Газрын гэрчилгээ давхардуулан олгосон асуудлыг шалгаж эхэлжээ
Нэг газрыг хоёр хүнд давхар эзэмшүүлснээс болоод, гэр хороололд барилга барьж буй компани үйл ажиллагаагаа түр зогсоосон байна. Тодруулбал, нийслэлийн Баянзүрх дүүргийн XIII, XIV хороонд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Бэрэн” группийн талбайд нэг газрыг хоёр хүнд эзэмшүүлсэн асуудал гарчээ.
Тус компани нь иргэдийн газрыг байраар солих гэрээ хийж барилгын ажлаа эхлүүлсэн байна. Гэтэл чөлөөлсөн газрын нэгж талбарын эзэн гэх хүн гарч ирээд, байр авна гэжээ. Нэг газар хоёр эзэнтэй болсон учраас компанийн зүгээс аль түрүүлж гэрчилгээ авсанд нь байр өгөхөөр болсон аж. Гэтэл газрын хоёр дахь эзэмшигч тус компанийг шүүхэд өгчээ.
Энэ талаар уг компанийн захирал Эрдэнэбаяр “Бид цаг хугацааны хувьд түрүүлж газрын гэрчилгээ авсан хүнд байр өгөхөөр болсон. Гэтэл газрын эзэн гэх өөр хүн гарч ирээд биднийг хуйвалдсан гээд шүүхэд өгчихсөн. Үүнээс болоод бид эрсдэлээ тооцоолон, барилгын ажлаа түр зогсоосон. Нэг нэгж талбар газрыг давхар эзэмшүүлсэн асуудлыг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас бид мэдээлэл өгч болдоггүй” гэв.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар анхны эзэмшигч нь газрын гэрчилгээгээ 10 жилийн өмнө авчээ. Гэтэл түүний өмчийн газрыг өнгөрсөн онд өөр хүнд дахин өмчлүүлсэн юм байна.
Ингээд тухайн хоёр хүний гэрчилгээг бүртгэлтэй эсэхийг шалгахад анхны эзэмшигчийн гэрчилгээ улсын бүртгэлд байхгүй байжээ. Харин газар өмчлөхдөө бүрдүүлж өгсөн материал нь архивт байсан гэнэ.
Тиймээс АТГ болон хуулийн бусад байгууллага газрын эзэмшигчийг анхнаасаа улсын бүртгэлд бүртгээгүй алдаа гаргасан уу, бүртгэсэн байсныг санаатайгаар устгасан уу гэдгийг тогтоохоор шалгаж эхэлжээ.
Н.Алт | Zaluu.com
URL: