Хөнжилдөө багтаагүй улсын төсөв

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцдэг гол асуудлын нэг нь ирэх жилийн орлого зарлага байдаг. Үүнийг Монгол Улсын нэгдсэн төсөв хэмээн нэрлэнэ. Гэтэл манай улсын төсөв сүүлийн жилүүдэд нэг их наяд төгрөгөөр тасарч төлөвлөсөн санхүүжилтээ хийж чадахгүй байгаа. Төсөв ингэж тасарсны улмаас аль ч хот суурин, аймаг сумын төвд дутуу баригдсан, суурийг нь цутгаад орхисон барилгатай болсон. Мөн гэрээгээр ажил гүйцэтгэсэн хувийн компаниуд ч хөлс мөнгөө авч чадахгүй байгаа билээ. Гэтэл ирэх оны төсвийн тэнцвэржүүлсэн орлого 6.6 их наяд, нийт зарлага 7.7 их наяд төгрөг. Ингээд төсвийн тэнцэл нэг их наяд гаруй төгрөгийн алдагдалтай байна. Энэ нь ДНБ-ий дөрвөн хувьтай тэнцэх төсөөлөл гарлаа. Нэг ёсондоо ирэх жилийн төсөв энэ оныхтой адил байх бөгөөд дахиад л өндөр хэмжээнд төлөвлөсөн аж. Өөрөөр хэлбэл төрийн данхайсан бүтэц, зардал хэвээрээ.
dea37491c93b20a3big

Харин хувийн аж ахуй, иргэдийн халаасыг тэмтэрч, хосыг  шувтрах  нь. Эдийн засаг энэ онд хүндхэн байсан бол ирэх жил бүр хямарна гэсэн үг. Статистикаас харвал эдийн засгийн хүндрэлийн улмаас өрхийн хэрэглээ 5-6 хувиар буурсан тооцоо бий. Өрхийн хэрэглээ ингэж буурсан нь жижиглэнгийн худалдаа найм, бөөнийх 4.4 хувиар буурахад нөлөөлжээ. Тэгэхээр Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолд гардаг шиг “Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэдэг шиг л төсөв батлагдах гэж байна. Үүний үр дүнд олон аж ахуйн нэгж дампуурлаа зарлаж ажилгүйчүүдийн эгнээ 80-90 мянган хүнээр тэлэх нөхцөл  бүрдүүлэх юм.

Эдийн засагчид ДНБ-ий өсөлтөөс эхлээд макро эдийн засгийн үзүүлэлт байж болох хамгийн бага түвшиндээ хүрсэнийг хэлж буй. Тухайлбал, манай улсад орж ирэх гадаад валютын урсгал тасарсан нь эдийн засгийн хүндрэлийн нэг шалтгаан. Ганцхан гадаадын хөрөнгө оруулалтыг аваад үзвэл орж ирэх гадаад валют хэрхэн буурсан нь тодорхой харагдана. Эдийн өсөлт өндөр байсан 2012 онд 4.5 тэрбум ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт орж ирж байв. Энэ нь ДНБ-ий 36 хувьтай тэнцэнэ. Тэгвэл өнгөрсөн онд орж ирсэн хөрөнгө оруулалт ДНБ-ий дөнгөж дөрвөн хувьтай тэнцэж буй юм. ДНБ-ий 36 хувьтай тэнцэхүйц буюу 4.5 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд орж байсан бол 2013 онд хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноосоо 52 хувиар, 2014 онд дөрөв дахин тус тус буурч, ДНБ-д эзлэх хэмжээ дөрвөн хувь болтлоо багассан. Манай улсын экспортын орлого 2011 онд 4.8 тэрбум ам.долларт хүрч байв. Тэгвэл өнгөрсөн жилийн байдлаар дээрх орлого 13 хувиар буурсан дүн бий. Энэ нь улсын төсөв бүрдэхгүй алдагдалтай гарах гол шалтгааны нэг юм. Хэрэв ирэх жилийн улсын төсөв тарган хэвээр батлагдвал Монголбанк мөнгөний бодлогоо улам чангалах болно. Ингэснээр арилжааны банкуудын зээл хумигдаж хувийн хэвшилийнхний оршин тогтнох орон зай улам давчуурна. Товчхондоо амь голтой үлдэх бизнес үлдэхгүй л болов уу. Төв банкны бодлогын хүү өнөөдөр 13 хувьтай байгаа. Энэ үед арилжааны банкууд хүссэн хүн бүрт зээл олгохгүй болсон. Цаашид мөнгөний бодлого улам чангарвал юу болох нь тодорхой. Харин улсын төсвөө дор хаяж нэг их наядаар танаж алдагдалгүй болгоод илүү зарлагатай төрийн данхайсан бүтцээ цомхотговол эдийн засгийг үүрч яваа хувийн хэвшилд амьдрах орон зай гол зогоох зүйл үлдэх юм. Төрийн данхар бүтцийг багасгахад харьяалж болох асуудлыг нь харгалзан үзэж одоо байгаа 15 яамыг нэг оронтой тоонд оруулж цөөлөх, дэд сайдын суудлыг үгүй болгох зэрэг цомхотгол хийх  боломж бий. Нэг ёсондоо найр тавьж бялуу хүртээсэн, ар өврийн хаалганы орон тоогоо л хасах учиртай. Зарим эдийн засагч төрийн данхайсан бүтцийг өөрчилж цомхотгол хийхэд 20 орчим мянган хүн ажилгүй болно. Тэдэнд ажлаас гэнэт халагдсаны мөнгө өгөхөд төсвийн тасарч буй хэмжээнээс бага  зардал гарна гэж буй юм.

Ингээд энэ жилийн төсвийн зардал, түүний санхүүжилтийг сонирхоё. Энэ оны төсвийн зарлагыг   5.8 их наяд төгрөг хэмээн баталсан. Үүнд төрийн байгууллагын албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжээс гадна сургууль цэцэрлэгийн барилга, засвар гээд төсвийн санхүүжилтээр хийх бүх төсөл, хөтөлбөр, ажил, үйлчилгээ  багтна. Жишээ нь улсын төсвөөс 3.8 их наяд гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламж барих, төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх байлаа.

Үргэлжлэлийг эндээс уншина уу 


URL:

Сэтгэгдэл бичих