“Facebook” африкчуудыг интернэтээр хангах хиймэл дагуул бүтээнэ
Африкчуудыг интернэтээр хангах хиймэл дагуул бүтээж эхэлснээ “Facebook” компани мэдэгдлээ. Францын харилцаа холбооны “Eutelsat” компанитай хамтран ажилласны үр дүнд “AMOS-6” хиймэл дагуулыг бүтээх төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Нийгмийн томоохон сүлжээ болох “Facebook”-ийг үндэслэгч Марк Цукербергийн хэлснээр, тойрог замд оруулсны дараа сансрын аппарат Африк тивийн дээр байрлах бөгөөд тус тивийн томоохон хэсэгт дохио дамжуулах аж.
“Facebook”-ийн мэдээлснээр, зөвхөн Кени, Нигери улсад гэхэд тус сүлжээ хэрэглэгч 20 сая орчим хүн байдаг бөгөөд тэдний дийлэнх гар утаснаасаа интернэтэд холбогддог байна.
Интернэт нь НҮБ-ын хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд тус дөхөм болж чадахаас гадна шинээр ажлын байр бий болгоход болон мэдлэгээ хуваалцахад тусалдаг учраас олон сая хүнийг ядуурлаас гаргах чадвартай гэж Цукерберг есдүгээр сарын сүүлээр Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр мэдэгджээ.
Д.Жаргал
“Монцамэ” агентлаг
URL: