“Хаан” банкны эрх ямба харилцагчдынхаас давлаа
ХААН банк хадгаламжийн дэвтрийг “delete” хийжээ. Харилцагч Та үүнийг мэдсэн үү.
Зарим харилцагч энэ талаар мэдээлэл аваагүй байсан. Гэтэл нэг л өглөө ХААН банкны хадгаламжийн дэвтэр огт хэрэггүй болсныг мэдээд “шок”-нд оржээ. Хамгийн гол нь харилцагчийн зөвшөөрөлгүйгээр ийм өөрчлөлт хийсэнд нь бухимдаж байна.
Хэрэглэгч хаан биш, ХААН банк л “хаан” юм байна шүү дээ. Ингээд дэвтрийг минь хэрхэн “устгасан” талаар теллерээс лавлалаа. “Миний дансны үлдэгдэлд хэдэн төгрөг байсныг яаж мэдэж байгаа юм бэ” гэхэд “Таны гарын үсэг байгаа биз дээ” гээд хуудас цаас үзүүлж байна. Мөн интернэтээр шалгаж болно гэнэ.
Эцэст нь ХААН банкны технологийн ололт амжилтын “шок”-нд орчихсон, “Хуучин хүү” болж таарав. Уг нь хангалттай сурталчилгаа цацсан гэцгээх байх л даа. Үнэн хэрэгтээ телевизийн реклам, тэдний сайтыг ухаж мэдээлэл олж авдаг харилцагч тийм ч олон биш. ХААН банкны харилцагчийн өмнө хүлээх үүрэг гэж буй.
Энэхүү үүргийн тавдугаарт “Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр тэдний мөнгөн хадгаламж, харилцах данснаас гүйлгээ хийх, эсвэл дансны гүйлгээг зогсоох эрхгүй” хэмээн заасан байдаг. Гэвч өнгөрсөн гуравдугаар сард харилцагчийн эрхэнд халдсан тохиолдол гарсан. Тухайлбал ХААН банкны теллер Д.Дугаржав харилцагч Т.Мөнхнарангийн данснаас 98.5 сая төгрөгийг бусдын данс руу шилжүүлсэн.
Харилцагч Т.Мөнхнарангийн гарын үсэг биш болохыг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн мэргэшсэн шинжээч М.Чинбат тогтоон, уг хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж эхэлсэн. Энэ тохиолдолд ХААН банк хариуцлага хүлээдэггүй. Теллер Д.Дугаржав л хариуцлага хүлээх бөгөөд түүний цалин хэд болох, харилцагчийн хохирлыг хэрхэн барагдуулах нь тодорхойгүй үлдэж байгаа юм.
ХААН банкны нэр хүндэд халтай уг хэргийн талаар тэгсгээд чимээгүй болсон. Лав л ХААН банкны зүгээс нийт харилцагчдаасаа уучлал гуйж гэнэ гэж дуулдаагүй юм. Дээрх хэргийн талаар 2011 оны гуравдугаар сарын 17-21-нд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлсэн байдаг.
Гэтэл 2011 оны гуравдугаар сарын 18-аас эхлэн “ХААН банк хугацаатай хадгаламжийн дэвтрийг орлох шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүллээ” хэмээн сурталчилж эхэлсэн. Ингээд тавдугаар сарын 1-ээс хойш хадгаламжийн дэвтэргүй болсон юм байна. Үүнийг өдөр бүр ХААН банкны сайт руу ороод байх завгүй, боломжгүй “азгүй” харилцагчид нь мэдээгүй учир өөрсдөө буруутаж таарч байгаа юм.
Өнөөдөр гарын үсэг гэж юусан билээ. Хуурамч гарын үсгээс үүдэлтэй залилангийн гэмт хэрэг хэчнээн гарч байгааг ХААН банкныхан мэдэхгүй байх учиргүй. ХААН банкныхан өнөөдөр “Хадгаламжийн дэвтэр нь банкин дахь мөнгөний гүйлгээг хянах цорын ганц баримт бичиг биш” хэмээн том тодорхойлолт өгч, гүйлгээний баримт, дансны хуулга, цахим хэлбэрээр дансаа хянахыг “санал болгож” байна.
Мөн “Хадгаламжийн дэвтэргүй болгож байгаа нь эдийн засгийн хөгжил дэвшил, технологийн шийдлүүдтэй холбоотой хийж буй дэвшилтэт алхам юм. Энэхүү өөрчлөлтийг ХААН банк зах зээлд өрсөлдөгч банкуудаас түрүүлж нэвтрүүлсэн” хэмээж буй. Гол зорилго нь харилцагчдын “алтан цаг”-ийг хэмнэхэд чиглэсэн гэнэ.
Үнэхээр алтан цагийг хэмнэх нь чухал бол дуугарч цөхсөн, харилцааны соёлгүй теллерүүдээ л сургалтад хамруулах хэрэгтэй шүү дээ. Дээр нь үнэнч шударгын шалгуур тогтоож зэрэглэж болно. Танил талаараа дамжуулж орсон үйлчилгээний соёлгүй ажилтнуудаасаа болж харилцагчдын хадгаламжийн дэвтрийг хурааж аваад яах юм бэ.
Цаана нь хэдэн төгрөгийг нь сэм хурааж буйг мэдэхгүй учраас хардаж, сэжиглэж буйгаа нуугаад яахав. Харилцагчдын хувьд хадгаламжийн дэвтрээсээ огтхон ч уйдаагүй болов уу. Насаараа хураасан хөрөнгөө ч, цалингаасаа хуримтлуулсан хэдэн төгрөгөө ч дэвтэртээ хадгалуулаад сурчихсан.
Түүнийгээ амьдралын баталгаа гэдэгт бат итгэдэг. Тийм л харилцагчидтай шүү дээ, ХААН банк. Малчид ХААН банкны хамгийн дотнын харилцагчид. Малаа дагаж амьдардаг тэр хүмүүсийн дунд интернэт, тэр цахим хуулга хэмээх алгын чинээ цаасных нь учрыг олохгүй харилцагч олон бий.
Тэр бүр ХААН банкны сайт руу ороод, бичээд, шалгаад байх боломж байхгүй. Бид мунхагтаа биш, олон жил, сараар гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн харилцагчид нь хүртэл “Хадгаламжийн дэвтрийг минь яачихав аа” гээд гайхаж байна. Яг хэдэн төгрөгний хадгаламж үлдээсэнээ тодорхой санахгүй, нэрэлхсэндээ тус банкны теллерийн “тулгаж” байгаа тоонд итгэж ядан хоцорсноо ч нуухгүй байгаа аж.
Учир нь тэнд өөрийнх нь гэх гарын үсэг бий. Тогтож, хэвшсэн гарын үсэггүй хүн ч олон байдаг. Ядахдаа ХААН банк “Гарын үсэгний асуудалтай”-г хэлэх үү. Тиймээс харилцагчид нь ХААН-даа итгэж ядаад байгааг буруутгах аргагүй. Хэрэв тэд ийм өөрчлөлт хийх гэж байгаа бол нийт харилцагчдаасаа саналыг нь сонсох, зөвшөөрөл авах учиртай.
Тэгвэл “Харилцагч нь хаан юм байна. ХААН банк харилцагчаа дээдэлдэг” гэдэгт итгэж болж байна. Бүр хэнээс ч асуусан ХААН банк хадгаламжийн дэвтэргүй болсон гэдгийг мэддэг болсон хойно тэр санаачлагаа ажил хэрэг болгож болно. Учир нь энэ бол олон хүний удаан хугацааны хөлс, хөдөлмөр шингэсэн хуримтлал, хөрөнгөтэй холбоотой эмзэг асуудал шүү дээ.
Уг нь XAAH банк монголчуудын эмзэг цэг болгоныг онож, олон жил олз, ашиг олж яваа. Тэр хэрээрээ монголчуудын хайрыг ч татсан, итгэлийг ч олсон. Өнгөрсөн гуравдугаар 21 -нд БНСУ-д төлөөлөгчийн газраа нээсэн. Оюутолгойд хэдийнэ нээчихээд, тэндхийн ажиллагсдын цалинг “хадгалж өгч” байгаа.
Тэгсэн хэрнээ уулгалж уриалж байж “Хүний хөгжил сан”-ийн мөнгө олгох эрхийг авчихаад, төдөлгүй унац муутайг нь мэдээд голсон. Одоо монголчууд хадгаламжиндаа “гүндүүрүй, хэнэггүй” ханддаг, дээр нь ядуугаа мэдэхгүй нэрэлхүү зантайг нь мэдээд хадгаламжийн дэвтэргүй болгож, толгойг нь эргүүлж байна.
Ямартай ч энэ удаад ХААН банк “эрх ямба”-аа хэтрүүллээ гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
У.Оргилмаа
Эх сурвалж: “Улс төрийн тойм”
URL: