Н.Энхбаяр: Чинээлэг дундаж давхарга Тавантолгой, Оюутолгойн эзэд байх учиртай
Өвөрхангай аймгийн Хархорин суманд болсон “Анхан шатны байгууллага-2015″ Хангайн бүсийн зөвлөгөөнд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хэлсэн үгийг уншигчдадаа хүргэж байна.
* * *
Миний бие Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Хархорины сумын Соёлын төвийн энэ танхимд ард, иргэдтэй олон удаа уулзаж, санал бодлыг нь сонсч, мөн өөрийн санал бодлыг хуваалцаж байсан. Тэр үед албан ажлаа гүйцэтгэж явсан болоод ч тэр үү, өнөөдрийнх шиг сэтгэл хөдөлж байгаагүй. Өнөөдөр бид албаны ажил ярихаас илүү, амьдралаа, жаргал зовлонгоо, улс орноо аврах арга замын тухай манай намын гишүүд, дэмжигчид чиглэл,чиглэлээр үгээ хэлж байгааг сонсоход сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй байна. Энэ сайхан газар Орхоны хөндий гэсэн нэртэй.
Би та бүхэнтэйгээ хамтран өнөөдрийн сайхан завшааныг ашиглан энэ хөндийд болж өнгөрсөн түүхийн томоохон үйл явдлуудыг товчхон дурсъя гэж бодлоо. Та бүхэн минь мэдэж байгаа, би БНСУ-д эмчлүүлж, эх орондоо ирж чадалгүй удсан. Монголоороо ярих юмсан гэж бодож, Монголынхоо түүхийг та бүхэнтэйгээ хамт дурсахсан гэж бодож байлаа. Түүхээ дурсана гэдэг эргээд монгол хүнд нэг ёсны эм болно. Гашуун ч гэсэн тэр эмийг ууж байж, алдаа дутагдлаас нь сургамж авч байж цааш Монгол Улс, Монголын ард түмэн улам хүчирхэгжиж , улам саруул сайхан ирээдүйг цогцлооно гэж би итгэж явдаг юм.
Чингис хаан 1220 онд энэ газар өөрийн иргэншлийг, Их Эзэнт гүрэн Монгол Улсыг байгуулсан байна. Өөрөөр хэлбэл, одоогоос 795 жилийн өмнө гэсэн үг. Тавхан жилийн дараа 800 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Ийм эртний түүхтэй нийслэл дэлхий дахинд ховор юм. Энэ газрыг Чингис хаан санамсаргүй сонгоогүй. Энд түүхийн том, том үйл явдлууд болж байсан. Түүхийн гэрч болсон хөшөө дурсгалууд энэ хөндийгөөр дүүрэн байна. Хөшөө цайдмын Түргүүдийн хөшөө, Уйгуруудын үлдээсэн хөшөө, дурсгал байна. Уйгуруудаас бид монгол бичгээ авсан гэж ярьдаг.
Монгол бичигтэй болсноор, босоо бичигтэй болсноор бид дэлхийн соёлт хүн төрөлхтний салшгүй нэг хэсэг болж бүртгэгдсэн. Манай босоо бичиг цагийн шалгуурыг давж, босоо хэвээрээ өнөөдөр энд хүрч ирсэн байгаа. Энэ бичгээ бид хадгалсаар байгаа. Хадгалахын хажуугаар бас өөр шинэ бичиг үсгийг зохиосон. Тэр тухай би удахгүй бас санаа бодлоо хуваалцах болно. Ямар ч гэсэн монголчууд энэ хөндийд өөрийнхөө иргэншлийг байгуулсан. Монголчууд монгол гэдэг нэрийг хоёр язгуураар тайлбарлаж, эрдэмтэд маргалддаг юм байна лээ.
Нэг язгуур нь монгол гэдэг үг хүчирхэг гэсэн үгнээс гаралтай гэж тайлбарладаг юм билээ. Хятадын сурвалжид зэрлэгүүд гэсэн үгнээс гаралтай гэж үздэг юм байна лээ. Тэгээд би боддог юм, манай монголчууд бас маргалддаг, монголчууд зэрлэг бөгөөд хүчирхэг улс уу гэж. Монгол гэсэн үгийн язгуурыг ярьж байхдаа би нэг зүйлийг өөрийн эрхгүй бодлоо. Бид зэрлэгүүд үү, эсвэл хүчирхэг үү гэдгээ өөрсдөө шийднэ. Хэн нэгнээс асуухгүй. Зэрлэгүүд үү, хүчтэй юу гэдгээ өөрсдийн идэвх зүтгэлээр, хувь заягаар, бодол ухаанаараа, уламжлалаараа, эр зоригоороо шийднэ ээ.
Тийм учраас монголчууд хүчтэй гэдэг язгуураас гаралтай гэдгээ өөрсдийнхөө хувь заяаагар харуулъя гэж та бүхэндээ уриалмаар байна. Нэмж хэлэхэд, энэ сайхан газар Монгол гүрний сэргэн мандалт болсон. Бас ялагдал сүйрэл нь ч болсон. Их Эзэнт гүрний нийслэл болсон хот сүүлд нь Мин улсын үед шатаагдаж, энд олон газрын хүмүүс ирж, хөгжилтэй, сонирхолтой байсан газар маань бөглүү зах, хязгаар болсон.
Аль, аль түүх нь сурвалжид бий. Энд бас монголчуудын хоорондын зөрчлийн түүхэн газар ч байгаа. Галдан Бошгoтын цэргүүд дайрч орж ирж, Орхон гол их үерлэж, түүнд нь Галдан Бошгитын цэргүүд автаж, үйгдэж, дайн самуун, зөрчил болж байсан газар ч гэсэн байгаа. Сүүлд Орхон голоо шүтэж, Орхон түшээ гүн гэсэн цол хайрлаж, хэргэм зэрэг олгож, шүтэж дээдэлж ирсэн сайхан уламжлал ч гэсэн бий. Энэ хөндий ийм түүхийг туулж ирсэн дурсгалт газар аа. Энэ хөндий бас Монголын буддын шашин хөгжихийг харсан, бас хэлмэгдэж сүйрэхийг ч харсан газар юм.
Энд Автай сайн хаан буддын шашныг сэргээн, Очирваань бурхныг залж авчирч Эрдэнэзуу хийдийг байгуулж байсан. Та бүхэн сайн мэдэж байгаа байх. Очирваань бурхныг залж авчирч явахдаа ядраад хадан дээр тавьчихаад амарч байгаад буцаад босох гэтэл бурхан нь тэндээсээ салахгүй болохоор Автай сайн хан сэлмээ гаргаж ирээд дуртай цээж нь яваг, дургүй бөгс нь үлдэг гээд бүсэлхий дундуур нь тас цавчиж байсан түүхтэй. Бид шашнаа тэгж авчирсан. Монголчууд өөрсдөө амьдралынхаа муу муухайгаас тэгж зоригтой салж чаддаг байсан.
Цээж буюу юмны сайн талыг дэмжиж, шингээж авч явж чаддаг, дургүй байгаа бөгс бол бидний алдаа дутагдал, сул дорой чанарыг гээж чаддаг байсан байна. Тэр нь Автай сайн хантай холбоотой, алдаа дутагдлаа засахтай холбоотой түүхэн домог болж үлдсэн юм. Түүнээс юу гэж тэр бурхныг цавчаад явж байхав. Монголчуудынхаа харанхуй бүдүүлгийг цавчиж байсан байх. Тэгэхдээ гэгээрснийг нь авч явсан байх. Ингэж бурхан багшийн сургааль Монголд дахин дахин заларсны нэгэн түүх энэ юм.
Очирваань бурхан бол Монголын бурхан гэж Автай сайн хан авчирсан байдаг. Жанрайсаг бурхан бол төвдүүдийн бурхан, Мазушир бурхан бол хятадуудын бурхан. Тэгвэл Очирваань бурхан монголчуудын бурхан. Ингэж бид бурхантай болсон. Эр зоригийн бурхантай болсон. Монголчууд эр зоригтой улс. Жанрайсаг бурхныг нигүүлсэнгүй сэтгэлийн илэрхийлэл гэж ярьдаг.
Манзушир бурхныг оюун ухааны бурхан гэж ярьдаг. Тэгвэл эр зориг дотор нигүүлсэнгүй сэтгэл нь ч байгаа, аймхай хүн хэзээ ч эр зоригийг үзүүлж чадахгүй. Эр зориг дотор ухаан ч байгаа. Аймхай хүн хэзээ чухаантай байж чадахгүй. Тийм учраас ухааныг нь ч дотроо багтаасан, нигүүлсэнгүй сэтгэлийг нь ч агуулсан эр зоригийн бурхан Очирваань та бидний бурхан юм шүү. Энэ бурхан маань Хархорин Эрдэнэзууд анх заларсан юм шүү гэдгийг та бүхэндээ сануулъя.
Очирваань бурхны дуртай цээж нь яваг, дургүй бөгс нь үлдэг гээд цавчиж байсан Автай сайн ханы түүхийг сонсч байхад өөрийн эрхгүй бас нэгэн доиог санагддаг. Та бүхэн сайн мэднэ. Македоны Александр гэх их цэргийн жанжин Грек улсад мандаж, дэлхийг хүртэл эзэлж байсан түүхтэй. Эртний Грект Гордиев хэмээх зангилаа тайлсан домог байдаг. Тэр зангилааг тайлах гэж олон эрчүүд оролдож, чадалгүй амь насаа алдсан домогтой. Македоны Александр тэр зангилааг тайл, тайлж чадвал таныг агуу их хувь заяа хүлээж байна, чадахгүй бол амь насаа алдана гэхэд тэр Гордиев зангилааг сэлмээрээ тас цавцсан байдаг. Гэтэл бид өнөөдрийн энэ ээдрээтэй байдлын, хариуцлагагүй байдлын, ядуурлын, ажилгүйдийн, хээл хахуулийн зангилааг хэн нэгэнтэй нь эвлэрч биш, аль нэгэнтэй нь хөөцөлдөж биш, харин эр зоригийн сэлмээр, шударга ёсны сэлмээр, сонгуулийн сэлмээр тас цавчъя гэж энд хэлэлцэж тохиръё.
Энэ хөндийд Монголын буддын шашин дахин дэлгэрсний нэгэн түүхэн баримт Эрдэнэзуу хийд сүндэрлэн, биднийг, сүсэгтэн олныг хүлээж, буянаа түгээж, эрч хүчээ түгээсэн хэвээр байгаа. энд Өндөр гэгээн Занабазартай холбоотой түүхэн газар олон бий. Өндөр гэгээн Занабазар соёмбо үсгийг анх зохиосон. Соёмбо үсгийн язгуурыг хөөх юм бол “сояарху” гэсэн самгарди үгээс гаралтай гэж үздэг. “Сояарху” гэдэг үгийг гарлаар нь хөөх юм бол өөрөө өөрийнхөө хүслээр бүтсэн, өөрөө өөрсөө бүтсэн гэсэн утгыг илэрхийлсэн, ийм ойлголт.
Соёмбо гэдэг маань тэгэхээр өөрөө өөрөөсөө бүтсэн үсэг байх нь. Монголчууд өөрөө өөрөөсөө бүтсэн ард түмэн байх нь. Монгол Улс өөрөө өөрөөсөө хүслээрэ бүтсэн улс орон болж таарах нь. МАХН ч гэсэн өөрөө өөрийнхөө хүслээр бүтсэн, хэн нэгэн хүн нэрийг нь устгасан ч өөрсдийн хүслээрээ авч үлдсэн ийм нам байх нь. Үүнийг бид өнөөдөр зоригтой хэлэх хэрэгтэй. Тийм учраас бид соёмбо тэмдгээ өөрийнхөө туг, далбаан дээр залж авч явж байгаа юм. Гэхдээ энэ түүхийг ярьж байхдаа сайхныг нь санахын хажуугаар бас алдаа дутагдлыг нь санаж сургамж авах ёстой гэж би боддог юм.
Эв эе, эв нэгдлээ алдаж олон монголчууд хооорондоо дайтаж , амь насаа алдаж байсан тэр гашуун түүхийг бас дурсах ёстой. Өнөөдөр Монгол бас л эв нэгдэлгүй байна. Эв нэгдэлгүй байх тусмаа бид гадныхны гар хөл болдог, өөрийн бололцоог алддаг, хүн ардаа зовоодог. Эв нэгдлийг авчрахын төлөө МАХН 2016 оны сонгуульд ялах ёстой. Ардчилсан нам, Ардын нам байгаа, МАНАН болж нэгдээд ч энэ эв нэгдлийг авчрахгүй.
Яагаад гэвэл тэдний хуурамч, дүр эсгэсэн эв нэгдлийн цаана , тэдний хуурамч дүр эсгэсэн ардчиллын цаана асар их шунал, асар их зөрчилдөөн, асар их үзэн ядалт, асар их бие биедээ үл итгэсэн байдал байгаа учраас эв нэгдэл бийболохгүй байна. Тэгвэл бид аль алинтай нь зөвийг нь дэмжиж, бурууг нь шүүмжилж, засч залруулан ажиллаж жинхэнэ эв нэгдлийг Монголдоо бий болгоё. Тэгэхдээ аль нэгэнд нь хавчуулагдаж биш, эсвэл хэн нэгийг аялдан дагаж биш жинхэнэ өөрсдөө манлайлж, эв нэгдлийг бий болгоё гэж уриалж байна.
Дарга нар, ноёд өөрийнхөө хүүхдийг өргөмжилж Богд болгох гэж, хувилгаан болгох гэж оролдож байгаад дотооддоо эв нэгдлээ алддаг. Мухар сүжгийг дэлгэрүүлдэг. Бусдыг хараат байдалд ордог.
Хархорин хотод их ирээдүй байгаа гэж би боддог юм. Бид нэг хэсэг улсынхаа нийслэл болгох тухай асуудлыг ч ярьж байсан. Тэр сэдэв хэвээрээ байгаа. Улаанбаатар хотыг хөгжүүлье гэвэл аж үйлдвэрийн нийслэл нь Улаанбаатар хот байх нь оновчтой. Магадгүй Голландын жишгийг дагах юм бол манай шүүхийн байгууллага юм уу, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх зэрэг хуулийн байгууллагууд эртний сайхан уламжлалаа дагаж, 800 жилийн нийслэлийнхээ түүхийг бодож, Хархорин хотод хүрч ирж жинхэнэ шударгаар шүүх, шударга ёсыг тогтоох, иргэдийн шүүх болж хувирах ёстой гэж бодож байна.
Тийм цагийг цаашид бүгдээрээ эхлүүлж, 800 жилийн ойг тэмдэглэх үе буюу одоогоос таван жилийн дараа шийдвэл яасан юм бэ, энэ саналыг та бүхэндээ дамжуулж бас уриалж байна. Ингэснээрээ бид тасарсан түүхээ нэгтгэж, алдагдсан зүйлээ сэргээж, алдаа дутагдлаасаа сургамж авч, эв нэгдлийг илэрхийлж, Эзэн Чингисийнхээ байгуулсан нийслэлийг дахин амь оруулж, энд хөгжлийг бас бий болгох том алхмыг хийж болно гэж бодож байна.
Гэхдээ энд бас нэгэн эмгэнэлтэй түүхийг санаж болно. Монголчууд ухаантай ард түмэн. Гэтэл мухар сүсэглэж, гадныхны хэлсэн хуурамч үгэнд итгэх юм бол өөрсдийгөө хохироодог ийм гашуун түүхийг бид санаж байх болно. Та бүхэн санаж байгаа, Өндөр гэгээн Занабазарыг Бээжин хотод амь насыг нь хороосон. Хэн хороосон бэ гэвэл монгол хүн Доржзав хороосон гэж түүхчид ярьдаг.
Яагаад Доржзав Өндөр гэгээнийхээ амийг хороосон бэ, түүний хамгийн ойр дотны хүн байтлаа яагаад ийм зүйл хийх болов гэхээр Манжууд түүнд “Та нар Өндөр гэгээн Монголд төрөх ёстой гэж үзэж байгаа бол үүнээс илүү урт наслуулж болохгүй. Одоо л амийг нь хороо. Тэгвэл тэр Монголд эргэж төрнө. Чи Өндөр гэгээнээ Монголд дахин төрүүлэх гэж байгаа бол, одоо л аминд нь хүр” гэсэн ийм хачин тайлбар хэлж, түүнд нь монгол хүн итгэж, мухар сүсэглэж, харанхуй сүжиглэж, хамгийн хайртай, хамгаас хүндэтгэдэг Өндөр гэгээнээ Монголдоо төрүүлнэ гэж амь насыг нь хороосон байх.
Ийм эмгэнэлтэй түүхийг бид туулж ирсэн. Үүнийг би яагаад хэлж байна гэвэл, сүүлийн үед Х Богдыг төрүүлнэ гэж зарим хүмүүс хөөцөлдөж байгаа сураг сонсогдсон. Тэрийгээ ил тод хэлж ярихгүй, далдуур хөөцөлдөх хэрэггүй. Далд хөөцөлдөж байгаагийн учир нь нэг дарга өөрийнхөө хүүхдийг болгох гээд байгаа юм гэсэн. Энэ бас л гашуун түүх. Дарга нар, ноёд өөрийнхөө хүүхдийг өргөмжилж Богд болгох гэж, хувилгаан болгох гэж оролдож байгаад дотооддоо эв нэгдлээ алддаг. Мухар сүжгийг дэлгэрүүлдэг. Бусдыг хараат байдалд ордог.
Ийм түүхээсээ сургамж авч чадахгүй дахиад алдах гэж байгаа явдал байсаар байна. Тийм учраас бид энэ мухар сүжгийг арилгая. Жинхэнэ соёлыг гэгээрүүлье гэж үүнийг зориуд та бүхэндээ анхааруулж хэлж байгаа юм. Өнөөдрийн дарга нар, ноёд хүүхдээ Богд болгох гэж өргөл барьц барин гадагшаа, дотогшоо гүйж байна. Гадаадын хүнээр Монголын оюун ухааны удирдагчийг тодруулна гэж, тэгэхдээ бүр өөрийнхөө хүүхдийг тодруулна гэж улайран зүтгэж байна.
Энэ жижигхэн жишээ юуг харуулж байна гэвэл, өнөөдрийн дарга нарт өөр хийх юм алга, өөрийнхөө хүүхдийг Богдод тодруулахаар гуйж байгаа тэр дарга нар дотор өөрийн ард түмнийхээ зовлонг харж байгаа, ядуурлыг ойлгож байгаа, тийм оюун ухаан байхгүй байна, тийм сэтгэл алга гэдгийг харуулж байна. Дээдэс нь жаргасан, доодос нь зовсон орон болжээ. Ийм орныг дүр эсгэсэн ардчилал ноёрхсон орон гэж томъёолдог. Уг нь жинхэнэ ардчиллын үед бол дээдэс нь ажилдаа дарагдаж зовсон, доодос нь харин дээдсийнхээ зөв бодлогод жаргасан байхыг жинхэнэ ардчилал гэж хэлдэг.
“Дүр эсгэсэн ардчилал дарангуйллаас ч илүү аюултай” гэж Нобелийн шагналтан эмэгтэй манай оронд ирэхдээ хэлчихээд явсан. Тэр хүний үгийг хэдэн хүн сонссон бол. Манай намынхан сонссон. Өнөөдрийн төр, засгийн өндөр албан тушаалд ажиллаж байгаа хүмүүс сонсоогүй бололтой. Дүр эсгэсэн ардчилал гэж юу юм бэ, шударга бус явдал. эрх мэдлээ хэтрүүлэх. Жишээ нь Ж.Капла гэж гадаадын иргэн анхан шатны шүүхээр гэмт хэрэг хийсэн гэдэг нь тогтоогдоод, өөрөө давж заалдаж амжаагүй байхад нь тэр хүнийг уучлаад явуулчихаж байна.
