“7 буудал-Чингэлтэйн шинэ эцэс” чиглэлийн замын ажил тендерийн маргаанаас болж зогсчээ
“7 буудал-Чингэлтэйн шинэ эцэс” чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажил энэ оны наймдугаар сард эхэлсэн ч есдүгээр сард зогссон. Засварын ажлын доголдлоос тус зам нь нүх, хонхорхойтой болсноос тээврийн хэрэгслээр явахад хүндрэлтэй, шороо тоос босдог болсныг ойр орчмын иргэд нь хэлж байгаа юм.
Энэ талаар нийслэлийн Авто замын газрын Зам засвар хяналтын хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбат “7 буудал- Чингэлтэйн шинэ эцэс” чиглэлийн замыг өргөтгөн шинэчлэх ажил наймдугаар сард эхэлсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор энэ оны арваннэгдүгээр сарын 30-нд дуусах байв.
Гүйцэтгэгчээр нь “Экспресс зам” компани шалгаран ажлаа эхлүүлсэн ч тендерийн маргаан гарсан учраас ажлыг зогсоосон. Шүүхийн шийдвэр гарах хүртэл ажил үргэлжлэхгүй. Энэ ондоо багтаж ажил төлөвлөсөн ёсоор дуусахгүй нь тодорхой болоод байгаа юм. Замыг өргөтгөн, шинэчлэх ажлын нийт өртөг нь 4.7 тэрбум төгрөг.
Ажил зогсох хүртэл замын хажуугаар үерийн ус зайлуулах хоолой тавих ажлыг хийж байсан. Энэ ондоо багтаж замыг өргөтгөн шинэчлэх ажил амжихгүй болсон хэдий ч бидний зүгээс ард иргэдээ аль болох ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх болно” хэмээв.
URL: