Н.Энхбаяр, хориг хоёрын завсар хавчуулагдсан улстөрчид хөөрхий
Өршөөлийн хууль, өршөөлийн хуульд тавьсан хориг гэж ярьсаар бараг хоёр сарыг ардаа үдлээ. Харамсалтай нь шийдэгдсэн зүйл гэж нэг ч алга.
Намрын чуулган эхлээд долоо хонов. Намрын чуулганы хэлэлцэх асуудлын дарааллын нэгдүгээрт Өршөөлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал багтсан. Гэвч байнгын хороо, УИХ, ажлын хэсэг нь ч хуралдахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг чуулганаар хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг завсарлага авснаар өнөөдрийг хүртэл хойшилсон. Уг нь тэдний авсан завсарлага өнөөдөр дуусгавар болно. Гэтэл өнөөдрийн чуулганы хэлэлцэх асуудал дунд бас л багтсангүй. Учир нь Ерөнхий сайдын хүсэлтийн дагуу төсвийн тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцэх шийдвэрийг Их Хурлын дарга гаргасан юм. Ингээд уг асуудал бас дахин хойшилж ирэх долоо хоног, бүр цаашлаад дараагийн долоо хоногт шилжлээ.
Өршөөлийн хуулийг өнгөрсөн наймдугаар сард батлан гаргахдаа авилга болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхөөр тусгаж оруулж ирсэн байдаг. Харин үүнийг нь Ерөнхийлөгч эсэргүүцэж, уг хуулийн холбогдох зүйл заалтуудад хориг тавьсан. Тодруулбал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т заасан Өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдалд Хээл хахууль авах, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, Хууль бусаар хөрөнгөжих, Төсвийн хөрөнгийн хууль бусаар зарцуулах, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх зэрэг гэмт хэргүүдийг нэмж тусгах нь зүйтэй гэсэн байр суурийг баримталж байгаагаа илэрхийлсэн. Үүнийг нь харин УИХ зөв харж инээж, буруу харж уйлсаар хүлээж авсан.
Үүнийхээ дараа улстөрчид хоригийг тойрог гэж ёстой л хөгөө чирч явна. Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар Шадар сайд Ц.Оюунбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан боловч харамсалтай нь тэд буруу замаар будаа тээсэн. Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн хоригийг тусгаж байгаа нэрийдлээр Өршөөлийн хуулийн зүсийг хувилгаж, нүүрийг нь угаагаад л оруулаад ирсэн гэхэд болно. Үүнийг нь олон нийт хүчтэй эсэргүүцэв.
Ингээд ээлжит бус чуулганаар уг асуудлыг хэлэлцэх гэсэн боловч ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар намрын чуулган болтол хойшлуулсан. Товчоор хэлбэл хэлэлцэж чадсангүй. Энэ долоо хоногт Хууль зүйн байнгын хороо хоёр ч удаа Өршөөлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуралдах гэсэн боловч харамсалтай нь чадсангүй. Үнэндээ улстөрчид өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хуульд тусгах уу, аль эсвэл авилгачдаа өршөөх үү гэсэн “ацан” шалаанд орчихоод байна. Тэдний хамгийн сүүлийн арга нь үгэн дотор үг “боох” юм. Тодруулбал, авилга хээл хахуулийн хэргийг залиллан гэх зүйлтэй холбож хүслээ гүйцэлдүүлэх бодолтой байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байгаа хүн залилан хийх тохиолдол тун ховор. Хэрэв тухайн авлигачин албан тушаалтныг залилан хийсэн гэж үзвэл ерөөсөө авлига, албан тушаалын гэмт хэрэг гэж байхгүй болно. Энэ бол тэдний сүүлийн гарц, сүүлийн мэх.
Байнгын хороо болон чуулганы хуралд дээр Л.Болд болон МАХН-ын даргаа гэсэн сэтгэлтэй нэр бүхий гишүүд өршөөлийн хуулийг цээжээрээ хамгаалж, хоригийг түлхэж суусан. Тэд бол ил байгаа нь. Харин бүгд цаагуураа далдаар хоригийг хуудуутай тусгаж, авилгачдыг өршөөхөөр хичээнгүйлэн зүтгэж явна.
Харин хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгч Өршөөлийн хуульд тавьсан хоригт нь УИХ хэрхэн хандаж байгаа талаар ярихдаа “Намайг хориг тавина гэдгийг мэдэж энэ хуулийг хийсэн. Би эцсээ хүртэл авилгачдыг өршөөхгүй гэдэг байр сууриа хамгаална. Хоригийг тойрох гэж яаж хөгөө чирч байгаа олон нийт харж байна. Хоригийг хэрхэн тусгахаас шалтгаалж дахин хориг яригдана” гэв.
Ямартаа ч гишүүд авилгачин найз нөхөд, ах дүү, хамаатан саднаа бодохоор өршөөчихмөөр байгаа. Харин ард түмэн, улс төрийн замнал, ирэх жилийн сонгуулиа бодохоор хоригийг жинхэнэ утгаар нь хүлээгэд авчихмаар байгаа. Үүнээс илүү хүнд байдал гэж үгүй биз ээ.
Г.Лхагва
Zaluu.com
URL: