Нийтийн тээврийнхний ажил хаялт маргааш зогсох уу


Өнөө өглөө том оврын автобусны үйлчилгээ эрхэлдэг бүх хувийн компанийн автобусууд үйлчилгээнд гарсангүй. Тодруулбал, хотын нийтийн тээвэрт үйлчилгээ эрхэлдэг 21 хувийн компани санхүүжилтгүй болсон учраас ийнхүү түр зогсолт хийлээ. Аргагүй байдалд хүрч, түр зогсолт хийхээс өөр гарцгүй болсон гэдэг тайлбарыг өгч байгаа хувийн автобус компаниуд тэдний санхүүжилтийн асуудалд хотын удирдлагууд ямар гаргалгаа гаргаж өгөхийг хүлээж байна. Харин иргэд автобусаа үйлчилгээнд гарахыг хүлээсээр байна.

Хамгийн сүүлд авсан мэдээллээр өнөөдрийн дотор асуудлыг шуурхай шийдвэрлэж нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа гэсэн мэдээллийг Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс ирүүллээ.

Өдөр бүр сууж ажилдаа, сургуульдаа хүрдэг автобус нь зогсох тухай ямар ч мэдээлэл аваагүй иргэд өглөө автобусны буудал дээр олон цагаар хүлээсэн тухай ярьж байна. Харин хувийн хэвшлийн автобус компаниудын хувьд түр зогсолт хийхээс өөр аргагүйд хүрч, ийм шийдвэр гаргасан гэдэг тайлбарыг өгч байна. Үйлчилгээндээ гарах гээд түлш байхгүй учраас жолоочийнхоо цалинг тавиагүй учраас өөр гарц байсангүй гэдгийг тайлбарлалаа. Тэдний хувьд сүүлийн хоёр сарын хугацаанд ийм хүнд байдалд үйлчилгээ үзүүлж ажилласан. Одоо харин санхүүгийн асуудлыг нь яаралтай шийдвэрлэх хүртэл үйлчилгээнд явах боломжгүй гэдгээ илэрхийлж байна. Ялангуяа автобусны нэг өдрийн зардлыг баталж өгөхийг шаардаж байна.

Одоогийн байдлаар 430 том оврын автобус үйлчилгээнд явж байна. Харин түр зогсолт хийсэн компаниудын асуудлыг өнөөдрийн дотор шуурхай шийдвэрлэж, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн горимд оруулахаар ажиллаж байгаа мэдээг нийслэлийн нийтийн тээврийн газраас өгсөн юм. Уг нь Нийслэлийн нийтийн тээвэрт нийт 1000 орчим том оврын автобус иргэдэд үйлчлэх хуваарьтай ч яг одоогийн байдлаар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын автобусууд болон “Аз сервис”, “Эрдэм транс”, “Мяралзаа” компанийн автобусууд үйлчилгээнд явж байна.


URL:

Сэтгэгдэл бичих