Улсын автобусууд ачааллаа дийлэхгүй байна

Нийслэлд үйл ажиллагаа явуулж, иргэдэд үйлчилж буй хувийн автобус компаниуд өчигдөр түр зогсолт хийсэн. Тус түр зогсолт өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр байна. Тодруулбал, цахим системд шилжсэнээс хойш алдагдалтай ажиллаж, техник,  сэлбэг хэрэгсэл худалдан авах, ажилчдынхаа цалин хөлсийг  өгөх боломжгүй болсон гэж тайлбарлаж байгаа бөгөөд санхүүгийн асуудлыг яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлсэн.

Улсын автобусууд ачааллаа дийлэхгүй байна

Өчигдрөөс эхлэн хувийн автобусууд ажил хаясантай холбогдуулан, улсын автобусууд ачааллаа дийлэхгүй байна. Тодруулбал, Зарим автобусны смарт карт уншигч нь ачааллаа даахгүй, гацаад картаа уншихгүй, Харин зарим автобусны хүмүүс нь орох хаалгаараа багтахгүй, буух хаалгаараа мөнгө төлөлгүй зорчиж байгаа харагдсан юм. Энэ талаар “Таван шар – Офицеруудын ордон” чиглэлд явдаг улсын автобусны жолооч Б-ээс тодруулахад, “Өглөөнөөс хойш хүн багтахгүй эцсийн буудал дээрээсээ л дүүрээд гарч байна. Хүн дүүрэн болохоор урд хаалгаа онгойлгохгүй арын хаалгаа онгойлгоод хүнээ буулгахаар хүмүүс арын хаалгаар хүмүүс шихэж ороод ажиллахад үнэхээр хүндрэлтэй байна” гэлээ.

Ажил, хичээлээсээ хоцорсон хүмүүс бухимдалтай байна

Өглөөний 6.00 цагаас эхлэн автобусны буудал дээрх хүмүүс багтахгүй. Ажил, хичээлээсээ хоцорчихгүй юмсан гэсэн хүмүүс ганц нэгээр цуван ирж байгаа автобусандаа багтах гэж бараг л “дайн” болж байна. Бүх хүн л ам амандаа “энэ автобуснууд арай хэтэрхий юм аа, Смарт картыг болиулах хэрэгтэй, Яах вэ багтаад суучих юм сан, Ажлаасаа хоцорлоо” гэж үглэж байсан юм. Тэдний дундаас их л яарсан бололтой ирсэн автобус бүрт суух гэж зүтгээд багтахгүй алдсан 40 орчим насны эгчээс хэдэн зүйл тодрууллаа.

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Сарантуяа:

-Хувийн автобусны ажил хаялтын талаар та ямар бодолтой байна вэ?

-Энэ автобусныхан одоо болимоор юм аа. Хэдэн төгрөг нэмүүлэх гээд иргэдийг ингэж хохироож боломгүй санагдах юм. Эгч нь зүүн салаа орох гээд автобус хүлээгээд бараг 30 минут болж байна. Байж, байж ирсэн ганц автобусанд нь залуучууд нь дайраад суучих юм.

-Шууд зүүн салаа орох унаанд суух хэцүү байх аа. Дамжаад явж болохгүй юу?

-Дамжаад сууя гэсэн ч автобус олдохгүй байна шүү дээ. Автобусны бараа харагдвуу, үгүй юу энэ хэдэн залуучууд нь дайрч унгаахчих шахаад л гүйх юм. Би хичнээн зүтгээд ч нэмэргүй байна шүү дээ. Энэ автобуснууд хурдан ажилдаа гармаар юм. Энд хэдэн цаг зогсох оо ч мэдэхгүй байна.

Сүхбаатар дүүргийн иргэн Г.Аюур:

-Хувийн автобусны ажил хаялтын талаар та ямар бодолтой байна вэ?

-Ямар ч судалгаа шинжилгээ хийлгүй, шууд л цахим системийг оруулж ирэхээр ийм байдалд хүрэх нь аргагүй шүү дээ. Ард түмэн ямар туршилтын туулай юм уу. Автобус нь явахаа болихоор жирийн иргэд бид нар л хохирч байна. Бидний төлөө үг хэлэх хүн байхгүй. Энэ шинэчлэлээр гэрлүүгээ явдаг ганц чиглэлийн автобусыг хөлөө чилтэл хүлээж зогсоод, ирэхгүй бол дамжиж явж мөнгөөрөө шатна. Ард түмэн туйлдаж байна.

-Та хаашаа явах гэж байна вэ. Хэр удаан автобус хүлээж байна?

-Шархад орох гээд 20 орчим минут зогсож байна. Автобус ирэхгүй биш ирж л байна. Даанч багтахгүй юм. Зарим хүмүүс нь бараг зүүгдээд явж байна.

Иргэдийн байр суурь ийм байсан юм. Тиймээс бид албаны хүмүүс болон түр зогсолт хийсэн хувийн компаниуд ямар байр суурьтай байгааг тодруулсан юм.

Түр зогсолтын талаар Нийслэлийн тээврийн газраас тодруулахад, “Энэ асуудлыг манайх мэдэхгүй” Улаанбаатар смарт карт компанийнхан мэдэж байгаа гэсэн юм.

Харин “Улаанбаатар смарт карт” компаниас тодруулахад, “Өдөрт автобусны орлого гэж 170-200 сая төгрөг орж ирдэг. Тэр мөнгийг манай санхүүгийн ажилтан, автобус компанийн санхүүгийн ажилтантай хамт тоолоод Худалдаа хөгжлийн банканд хийгээд 3 хоногийн дараа машин, цагаар нь бодоод буцаагаад автобус компаниуд руу шилжүүлдэг. Өнөөдөр 2-ны мөнгийг шилжүүлэх гэж байна. Тийм байхад автобус компаниуд яагаад алдагдалтай ажиллаад байгааг мэдэхгүй байна” гэсэн юм.

Зорчигч тээврийн нэгтгэлийн Техник технологи, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Энхцаг: Санхүүгийн асуудлыг шийдэхгүй бол улсын автобуснууд ч гэсэн зогсоно

-Хувийн компаниудын ажил хаялтын талаар та ямар бодолтой байна вэ?

-Цахим системд шилжээд хувь, хувьсгал гэлтгүй бүх автобус компаниуд санхүүгийн асуудалд орчихсон байгаа. Манайх бол төрийн компани гэдгээрээ үйлчилгээнд гарч байна. Бүгд олон тэрбум төгрөгийн шатахууны өрөнд орчихсон байгаа. Хэрвээ санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол улсын автобуснууд ч гэсэн удахгүй зогсоно. Шинэ системд шилжсэнээр аж ахуй нэгжүүдийн өөрөө өөрийгөө санхүүжүүлээд явдаг зарчим нь байхгүй болоод өмнө нь олдог байсан орлогоосоо хамаагүй бага орлого олдог болоод ажиллаж чадахааргүй болчхоод байна.

Түр зогсолт хийсэн “Тэнүүн огоо” компанийн захирал

А.Ганхуяг: Манай компани  1 тэрбум 200 сая төгрөгийн алдагдалд орсон

-Хувийн компаниуд ямар шалтгаанаар түр зогсолт хийхээр болсон бэ?

- Бид санхүүжилт байхгүй учраас зогсолт хийлээ. Яагаад гэхээр санхүүжилт байхгүй учраас ажилчдын маань 7,8,9 сарын цалин тавигдаагүй байна. Үүнээс болж ажилчид маань банкны найдваргүй зээлдэгч боллоо. Компани маань өөрөө энэ 2 сарын хугацаанд 1 тэрбум 200 сая төгрөгийн алдагдалд орчоод байна. Мөн нийгмийн даатгалд 420 сая төгрөгийн өртэй болоод дансаа хаалгачихсан. Хүн амын орлогын албан татварт 174 сая төгрөгийн өртэй болоод бас дансаа хаалгачихлаа. Смарт картаар дамжиж орж ирж байгаа мөнгө маань цагт оногдох мөнгө нь 14800-аар төгрөгөөр бодогдож олгогдож байгаа. Энэ мөнгө нь автобусны зардлын түлшний ч мөнгөнд хүрэхгүй байна. Сая Төрийн сангийн тооцоолсноор нэг автобусны цагт оногдох зардал нь 30500 болно гэсэн. Тэгэхээр бид орлогынхоо 50 хувиар л явж байна. 50 хувь нь алдагдалд ороод байгаа. Энэ байдлаас үүдээд бид цаашид үйл ажиллагаагаа явуулах хөрөнгө мөнгөний бололцоо байхгүй болчхож байгаа юм.

-Түр зогсолт хэр удаан үргэлжлэх вэ?

-Хотын удирдлагууд мэдэх байх. Анх цахим системд шилжихдээ бид цагийн зардлыг чинь тооцоод төлбөрийг чинь хийж өгнө гэж хэлээд гэрээ хийгээд орсон. Гэтэл одоо гэрээгээ биелүүлэхгүй байна. Энэ бол тээвэрчдийн буруу биш. Бидний санхүүжилтийг хэзээ шийдэж өгнө тэр үед л бид ажилдаа гарна.

“Автобус нэгдэл” компанийн захирал

Т.Ган-Очир: Манай компани 160 сая төгрөгийн алдагдалд орчоод байна

-Танай компани хэдэн төгрөгийн алдагдалд орсон бэ?

-Өнөөдрийн байдлаар манай компани 160 сая төгрөгийн алдагдалд орчоод байна. Ажилчдын цалин хөлс 70 сая орчим сая, Нийгмийн даатгал, татварт 33 сая төгрөгийн өртэй. 70-аад сая төгрөгийн түлшний өртэй байна. Одоо цаашдаа ажиллах ямар ч боломжгүй болсон.

-Танайхаас ямар шаардлага хүргүүлж байгаа вэ?

-Цахим системд шилжсэнээс хойш 2 сарын хугацаанд явсан машин цагийн цагийн зардлаа авья гэсэн шаардлага хүргүүлж байгаа. Бид нарт цагийн задралыг чинь тооцоод төлбөрийг чинь хийж өгнө, та нар үйлчилгээгээ л үзүүл гэж анх гэрээ хийсэн. Бид нар бол хийх юм аа хийсэн. Одоо санхүүжилтээ авмаар байна.

-Танайх хэдэн чиглэлд хэдэн автобус явуулдаг вэ?

-Хоёр чиглэлд 23 автобус явуулдаг.

Т.Болормаа

 


URL:

Сэтгэгдэл бичих