржаргал: Т.Цогт, Г.Маралмаа нарын ялаас нэг ч өдрийг бүү хасаасай
-Охиныг минь хөнөөсөн алуурчдад анхан шатны шүүхээс 24 жилийн ял оноосон. Г.Маралмаа, Т.Цогт нар давж заалдах шатны шүүхэд хандаж, гомдол гаргана гэсэн байна лээ. Дараа дараагийн шүүх шударга байж тэдэнд оноосон ялаас нэг ч өдрийг хасахгүй байхыг хүсч байна-
Дөрвөн настай охин төрсөн эцэг, хойд ээжийнхээ гарт амь насаа алдсан хэрэг оны эхэнд гарч өдийг хүртэл олны сэтгэлийг эмзэглүүлсэн хэвээр байна. Энэхүү хэргийг шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 7-нд болж Т.Цогт, Г.Маралмаа нарыг насанд хүрээгүй хүүхдийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж байнга зодож тарчлаан улмаар онц хэрцгий аргаар амь насыг нь хохироосон хэрэгт буруутган тэдэнд 24 жилийн ял оноосон. Мөн талийгаач охины төрсөн эцэг Т.Цогтын таван жилийн ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Г.Маралмаагийн эдлэх 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээж авсан талаар талийгаач охины ээж Б.Өнөржаргалаас тодрууллаа.
-Өмнөх удаа Т.Цогтыг охины үхэлд буруугүй гагцхүү цагдаагийн байгууллагад хандаагүй гэж үзэн таван жилийн ял оноохоор төлөвлөж зүйлчилсэн байсан. Харин нэмэлт мөрдөн байцаалт явуулж, дахин шүүж хурал болсны эцэст түүнийг Г.Маралмаагийн хамтаар төрсөн охиноо онц хэрцгий аргаар хөнөөсөн болохыг тогтоолоо. Та шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээн авсан бэ?
-Удаа дараагийн мэдүүлэг, шүүх хурлын үеэр Г.Маралмаа, Т.Цогт хоёул өөрсдийгөө охиныг минь зоддоггүй байсан гэж өмөөрч харин бие биерүүгээ гэм бурууг чихэж байсан. Үнэндээ хоёулаа охиныг минь зоддог байсан юм билээ. Т.Цогт хуулийн байгууллагад танил ихтэй, мэргэжлийн чадвараа ашиглаад дөрвөн удаа мэдүүлэг өгөхдөө ямар нэгэн сэжиг төрүүлэхгүйгээр яг ижил мэдүүлэг өгсөн, мөн таван жилийн ял төлөвлөсөн гэдгийг сонсоод хэргийг үнэн зөв шийдвэрлэхгүй байх вий гэдгээс эмээж байсан. Гэтэл тэдний гэм буруутайг нотолж тус бүрт нь 24 жилийн ял оноосон. Г.Маралмаа, Т.Цогт нар давж заалдах шатны шүүхэд хандаж, гомдол гаргана гэсэн байна лээ. Дараа дараагийн шүүх шударга байж тэдэнд оноосон ялаас нэг ч өдрийг хасахгүй байхыг хүсч байна.
-Г.Маралмаа жирэмсэн өнөө маргаашгүй төрөх болсон. Онц хүнд гэмт хэрэгт яллагдсан тул ялыг нь хойшлуулахгүй гэж шүүхээс шийдвэрлэсэн.
-Анхны шүүх хурлын үеэр Г.Маралмааг том гэдэстэй орж ирэхэд үнэхээр гайхсан. Эх хүн тэр тусмаа хэвлийдээ үр тээж яваа байж нялх охиныг минь яаж харгислаж байсныг төсөөлөхөд ч бэрх байна. Анхандаа “Амийг амиар. Төрөх хүүхдийг нь алаад Г.Маралмаад өөрийнхөө туулж байгаа зовлонг амсуулъя” гэж бодсон. Гэхдээ тэр хүүхэд тийм зүйл амсах гэм буруугүй шүү дээ гэдгийг ухаарсан. Хэргийн талаар сөхөж ярьмааргүй байна.
-Сүүлийн ганц асуулт та охиноо зоддог байсныг мэдсэн үү. Мөн хамгийн сүүлд охинтойгоо уулзаад шөнийн 01.00 цагт охиноо аваачиж өгсөн талаар шүүгчид ихээхэн лавлан асууж байсан. Охиноо өөр дээрээ байлгаж болоогүй юм уу?
-Нэг удаа охин минь Т.Цогтынд очоод ирэхдээ нуруу нь хөхөрчихсөн ирсэн. Т.Цогтоос утасдаад асуутал “Охин ээжийгээ санаж байна гэж гүйж байгаад шатнаас уначихсан. Эмч зүгээр гэсэн” гэж хариулсан. Тухайн үед Т.Цогт төрсөн эцэг нь юм хойно итгээд өнгөрсөн. Харахад мэдэгдэхүйц хөхөрсөн, зодуулсан байсан бол охиноо өгөхгүй, яааж ийгээд өөрөө өсгөх байсан. Шөнө дөлөөр охиноо аваачиж өгсөн нь үнэн. Т.Цогт утасдаад чухал ажил гарсан тул охиныг яаралтай хүргэж өгөхийг шаардаж элдвээр доромжлоод байхаар нь охиноо аваачиж өгсөн. Тэр үед охин минь унтаж байсан. Сүүлд хавтаст хэргийг уншихад “Тэр өдөр Г.Маралмаагийн өвөө/бөөгийн сахиус/ нь буугаад охиноо өнөөдөр, яаралтай өөрсдөө авцгаа тэгэхгүй бол төрсөн ээж Б.Өнөржаргалын хормойн бузар шингэнэ гэсэн. Тэгээд л охиноо нэхсээр байгаад авсан” гэж мэдүүлсэн байсан. Өөр зүйл ярьмааргүй байна.
Д.ЖАРГАЛ
URL: