Монгол лидерийн хомсдолд орчихож

лидер

Монголд лидер улстөрч алга гэж хүн бүхэн л ярьдаг. Улс төрийн намууд лидерийн хомсдолд орсон гэдгийг ч улс төр судлаачид хэлдэг юм билээ. Ю.Цэдэнбал, Х.Чойбалсан, Н.Багабанди, П.Очирбат гэх мэт түүхэнд тод мөрөө үлдээсэн лидерүүд өнөөгийн нийгэмд хамгийн хэрэгтэй гэж ярьдаг. Хөндөх ёстой сэдэв үү гэвэл тийм. Яагаад хэлсэн үг бүрийг нь үнэлж, тэднээс үлгэр дуурайл авдаг лидер улстөрч төрөхгүй байна вэ.

Дан ганц улстөрч гэхгүй салбар салбарт лидерийн хомсдол бий болчихсон уу. Үүнийг олон шалтгаанаар тайлбарлаж болно. Өнөөгийн улс төрд хүчтэй лидер байгаа юу гэвэл мэдээж байгаа.Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж, С.Баяр гэх мэтээр лидер улстөрчид байна. Гэвч тэднийг нийгэм хүлээн зөвшөөрөх бус харин ч луйварчин, худалч, хулгайчаар нь дууддаг. Хүссэнээрээ тэднийг доромжилж, гүтгэж болдог болсон.

Энэ нь нэг талаас ардчилсан нийгмийн үнэт зүйл мэт харагдавч нөгөө талаас хүмүүсийн боловсролын төвшин өндөр болж, би л ганцхан мундаг гэсэн сэтгэхүй нийгэмд бий болсоны үр дүн. 1960-1970-аад оны үед бол монголчуудын боловсролын төвшин тийм ч өндөр хэмжээнд хүрээгүй байлаа. Бичиг үсэгт тайлагдаагүй хүн нийт хүн амд өндөр хувьтай байсан нь худлаа биш. Тэр үед гадаадад сурч, олон ном уншсан хүн бүхэн л улс  төрөөс гадна нийгмийн бүх салбарт лидер хэмээн нэрлэгддэг байсныг учир мэдэх хүмүүс хэлдэг.

Тиймдээ ч тэдний үг бүрийг нийгэм сонсч, ганцхан тэр хүн л үнэнийг ярьж байгаа мэтээр тахин шүтэх үзэл бий болж байжээ. Нөгөө талаар үнэхээр салбарынхаа талаар бүгдийг мэддэг, үг бүр нь үнэтэй байсан хүмүүс ч олон байсан. Тэдний нэг нь гавьяат хуульч Б.Чимэд агсан. Энэ хүн бол үнэхээр хууль зүйн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн лидер хуульч байсан. Шилдгийн шилдэг байсан гэж хүмүүс дүгнэдэг. Хууль эрхзүйн олон маргаантай асуудлыг ганцхан Б.Чимэд гэж хүний үгээр л шийдвэрлэдэг байсан. Маргаан мэтгэлцээнтэй асуудал гарах бүрт Б.Чимид хуульч л маргааныг эцэслэдэг байв.

Гэтэл одоо бол тийм лидер хуульч алга. Бүгд л өөрсдийгөө лидер хэмээн дөвийлгөдөг болчихлоо. Шилдэг хуульч, өмгөөлөгч хэмээн өөрсдийгөө дөвийлгөж хуулийг хүссэнээрээ тайлбарладаг. Хуульч мэргэжилтэй улстөрч бүхэн өөрийгөө мундаг гэж ойлгуулах гэж чармайдаг болсон.

Өмнөхөө үгүйсгэх, өөрийгөө мундаг гэж ойлгуулахын тулд тэд хуульзүйн салбарыг жинхэнэ утгаар нь самарч байгаа. Хамгийн сүүлийн жишээ Өршөөл үзүүлэх тухай хууль. Мэргэшсэн хуульчийн ажиллагаа ороогүй, гадны нэг хуулийг орчуулдаг хууль тогтоогчдын хар гайгаар энэ хууль өөх ч биш булчирхай ч биш болчихлоо.

Хуульч гэх автор зүүсэн хэсэг нь хуулийн төслийг янз янзаар өөрчилж, түүнээсээ болж хэрэлдэж байна. Үр дүнд нь ард түмэн хуулийн үнэн зөвийг ойлгохоо байж, хуулийн дор боол болон хувирдаг. Хуульчдын холбоо гэж байгууллага байдаг ч энэ бүх хэрүүл маргаантай, хэлэлцсэний дараа хэрэгжүүлэх боломжгүй байгаа хуулиудын талаар дуугарч байгаа нь ховорхон. Хаа нэгхэн залуу хуульчид хэн нэг эрх мэдэлтэн албан тушаалтны төлөө мэдэгдэл хийхээс хэтрэхгүй л явж ирлээ.

Энэ бүхний үр дүнд УИХ-аар баталж буй бүх л хууль тогтоомж Үндсэн хуулийн цэц дээр очиж байна. Цэцийн гаргасан шийдвэрийг УИХ эргээд хүлээж авдаггүйгээс Цэцийн нэр хүнд хүртэл нийгэмд уначихлаа.  Хуулийг хэн ч хэдэн ч янзаар тайлбарладаг болсон нь энэ салбарт лидер дутагдаж буйн том жишээ.

Хэрвээ Б.Чимэд агсан шиг хүн бүхэн үгийг нь сонсдог, аль нэг улс төрийн намаас хараат бус хуульч өнөөдөр байсан бол хүн бүхэн өөрсдийгөө “шилдэг хуульч” хэмээн зарлаж, өөрөөсөө бусдыг хөл дороо гишгэлэх нь юу л бол. Хууль зүйн салбар бол ганцхан жишээ. Улс төр, эрүүл мэнд, сэтгүүлзүй, боловсрол, цагдаа, шүүх гээд өнөөгийн нийгмийн бүх салбарт лидер дутагдаж байна. Лидерийн хомсдлоос болж хүн бүхэн өөр өөрийн салбарт юу хүссэнээ бурж, түүнээсээ болж хэрэлддэг, хэмлэлддэг боллоо.

Эх сурвалж: www.ikon.mn


URL:

Сэтгэгдэл бичих