Уг нь Үндсэн хууль болон бусад хуульд Дээд шүүхийн шийдвэр эцсийнх байдаг гэж заасан байдаг. Эцсийн шийдвэр гараагүй байхад уучлал үзүүлнэ гэдэг бол Үндсэн хуулийг ч, бусад хуулийг ч зөрчсөн гэсэн үг юм. Эрх мэдлээ хэтрүүлж байна гэсэн үг. Тийм учраас гаднаас ирсэн хүмүүсээс, гадаадын хүмүүсээс өөрийн хүүхдийг Богд болгох гэж гуйдаг, оролддог, хэлбэрдэх гэж оролддог ийм хүмүүс бидний дээр сандайлан суусан байна. Суух, суухдаа шударга бус сонгуулиар шургалан очиж суусан байна. Ийм шударга бус байдалтай эвлэрч чадахгүй учраас бид энд цугларсан юм.
Энд цуглаад зөвхөн бие биеэ магтах бус түүхээ эргэн харж, сургамж авах гэж, алдаа дутагдлаа хамтдаа ярьж, тэр алдаа дутагдлыг гаргаад байгаа урагшгүй нөхдөөс салах гэж өөрсдийн эрхийг эдэлж, 2016 онд жинхэнэ шударга сонгуулиар төр, засгийг байгуулах ажилд хандан ажиллаач гэдэг саналыг ард түмэндээ дэвшүүлэх гэж цугласан юм. Дүр эсгэсэн ардчилал гэж юу юм бэ. Хууль, шүүхийн байгууллагын ажилд хажуугаас нь хутгалдан оролцож, улстөрийн өрсөлдөгчөө, эсвэл улс төрийн хүчнийг хэлмэгдүүлэхийг хэлж байгаа юм.
Дүр эсгэсэн ардчиллыг Ардын нам, Ардчилсан нам аль нь ч засч чадахгүй юм билээ. Яагаад гэвэл МАНАН-гийн үед дүр эсгэсэн ардчилал Монголд буй болсон. Дүр эсгэсэн ардчиллыг жинхэнэ ардчиллаар МАХН л сольж чадна. Яагаад гэвэл бид ард түмэнтэйгээ холбоотой байгаа. Ард түмний нам, ард түмний нам болоод зогсохгүй энэ өөрчлөлтийг хийх эр зоригтой нам. Тийм учир ард түмний нам байхын тулд юу хийх вэ гэдэгт та бүхэнтэйгээ санал бодлоо солилцоё гэж бодлоо. Өнөөдөр ард түмний нам байхын тулд юу, юу хийх вэ гэдэгт урьдчилж та бүхэнд ярьж хэлэх байсан хүмүүс тодорхой шалтгааны улмаас ирж амжсангүй. Тиймээс би энэ санаа бодлыг хэлчихье гэж бодож байна. Гэхдээ товчхон хэлье.
“Эвтэй гудамж” төсөл хэрэгжүүлье гэж бид бодож байгаа. Учир нь ядуу, зүдүү ард түмэн маань заавал дарга нараас гуйж амьдралаа өөд татахын төлөө зүтгэх хэрэггүй. Тэр болгон үр дүн гарахгүй байна. Ийм байдал байгаа учраас “Эвтэй гудамж” төсөл хэрэгжүүлж, бид ард түмэнтэйгээ хамт ядуу зүдүү амьдралыг давахын төлөө ажиллана гэсэн үг.
Тухайлбал, өнөөдөр нэг айлд газар, хашаа бий. Магадгүй хуучин ч гэсэн унах унаатай байгаа. Тэгэхээр өөрийн өмчтэй боловч бүртгээгүй, баталгаажуулаагүй учраас тэр хүн өмчөө үнэлүүлж чаддаггүй, ямөр өмчтэй вэ гэдгээ мэддэггүй учраас эдийн засгийн эргэлтэд оруулж, тодорхой орлогын эх үүсвэр болгож чадахгүй байгаа юм. Тиймээс ганцаараа хийж чадахгүй байгаа бол хөрштэйгээ хамтраад хийх боломж бий. Өөрөөр хэлбэл, 100 айл хамтарч нэгдэн энэ төслийг хэрэгжүүлбэл ач холбогдолтой. Учир нь тэдгээр айлуудад янз бүрийн мэргэжилтэй хүн бий.
Тэдний бичиг баримтыг бүрдүүлэн бүртгэлжүүлэн баталгаажуулвал бизнес эрхлэх хөрөнгийн эх үүсвэр босгох боломжтой. Тухайлбал, нэг айл таван сая төгрөгийн өмчтэй байхад 100 айлын хөрөнгө 500 сая төгрөг болно. Ингэж санхүүгийн эх үүсвэрээ босгох боломжтой. Магадгүй ямар бизнес эрхлэх вэ гэх байх. Эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн дунд нэг үсчин байна. Эмэгтэйчүүдийг сайн хэлж мэдэхгүй байна.
Харин эрчүүд сард хоёр удаа үсээ засуулна. Тэгэхээр нэг удаа үс засахад 500 төгрөг гэвэл 1000 төгрөг болно. Хамтарсан хүмүүсийн 220 нь эрэгтэй гэж бодвол сард 220 мянган төгрөг олж болох нь. Энэ бол хамгийн багаар бодсон тооцоо. Өөр бусад маш олон асуудал бий. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж бухимдахын оронд дундаасаа нэгийгээ сонгон цалинжуулаад ажиллуулж болно. Мөн зоорь ухан намар махны үнэ хямд байхад нөөцлөөд хавар нь ахиу үнээр зарж болно. Түүнчлэн “Эвтэй гудамж” төслийнхөн дундаа нэг бие засах газартай байх боломжтой.
Гэхдээ айл бүр өөрийн гэсэн ордог талбайтай. Нэг гэсний учир нь бохирыг нь нэг машинаар соруулах боломжтойгоор шийдэж болох юм. Энэ мэтээр энэ төслийг хэрэгжүүлснээр ард түмэнд тусалж байгаа хэрэг. Тэдэнд орлогоо хэрхэн нэмэгдүүлэх, боломжоо хэрхэн ашиглах вэ гэдгийг зааж өгнө. Ийнхүү хамтарч ард түмнийхээ амьдралыг өөд нь татсанаар бидэнд итгэнэ.
Өнөөдрийн байдлаар би болон бид мундаг шүү гэдэг үгэнд ард түмэн итгэхгүй. Магадгүй бидний хувьд болох байх. Би ч гэсэн шагнуулах нь надад сайхан санагдаж байна. Гэхдээ бид ирэх жилийн сонгуульд ийм маягаар оролцож ялалт байгуулахгүй. Тиймээс бодитой дэмжлэг туслалцааг үзүүлэхийн тулд, 2016 оны сонгуульд ялахын тулд “Эвтэй гудамж” төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй юм. үүний төлөө бид энд цугласан, энэ ажлаа хэрэгжүүлэхийн тулд цугласан байгаа. Би залуучууд, оюутнууд, эмэгтэйчүүд, ахмадуудаа гал цогтой байгаад нь баярлаж байна.
Тэгэхээр залуус, эмэгтэйчүүд маань хамгийн хүнд хэцүү байгаа аймагт томилолтоор нэг сар ажилла. Хэн нэгнийдээ ирээд амьдраад үз. Яагаад гэвэл, Улаанбаатараас ирчихээд сайн сайхан юм ярих нь бидний ажил биш. Хэцүү байгаа газрынхаа ажлыг сэвхийтэл өөд нь татаад гаргачих. Биднийг зорьж очихгүй бол тэд ирэхгүй. Зөвхөн биднийг ирэх болов уу хэмээн хүлээж байгаа. Магадгүй нэг удаа очиход хаалгаа тайлж өгөхгүй байж болно. Дараа дахиад очиход чинь оруулах л болно. Бид айлаар хонож, чин сэтгэлээсээ тусалсан цагт ард түмэнд итгэл үзүүлнэ. Тэгж ажиллахгүй бол бид амжихгүй.
Хэрэв чадахгүй гэвэл монгол сөнөнө. Өөр сэдэв байхгүй. Тиймээс өнөөдөр өмнө нь ярьж байгаагүй сэдвээр ярилцлаа. Энэ санааг та бүхнээс харж Тэрбишдагва даргатай зөвлөж байсан. Эхний ээлжинд хангайн бүсийнхэн цуглаад ажил нь доголдсон аймгийнхаа төвд очоод мянгатаа сэргээсэн шиг сэргээхийн төлөө ажиллая. 1000 гишүүнтэй, 10 мянган дэмжигчтэй болтол нь ажиллая. Бүх зүйл өөр болоод ирнэ. Хүн хэдий мундаг, чадвартай байлаа ч бүхнийг мэдэгч биш. Миний хувьд олон алба хашиж байсан ч мэдэхгүй юм надад бий. Ард түмэн надаас илүүг мэддэг.
Тэгэхээр дунд нь байж суралцах хэрэгтэй. Ардчилсан нам яахав тугаа мандуулаад дээгүүр нисэж л байг. МАН ард түмнээсээ айгаад хордоод, хор найруулаад, албан тушаал булаацалдаад сууж л байг. Харин бид ард түмнийхээ дунд орж тэдэнтэйгээ хамт амьдраад үзье. Дээр үед илгээлтийн эзэн гэж байдаг байсан. Үүнийг сэргээж болно. Магадгүй хуучинсаг гэх байх. Тэгвэл өөр гоё нэр өгье. Түмний итгэл, Түмний түшиг гэж болох юм.
Өнөөдөр хангайн бүсэд энэ ажлыг хийх аргачлалаа тохирч чадвал манай нам жинхэнэ ард түмний нам болно. Бусад намууд нийслэлд төвлөрдөг бол бид хөдөө рүүгээ явдаг больё. Бид төрийн бус байгууллагаас хаана хэцүү байна тэр газар очиж уулзаж, хамтдаа асуудлаа шийдэх санал гаргаачээ гэж хүсэх байна. Айлын хаалга тогшоод танд юу хэрэгтэй байна бид дэмжиж тусалъя. Усыг чинь аваад өгье, модыг чинь хагалаад өгье гэхээр хүмүүс эхлээд гайхна. Яагаад гэвэл, өмнө нь хэн ч хэзээ ч үүнийг хийж байгаагүй юм. Юун хүмүүс хаанаас ирэв гэхээр МАХН-ын гишүүд байна гэхээр чинь ард түмэн мэддэг болно. Ийм замаар ард түмэнтэйгээ ойр байж “Ард түмний нам” больё хэмээн та бүхэндээ хандан уриалмаар байна.
Ингэж байж бид нэг хүний халаасанд байгаа ардчиллыг ард түмэндээ авч өгнө. Хааяа гарч ирэхдээ ардчилсан Ерөнхийлөгч хэмээн өөрийгөө өргөмжилчихөөд дампуу байгааг нь дүр эсгэсэн ардчилал гэж нэрлэсэн байна. Ардчиллыг Ц.Элбэгдоржийн гараас салгаж ард түмэндээ өгсөн цагт ардчилал жинхэнэ ёсоороо сэргэж, муу муухай юм алга болно. Тийм учраас ирэх оны сонгуулиар бидний дэвшүүлж байгаа зорилго ардчилалыг дундын өмч болгох явдал. Үүнтэй холбоотойгоор саналаа хэлье. Үнэгүй боловсрол эзэмшүүлэх талаар хүмүүс ярьж байна.
Тэгвэл төрөөс дээд боловсролын зардлыг үе шаттайгаар даадаг больё. Учир нь Баян-Өлгий аймагт ажиллаж байх үед нэг айл гурван хүүхдийн эх сургуулийн зардлыг дийлэхгүй байгаагаа хэлж байсан. Тэд төрөөс дэмжлэг үзүүлэх боломжийг эрэлхийлж байсан. Тэгэхээр нэг айлын гурван хүүхийн төлбөрийг төр даахад хэцүү байх. Тэгвэл нэг хүүхдийнх нь төлбөрийг дааж болно шүү дээ. Олон хүүхэд төрүүлсэн эх хүн хүүхдүүдээ боловсролтой болгох хүсэл, мөрөөдлийг боомилж болохгүй.
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийж болно. Эхлээд оношилгооны төлбөрийг төрөөс даая. Мөн өрхийн эмнэлэгтэйгээ ойр ажиллая. Өрхийн эмч бидний хамгийн дотно найз байх ёстой. Бид хамтдаа өвчтэй байгаа хүмүүстээ анхаарал халамж тавья. Манай намын хөдөө томилолтоор явж байгаа хүмүүс өрхийн эмч, сургуулийн захирал, нийгмийн ажилтантай нь тулж ажиллах хэрэгтэй. Нийгмийн халамжийн хүмүүстэй очиж уулзах хэрэгтэй. Тэгж байж манай намыг ярьдаг биш ард түмнийхээ дунд орж, ажилладаг юм гэдгийг ойлгоно.
Төмөр замын талаар бодож яваа зүйл бий. Манай намаас “Мянганы төмөр зам” гэсэн санаачлага гаргаж байгаагаа хэлсэн. Ховд аймгаас Дорнод хүртэл Хархорингоор дайруулаад төмөр зам тавих хэрэгтэй гэж бодож байна. Ингэж байж хөдөөг хоттой ойртуулж, хөгжлийг авчирна. Өөрөөр хэлбэл, хурдан галт тэргээр Ховдын шийгуа авч 1500 км газрыг 10 цагийн дотор туулах болно. Магадгүй таныг унтаад сэрэхэд л ирчихсэн байна. Ийм хурдыг бий болгож байж Монгол улс хөгжинө. Үүний тулд зам, дэд бүтэц хөгжсөн байх учиртай. 3500 км төмөр зам барихын тулд хөрөнгө мөнгө хэрэгтэй.
Тавантолгой, Оюутолгой төслүүдээс босгох боломж бас бий. Сүүлийн үед Тавантолгой, Оюутолгой төсөл хамгийн их анхаарал татаж байгаа асуудал. Цаашид ч ийм байна. Манай нам 2012 онд маш зөв бодлого баримталсан. Одоо ч тэр бодлогоосоо ухрах ёсгүй гэж боддог. Энэ юу вэ гэхээр дундын өмч. Өмчийг хоёр хувааж болно. Хэний ч оролцоогүй бий болсон өмчийг дундын өмч болгоё. Тэнгэр, агаар, салхи, ус бол дундын өмч. Харин байшин, хашаа, гэр, машин хувийн өмч. Үүнтэй нэгэн адил Тавантолгой, Оюутолгой дундын өмч. Эдгээр төсөл дундын өмч болсон цагт бид ядуурал гэдэг үгийг мартана. Энэ том төслийг цөөн хэдхэн хүн авч байгаа цагт бид ядуурлаас хэзээ ч салахгүй. Байнга байгалийн баялгийн хараалтай ард түмэн байна.
Яагаад гэвэл, буруу менежментээр, цөөн хэдэн хүн авч явснаас байгалийн баялгийн хараалыг тусдаг. Бид ийм байдалд орсон байна. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүний үндэслэлгүй санаа биш гэдгийг хэлье. Та бидний ярьж байгаа мөрөөдөл биш. Үүнийг эрдэмтэд судлаад гаргасан. Тэр дундаа Америкийн эмэгтэй эрдэмтний гаргасан мэргэн санаа. Тиймээс та бид хамтдаа Оюутолгой, Тавантолгойн эзэд. Түүнээс хэн нэгний өмч биш. Түүнийг тойрон хүрээлэгчдийнх ч биш. Эцэст нь энэ бодлого хэвээр үргэлживэл, ард түмэн хоосон үлдэнэ. Бид социал демократ үзэлтэй юм бол хэт ядуу эсвэл хэт баян хүнгүй, чинээлэг дундаж давхаргийг бий болгох хэрэгтэй. Чинээлэг дундаж давхарга Тавантолгой, Оюутолгойн эзэд байх учиртай.
Тийм учраас манай намын сонгуульд оролцох хөтөлбөрт Тавантолгойг ард түмэнд өгье. Ардчилал, хөгжлийг ч мөн ялгаагүй ард түмэндээ өгье гэдэг зорилт тавьж байна. Эцэст нь хөгжлийн үр ашиг ард түмэнд очих ёстой юм. Энэ тухай МАН, АН-ын гишүүдэд хэлээд үзэх хэрэгтэй. Ардчилал нийтийн өмч гэхээр бухимддаг, Ардчилсан намын өмч гэж үздэг нөхөд бий. Хэрэв ардчилал ганц АН болон Ц.Элбэгдоржийн өмч гэвэл манай улс ардчилалгүй гэсэн үг. Энэ бол ухамсарт шинэ санаа. Ардчилал, байгалийн баялаг ард түмний өмч гэдэг нь хувьсгалч санаа. Төрийн болон хувийн өмч байна гэх нь бий. Төрийн өмчийн цаана хээл хахууль байдаг гэдгийг хүмүүс мэднэ.
Бид хээл хахуульгүй, хувийн өмчтэй цөөн хэдэн хүнтэй, хэт ядууралд орохгүйн тулд байгалийн баялгаа ард түмэн өгөх хэрэгтэй. Тавантолгойгоо ард түмэнд авч өгөх ёстой.
Эцэст нь бүгдээрээ хөдөө амьдарч байгаа ард түмнийхээ гэрт очиж ажиллая. Тэднийхээ туулж байгаа мьдралыг биеэрээ мэдэрье. Тэдэнд тусалъя. Түүнээс зүгээр биесээ хөөргөн, манай намд бололцоо бий гэж ярьснаар ялалт байгуулахгүй. Боломж гэдэг нь ард түмэн бидэнд саналаа өгөх гээд байгаагийн илрэл. Тэгэхээр энэ саналыг авах хэрэгтэй. Гэхдээ шударгаар авах ёстой. Гэтэл өнөөдөр хар хайрцгийг нь барьж яваад, сонгуулийн хуудсыг нь луйвардаж авч байна. Энэ мэтчилэн буруу арга хэрэглэж байна.
Жинхэнэ ардчиллын арга бол ард түмэн өөрийн хүслээр саналаа өгөх учиртай. Өөрөөр хэлбэл, нэг тойрогт 56000 хүн амтай гэж бодвол 28000 хүний санал авахад л бид ялалт байгуулж байгаа хэрэг. Үүний тулд тэдгээр хүмүүсийн гэрээр орж ярилцах ёстой. Ер нь өдөр тутамдаа хийсэн ажил хувьсгал болдог. Түүнээс хувьсгалыг буу, шийдэм барьснаар хийдэг зүйл биш. Туг мандуулж, байшин шатаахыг ч хувьсгал гэхгүй. Япон, Солонгос, Хятад улсыг харж байхад өдөр тутам ажиллаж байж хувьсгалт өөрчлөлтийг хийж чадсан. Үүний тулд өдөр болгон хөдөлмөрлөх хэрэгтэй.
Манай намын тухайд хувьсгал хийхийн төлөө өдөр бүр хөдөлмөрлөдөг байх учиртай. Буу барьж, шүлэг уншиж, дуу дуулснаар хувьсгал гарахгүй. Мөн Н.Энхбаяр 600 цагдаад баригдаж явах нь ч хувьсгал биш. Хамгийн гол нь ирэх сонгуулиар ялалт байгуулахын тулд уйгагүй ажиллах хэрэгтэй. Биеийн амрыг бодож, мурийтай тоглоод, архи дарс эргүүлвэл ард түмэн бидэнд итгэхгүй. Өнөөдрийн төр, засгийн дүр төрх ингэж л харагдаж байна.
МАХН ард түмэн дотроос төрье. Хэн нэгэн зааланд суудаг хүний зөвшөөрлөөс гарсан нам биш. Ард түмнээс гарсан учраас тэдэнтэйгээ холбогдож, хамтарч ажиллах учиртай. Ийм энгийн болоод зайлшгүй хийх ажлын талаар та бүхэнтэй ярилцлаа. Үүнийг ажил хэрэг болгох учиртай. МАХН 2016 оны сонгуульд ард түмэнт
URL: