Багануурын захирагчийн төлөө 4 хүн өрсөлдөж байна
НИТХ-аас Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг болох Налайх, Багануурыг дагуул хот болгох шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд гаргасан билээ.
Налайх хотын захирагчийг сонгох сонгуулийг зургаадугаар сарын 14-нд явуулахад найман нэр дэвшигч өрсөлдөж, Ш.Хаан сонгогдсон. Харин Багануур хотын захирагчийг сонгох сонгуулийг хараахан явуулаагүй байсан юм.
Тэгвэл НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Багануур хотын захирагчийн сонгуулийг энэ сарын 18-нд явуулахаар товложээ.
Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн сарын 21-27-нд Багануур дүүргийн Сонгуулийн нэгдсэн хорооноос захирагчид өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт үнэмлэхийг нь гардуулсан аж.
Дүүргийн Сонгуулийн нэгдсэн хорооноос захирагчийн сонгуульд Н.Тавинбэх, Ш.Отгонбаяр, Д.Цогбаяр, Р.Ганбаатар нарын дөрвөн хүн өрсөлдөхөөр үнэмлэхээ гардан авсан талаар мэдээллээ. Н.Тавинбэхийн хувьд “Багануур энерги” компанийн захирлаар ажилладаг бол Ш.Отгонбаяр нь 2013 оноос дүүргийн Өмч харилцааны газрын даргаар ажиллаж байсан аж.
Д.Цогбаяр 2013-2014 онд дүүргийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байгаад “ЦХХХ” компанийн гүйцэтгэх захирлын албыг хаших болсон байна.
Харин Р.Ганбаатар нь Орон нутгийн сонгуулиар МАН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан нэгэн аж. Нэр дэвшигчдийг намын харьяаллаар авч үзвэл Ш.Отгонбаяр нь АН-аас, Н.Тавинбэх, Р.Ганбаатар МАН-аас, Д.Цогбаяр захирагчийн сонгуульд бие даан өрсөлдөж байгаа юм байна.
TIMES.MN:
URL: