Улсын арслан “Улаан хүзүүт” хэмээх Хүрэлийн Дэлэг


Хүрэлийн Дэлэг 1903 онд Сайн ноён хан аймгийн өөлдийн Бишрэлт бэйсийн хошуу ,одоогийн Архангай аймгийн Өлзийт сумын малчин ардын гэр бүлд төржээ. Бага насаа өөрийн эцэг, эхийн гар дээр өнгөрүүлж, мал маллаж, хар бор ажил хийж өсчээ.

Х.Дэлэг 20 гаран насаа хөдөө орон нутагтаа өнгөрөөхдөө ойр хавийн овоо сумын наадамд барилдаж түрүүг байнга авдаг болж бяр тэнхээ нь ид тэгширч байхдаа үхрийн чөмгийг зад мушгиж сорж иддэг байжээ. Тэрээр 1920-иод оны сүүлчээр Хүрээнд ирж гандан хийдэд шавилан сууж лам болжээ. Гэлээ ч өөрийнхөө бөх болох хүсэл зориг мөрөөдөлөө орхиогүй байна.

Тэр үед Бөмбөгөр ногоон театр, арвын клубт шийтэй бөх гэдэг сонин барилдаан болдог байсан байна. Энэ нь ший, жүжиг гараад дараа нь заавал бөх барилдуулж, сонирхуулдаг байжээ. Энэ барилдаанд тогтмол оролцож барилдааныхаа ур чадвар арга ухаан, мэх эзэмших байдал нь улам сайжирчээ.

  • Тэрээр 1933 оны УБН-д 30 настай анх барилдаж 880 бөхөөс зургаа давж Монгол улсын улам дуурсах заан цол хүртжээ.
  • 1934 оны УБН-д барилдсан 1024 бөхөөс 10 давж түрүүлж Монгол улсын өрнөн дэлгэрэх, цогт идэр ,хурц шаламгай арслан цол авчээ.
  • 1935 онд аймгийнхаа баяр наадамд баридаж тав давж хууринан шуугигч, хурц гарамгай чимэг.
  • 1936 оны УБН-д барилдсан 1024 бөхөөс найм давж дөрөвт үлджээ.
  • 1937 онд Завхан аймгийн баяр наадамд очиж барилдаж зургаа давж олон түмнийг баясгагч , онц үнэн хүчит чимэг.
  • Х.Дэлэг арслан олон жил барилдахаа завсарласны дараа 1946 онд АХ-ын 25-н жилийн ойгоор уригдан ирж УБН-д зодоглож гурав давж дөрвийн даваанд Булган аймгийн Тэшиг сумын харъяат Дагвын Раднаад өвдөг шорооджээ.
  • 1951 оны УБН-д гурав давжээ.
  • 1955 оны УБН-д 256 бөх сугалаагаар барилдахад нэгийн даваанд унасан нь түүний сүүлчийн барилдаан байжээ.
  • Х.Дэлэг арслан ид байх үедээ улсад цөөхөн жил барилджээ.
  • 1967 оны Октябрын хувьсгалын 50-н жилийн ойгоор хөдөө орон нутгаас олон алдарт ахмад бөхчүүдийг урьж ирүүлэн в.И.Лениний дүрстэй алтан медалиар шагнуулж байсны нэг нь Х.Дэлэг арслан юм.
  • Х.Дэлэг арслан хоёр талын барилдаантай цэрзүү, хав барьцнаас ямар ч мэхийг чөлөөтэй хийж сурвал ашигтай, бас өөрөө унаж байж л сайн бөх болно. Унасан мэхээ сайн тооцож барилдвал чухлыг сануулж байсан ба бяр байгаад мэх муутай бол хүн унагаж чадахгүй, олигтой сайн барилдаж амжилт гаргахгүй бөхөө голохоор мэхээ гол гэж байнга сургаж байжээ.
  • Х.Дэлэг арслан маш их тэнхээтэй хүн байжээ.
  • Хавар хоршоонд мал тушааж байсан хүмүүс Дэлэг чи үнэхээр тэнхээтэй юм бол, тэр босгоод тавьчихсан (хураалттай) шуудайтай гурил дээр энэ шуудайтай гурилаас хоёрыг шүдээрээ зуун аваачаад тавьчих тэгвэл бид чамд нэг, нэг (15-16 хүн байсан гэдэг) төлөг өгнө гэжээ. Тэгэхээр нь 30-аад метр газраас хоёр шуудай (140 кг) гурилыг шүдээрээ зууж, ядарсан шинжгүй хураасан гурил дээр босоогоор нь тавьж байжээ.
  • Х.Дэлэг арслан бол 100 орчим жинтэй, 190 см өндөр гар урттай, шүд сайтай бие нь их цэвэрхэн цээж бөгс тэнцүүхэн, хүзүү урт. Тэрээр залуудаа лам байсан учир муруй захтай дээлнээс хүзүү нь үргэлж ил явдгаас улаан хүзүү гэдэг хочийг авсан гэдэг. Харин иутгийнхан нь бол өөлдийн Дэлэг гэж дууддаг байжээ.
  • X.Дэлэг арслан шиг хүч , мэх , бие хөдөлгөөн нь тэнцүүхэн бөх ховор байжээ.
  • Х.Дэлэг арслангийн гол мэх нь : Солгой зөвгүй тонгорох , хутгах , угтуулж цохих , бусгах , гуд татах , дугтрах , харваж зайлах , дэгээдэх , халаад суйлах, барьцгүй эгэм тахим хийдэг байжээ. Тэрээр маш сайхан гараа дэвээтэй бөх байжээ.
  • Х.Дэлэг арслан ажилд их хянуур уран дархан , гутал, зодог шуудаг, угалзтай гөлөм хийдэг ажилсаг авьяастай хүн байжээ.
  • Х.Дэлэг арслангийн үр сад хойч үеэс улсын хүндэт засуул бөх цоллооч Хадын Пүрэв , улсын аварга Д.Сумъяабазар , улсын начин Д.Сэржбүдээ , Японы сумо бөхийн их аварга “Ёкозуна” цолыг 22 насандаа хүртсэн Монгол улсын гавьяат тамирчин Д.Дагвадорж нар төрөн гарчээ.
  • Х.Дэлэг арслан 1979 онд бурхны оронд заларчээ.

URL:

Сэтгэгдэл бичих