С.Баярцогтгүй АН гоё харагдана

527-1366074584middleАрдчилсан намын рейтингийг унагаагчид байгаагийн нэг бол С.Баярцогт. Монголд ашиггүй Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурж, бүр өмгөөлдөг, бас болоогүй өөрөө оффшор дансаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч тусгаагүй хөрөнгөө нуусан, хариуцлага хүлээж байгаагаа мэдэгдсэн ч эргээд албан тушаалд очсон гэдгээр түүнийг шүүмжлэх хүн олон. Монголын улс төрд залуугаасаа орж ирсэн энэ эрхэм улс орны төлөө зүтгэв үү, өөрийнхөө төлөө ажиллав уу гэдгийг бодмоор. Учир нь түүний гаргаж буй үйлдэл бүр ард түмнийг ийн бодоход хүргэсэн.

 

Тэр хөрөнгө орлогын мэдүүлгийг бөглөхгүй байсан ч болдог юм гэдгийг харуулсан. Оффшор дансан дахь нууц хөрөнгөө зүгээр л мартчихаж хэмээн хээв нэг яриад сууж байсан С.Баярцогт үүгээрээ АН-ынхаа нэр хүндэд халдчихсан. С.Баярцогт гэхээсээ илүү АН-ын гишүүд гэх нэр далбаан дор нь орчихсон юм. Тэр хариуцлага хүлээдэг гэдгээ харуулах гэж УИХ-ын дэд даргын суудлаа өгсөн. Гэтэл гурван жилийн дараа ЗГХЭГ-ын дэд дарга болчихоод явж байна. Түүний өмнөхийг ард түмэн мартчихсан гэж ойлгож буй бололтой. Хэрэв ингэж ойлгож, албан тушаалд тухалсан бол та буруу боджээ. Таны улс төрд юу хийсэн, юу үлдээсэн гэдгийг бүгд мэднэ.

 

Түүний арилашгүй үлдсэн нэр бол Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй хувилбараар хийж, өөрсдөө их хэмжээний мөнгө авсан гэх яриа. Анх 2009 онд Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурснаас хойш өнөөг хүртэл С.Баярцогт Оюутолгойгоос салаагүй. Улс төрөөс гарсан ч, энэ нэр түүнийг дагах биз. Зарим улстөрч түүнтэй мэтгэлцэж, зарим нь түүнийг огцруулах бичгийг хэд хэдэн удаа өргөн барьсан ч, АН-ынхан хамгаалж үлдсээр байв. Энэ удаа ч ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах бичгийг өргөн барих ажиллагаа явагдаж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү түүнийг огцруулахгүй л бол болохгүй, огцруулах ч үндэслэл байгаа гэсэн яриаг нь дэмжих улстөрчид бий. Харин АН-ынхан түүнийг авч үлдэх болов уу, яах бол?

 

Уг нь С.Баярцогтгүй АН гоё харагдах байгаа юм. Хэдийгээр энэ намд олон жил зүтгэсэн гэдгээр нь авч үлддэг ч, намынхаа рейтингээс хэрхэн чангааж байгааг нь харвал АН-ынхан нэгийг бодож, хоёрыг тунгаах цаг нь болсон байх. Ардчилсан нам хоёр дахь удаагаар төрийн эрхийг барьж буй. Дараагийн удаа ч төр барьж, эхлүүлсэн ажлаа дуусгахыг бодож л байгаа биз. Ийм үед намын нэрийг шавартай хутгагч гишүүдээсээ салж байж АН-ын рейтинг өснө. Энэ ажлаа С.Баярцогтоос эхлэвэл ямар вэ?

 

 

М.Төр /ZALUU.COM/


URL:

Сэтгэгдэл бичих