Мессигийн аав торны цаана сууж магадгүй

Барселона клубийн супер од, Аргентиний шигшээ багийн тоглогч Лионель Месси нэг хэсэг татварын асуудалд орооцолдож, карьерт нь ч төвөг удаад байсан юм. Тэгвэл хуулийнхан хөлбөмбөгчнийг энэхүү хэрэгт төдийлөн хамааралтай гэж үзээгүй бөгөөд эсрэгээрээ Мессигийн эцэг Хорге Гароций Мессид хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.

Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр Мессигийн аав өнгөрсөн хугацаанд хүүгийнхээ нэр дээрх орлогоос тодорхой хэмжээний мөнгийг татварт төлөлгүй өөр газруудад эргэлдүүлж байсан байж болзошгүй болж байна.

Хуулийнхан Хорге Гароций Мессиг 4.2 сая еврогийн татварыг 2007-2009 онд нуун дарагдуулсан хэмээн сэжиглэж буй юм. Хорге хоёр жилийн дотор татварт төлөх ёстой мөнгийг вэб компаниудад хуваарилан байршуулж, түүнээс ашиг хүртэж байсныг нь Испанийн цагдаа нар тогтоосон юм.

Итали гаралтай эцэг хүү хоёрын татварын асуудал удахгүй шүүхийн шатанд шилжиж, хэрэв Хоргег буруутай гэж үзвэл Барселонагийн шүүх түүнд дор хаяж 5 жилийн ял онооно хэмээн МАРСА сонинд бичжээ.

Месси болон түүний аав 2013 онд татварын анхны орлогыг нуун дарагдуулснаа хүлээн зөвшөөрч 5 сая еврогийн торгууль төлөөд байсан билээ.

Т.Бат


URL:

Сэтгэгдэл бичих