Ш.Солонго: Цөөн тусмаа сайн

12019986_843427005775179_1471441812156922902_n
1.Чамд архичин шоучин нөхөд цөөн байвал зүгээр.
Учир нь амьдралаа дэмий балай өнгөрүүлэх магадлалтай.Бас архи тамхинд дурлах мэт ямар ч хэрэггүй зуршил суучихна.Тэгснээс чамайг ойлгодог, уйлаад сууж байхад чинь хаанаас ч гэсэн хүрч ирээд тайтгаруулж чадах ганц ч гэсэн хүнтэй бол сайн.Бас амьдралын төлөө махран зүтгэдэг, өөрийг чинь ажил хийсэнгүй гэж уурлаад байдаг нөхөддөө хачиг шиг наалдаж яваарай.

2.Чамд бас “Би зовж байна” гэх бодол цөөн төрвөл зүгээр. Толгойд орж ирж буй мянга түмэн бодлоос хамгийн хортой нь энэ юм.Ирээдүйгээ ирмүүн сайхнаар төсөөлөөд сэтгэлдээ болор шилтгээн барьчихаад явж байтал “Ёстой зовж байнаа, цаашдаа ч гэсэн ингэх юм байгаа биз” гэж бодонгуут өнөөх шилтгээн чинь сархийгээд нурж байдаг гээд саначих.Чамайг зүгээр нураагаад хураагаад хаячихдаг гэсэн үг.Бодлоо удирдаж, энэ тэнэг хандлагыг өөрчлө.Өөрчлөгдөхгүй байвал Хавдрын эмнэлгийн Хөнгөвчлөх тасагт очоод үз.Жинхэнэ зовлон, цөхрөл гуниг гэдэг тэнд байдаг юм билээ.Чи өөрөөсөө ичсэндээ уйлах байх.

3.Өөрт чинь бас бодлогогүй тэнэг алхам цөөн байвал зүгээр. Учир нь амьдрал гэдэг олдохуйяа бэрх тохиол.Машинаа бариад явж байтал чинь нэг машин дайрчих шахаад өнгөрвөл яах вэ.Хор чинь хөдлөөд хойноос нь очиж алалцах уу.Миний танил яг ийм хэргээр шоронд орсон.Тэнэг хэрэг байгаа биз.
Та ямар ч хамаагүй шоронд очоод хугацаагүй хоригдсон, чангад байгаа хүнтэй яаж ийгээд уулзаарай.Амьдрал гэдэг ямар үнэтэй, ганцхан архи уугаад жолооны ард суух үйлдэл юунд хүргэдэгийг миний бичээд буй энэ хэдэн өгүүлбэрээс илүү ойлгуулнаа.

4.Саяхан нэг ах надаас зөвлөгөө авсан. Хэдэн төгрөгтэй болоод эхнэрээ үрчихнэ гээд нууц амрагтаа хадгалуулсан юм гэнэ чааваас.Тэгтэл ганцхан өдөр нууц амраг ч үгүй, мөнгө ч үгүй болчихож.
-Одоо ах нь яахав, хүүгийнхээ сургалтын төлбөрийг яах юм бэ гээд надаас асуугаад байгаа юм шүү.Би ямар нэг их юм мэддэг мэргэн түргэн ч хүн биш дээ.
-Таны хүнд итгэх итгэл чинь тийм л үнэтэй олдож дээ.Эхнэр чинь үрлээ үрлээ гэхэд гэр бүлийнхээ хэрэгцээнд л зориулна ш дээ.Та дэмий л юм хийж.Эцсийн эцэст таныг эвхрээд унахад эхнэр чинь л үүрч дүүрч асарна биз дээ.Нөгөө эмэгтэй чинь дахиад л нэг саах хүн олоод авна.Ерөөс ханилснаас илүү хүн гэж юу байсан юм гэвэл тэр ах нэлээн бодсоноо
-Ерөөсөө л нууц амраг гэдэг өөрийгөө ч жаргаадаггүй, өрөөлийг ч жаргаадаггүй дэмий хог байж гэсэн шүү.Хүн ухаанаа түшиж алгын чинээхэн амьдралаа зөв л авч явсан нь дээр байгаа биз.

5.За бас нэг юм байна. Хажууд чинь нэг хүн байгаад байна уу.Яагаад ч таньд таарч тохирохгүй нь мэдрэгддэг, хүн муутай, өөрийг чинь хэвтэрт ороод хэвтчихвэл хөлнөөс чинь чирч гаргаад Хуц уль гээд яваад өгчихөж чадах хүн байна уу.За ийм товаршитай яаж харьцах талаар дараа өгүүлье.

Нэгдсэн дүгнэлт: Тэгэхээр архичин шоучин нөхөдгүй, зовж байна гэж гаслаад байдаггүй, гэр бүлээ дээдлэдэг хүн жаргадаг байх нь. Амьдралаа там болгож хувиргасанаас зүгээр л зүй зохисыг нь ол гэсэн үг. Цөөн байх юмыг нь цөөлж, олон байх юмыг нь олшруулаад л явчихгүй юу. Их хялбархаан. Таны бодсоноос ч амархан.

Бичсэн Шуурайн Солонго


URL:

Сэтгэгдэл бичих